Хууль зүй, дотоод хэргийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 17-18 өдрүүдэд Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр ХЗДХ-ийн Сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 харьяа агентлаг, байгууллага 50 орчим төрлийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь үзүүлэх юм.
Хил хамгаалах ерөнхий газрын хувьд хилийн зурвас бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгохоос гадна архивын бүх төрлийн үйлчилгээ, өргөдөл гомдол, байгууллагын хүний нөөц болон боомтын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Мөн гэрээт хилчний талаар тодорхой ойлголт өгч хугацаат цэргийн алба хаагчидтай утсаар яриулах, хил нэвтэрсэн лавлагаа олгох зэрэг үйлчилгээ явуулж байна.
Дашрамд дуулгахад ХЦДБЧ-ын уран бүтээлчид урлаг соёлоор үйлчилж, Хил хамгаалах байгууллагын уламжлал, шинэчлэлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, ном товхимолыг дэлгэн үзүүлж монгол улсын хилийн түүхийг иргэдэд таниулж байгаа юм.

 

Тус өдөрлөгийн хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас  ОӨУБЕГ-аас иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөхөөс гадна зарим үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна. Тодруулбал, шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгүүлэхэд бүрдүүлэх, зохиогчийн эрх, аж үйлдвэрийн өмчийн эрх,эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн баримт бичгийн талаар мэдээлэл өгч, бичиг баримтаа бүрэн бүрдүүлж ирсэн тохиолдолд гэрчилгээг газар дээр нь олгож байна. Харин Иргэний бүртгэлийн газраас гадаад паспортын сунгалт, шинээр олголт, шинээр төрсөн хүүхдийн төрсөний гэрчилгээг олгох зэрэг үйлчилгээг үзүүлэх юм. Нээлттэй өдөрлөгийн үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү болон холбогдох албаны төлөөлөл 2017.05.09-ний өдөр буюу ялалтын баярын өдөр мэндэлсэн, Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Чинбаярын Бат-Ялалтад төрсөний гэрчилгээг гардуулан өглөө. Мөн иргэдэд голомт банкны пос машинаар үйлчилж, төлбөр хураамжийг авч байна. 
Түүнчлэн иргэдэд ТҮЦ машинаар үйлчилж, дараах лавлагаа мэдээллийг өгнө. 
Үүнд:
-Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа 
-Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа 
-Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа 
-Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа 
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт 
-Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа 
-Төрсний бүртгэлийн лавлагаа 
-Иргэний үнэмлэхний лавлагаа 
-Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
Та бүхнийг хүрэлцэн ирж, мэдээлэл үйлчилгээ авах боломжтой юм байна. 

Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд маргааш Гадаадын иргэн харьяат, ШШГЕГ, ЦЕГ-ууд хариуцсан чиглэлээрээ иргэдэд үйлчлэх юм.