Ж.Батсуурь та  БСШУС-ын сайдын суудалд тухлаад нэг жилийн нүүрийг үзэх гэж байна. Та бол монголын ирээдүйг гартаа атгасан сайд. Та ямар бодлого боловсруулж, шийдвэр гаргана Монголын боловсрол тийм байна гэсэн үг.

Хэрэв та мэдэж байгаа бол сүүлийн хоёр сарын хугацаанд хүүхдүүдийн сурах эрх зөрчигдсөөр байгааг  тэд бол тэдний төлөө сэтгэлээ чилээгч ТББ-ынхан эрхэм сайд танд хандаж байна. Хүмүүсийн тодотгон хэлдэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн сургалтын материал, чадварлаг боловсон хүчин хэрэгтэй байгааг тэд хэлж, ойлгуулахын хүсэж, уриа лоозон барин танд үгээ хүргэхийг хүсчээ.

Энэ бол тэдний эсэн мэнд амьдрах, сурч боловсрох, нийгмийн амьдралд эрх тэгш оролцох эрхийн төлөөх тэмцэл. Шоу биш. Тэд хардаггүй, сонсдоггүй ч сурах таатай орчин, чадварлаг багш нарыг бэлтгэж өгөхийг л хүсч байна.

 Хамгийн сүүлд  Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос  Төрийн ордны гадаа жагсаал зохион байгууллаа. Тэд төрийн өндөрлөгүүд болон БСШУС-ын сайдад удаа дараа шаардлага хүргүүлсэн ч үл тоомсорлож буй учраас тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болсноо мэдэгдэв.

Хараагүйчүүдийн үндэсний холбооноос хараагүй хүүхдүүдийн боловсрол эзэмшиж буй орчин нөхцөлийг сайжруулах, 116 дугаар сургуулийг БСШУСЯ-ны харьяа болгох, сургуулийн удирдлагыг солих шаардлагыг тавиад буй. Харин энэ шаардлагад нь БСШУСЯ товлосон хугацаанд нь хариу өгөөгүй аж. Тиймээс БСШУС-ын сайд Я.Батсуурь таныг хараагүй хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд хайхрамгүй хандаж байна хэмээн үзжээ.

 Шаардлагыг нь үл тоомсорлосон учраас тэмцлийн дараагийн шатанд шилжиж, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөлөл өлсгөлөн зарлахаа мэдэгдэв. Гэвч энэ ч бас шоу биш.

 Үүнээс яг сарын өмнө Нийслэлийн 29-р тусгай сургуулийн сонсголгүй сурагчид багш нар, сургуулийн захиргаандаа эсэргүүцэл илэрхийлэн, жагсаал зохион байгуулсан.

Тус сургууль нь сонсголгүй хүүхдийн улсын хэмжээний цор ганц сургууль. Гэтэл  сонсголгүй сурагчид болон нийт сонсголгүй иргэдийн дохионы хэл, сонсголгүйн соёл, хүртээмжтэй орчин зэрэг язгуур эрхийг үл хүндэтгэн дохионы хэлээр бус амаар хичээлээ заадаг. Улмаар сурагчид хичээлээ ойлгодоггүй гэдгийг хэлж байв.

Тэгэхээр эрхэм ноёнтон Ж.Батсуурь сайд аа, дунд сургуулийн дүр зураг нэг иймэрхүү. Гэтэл та яагаад чимээгүй байна вэ? Тэд хардаггүй, сонсдоггүй ч бусдын адил сурч боловсрохын хүссэн. Нэг үгээр тэд ерөнхий боловсролыг бусад хүүхдүүдийн адил арга зүй, хөтөлбөрөөр хүлээж авах боломжгүй байгааг та ойлгож, бодлого шийдвэрээ энэ чиглэлд хандуулвал яаж байна.