Монголчууд ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан цагаас хойш тав дахь Ерөнхийлөгчийнхөө нүүрийг үзэх гэж байна. “Төрийн сүлд өршөө” хэмээн залбирдаг  Монголчууд өнгөрсөн хорин долоон жилийн хугацаанд хэнийг төрийн тэргүүнээрээ  залав. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат хээгүйгээрээ алдартай, удаах Ерөнхийлөгч Н.Багабанди хийгүйгээрээ  зартай байсан. Зах зээлд шилжих үеийн эдийн засгийн хямрал, олон намуудын хагарал тэмцэл эхэлсэн улс төрийн бужигнаантэй энэ үед П.Очирбат, Н.Багабанди нар Эв нэгдлийн бэлэг тэмдэг байх тэр үүргээ биелүүлсэн.Гэвч хамасалтай нь ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарын тухай иргэдийн сэтгэдэл 2005 оноос хойш тэс өөр болж эхэлсэн гэхэд болно.



Сүүлийн 12 жилийн хугацаанд Монголын ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг, Монгол Улсын нүүр царай болсон Монгол төрийн тэргүүний үнэлэмж илт унаж, тэдний алдаатай үг, анзааргагүй байдал, амин хувийн ашиг сонирхол, авгай хүүхнүүдийнх нь хэл ам төрийн тэргүүн гэх эрхэм нэрийг хөсөр унагаад байна. 

Н.Энхбаяр... Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тэр цагаас хойш л төрийн тэргүүний тухай таагүй мэдээлэл хаа сайгүй хөвөрч эхлэв. Тэргүүн хатагтай О.Цолмон 11-р хороололд тусгай байр засуулж, намын залуучуудыг нэг нэгээр нь дуудан үүрэг өгч, загнаж зандарч, МАХН-ын том эрх мэдэлтэн мэт дураараа авирлаж, “Мон Эн Ко” хэмээх компаний Хятад, Хонгконг эзэдтэй сүлрэх болсон гэдэг мэдээлэл тарсан. Тагнуулын Ерөнхий газарт зөвлөх гэдэг албан тушаал дээр очиж үзсэн тэргүүн хатагтай өөрийн гэсэн “тагнуул”-ын бүлэгтэй болохыг санаархаж байсан гэдэг. Харамсалтай нь тэр тагнуулын бүлэг биш ховчдын бүлэг байгуулж, энд тэндээс ирсэн элдэв худлаа үнэн нь тодорхой бус мэдээллээр төрийн тэргүүн нөхрөө “угжиж” Н.Энхбаяр гэдэг хүн хардлага, сэрдлэгээр амьдардаг болсон. Намын нөхөдтэйгээ ч эв зүйгээ олохоо больсон Н.Энхбаярын авилгал, хээл хахуультай холбоотой хэргүүд ар, араасаа цувран босч ирэв. 2008 оны сонгуульд ард түмэн түүнд итгэл хүлээлгэсэнгүй. Хэт аминч, хэт дарангуйлагчийн төрхтэй болсон Н.Энхбаярт энэ ялагдал асар их өс хонзон авчирсан. Үүнтэй зэрэгцэн Н.Энхбаярын гэх тодотголтой, авилгал, хээл хахуулийн хэргүүд ар араасаа дэлгэгдсэн. Уншигчид бүгд нарийн тодорхой мэдэх учраас олныг нуршаад яахав. Ямартай ч Монголын экс Ерөнхийлөгч авилгалын хэргээр бор оймстой хөлөө гозолзуулан шорон руу ачигдаж, цагдаа нарынхаа өөдөөс  салаавч гаргаж байгаа бичлэг дэлхий нийтэд  тарж, энэ тухай мэдээллийг Их Британий "Би Би Си" агентлаг,"Нью Йорк Таймс" сонин гээд мэдээлээгүй мэдээллийн агентлаг, сонин хэвлэл үлдээгүй. 



Н.Энхбаярын араас Ц.Элбэгдорж төрийн тэргүүний суудалд заларлаа. Дахиад л нам дагасан хэрүүл, авилгал, хууль хяналтынхантай холбоотой хэрэг, болчимгүй үг, бодлогогүй үйлдэл Монгол төрийн тэргүүнээс салсангүй.

“Рио Тинто”  компани 2011 оны есдүгээр сард Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн ТББ- д зориулж 3 сая хүртэл ам.доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан гэдэг мэдээллийг УИХ-ын гишүүн Ө.Уянга зарлав. Мөн төрийн тэргүүний “Рио Тинто” компаниас байр авсан тухай мэдээлэл дэлгэгдэв.  “Монгол улсад үлэмж их татвар төлөлгүй нуун дарагдуулсан Жастин Капла нарын этгээдүүдийг хууль зөрчин өршөөж, улсад үлэмжхэн хохирол учруулсан”, “Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгоогүй эрхийг эдэлж ГХЯ, ТЕГ, АТГ болон хуулийн байгууллагын бусад томилгоог Засгийн газраас булаан авсан”,“Байнга төвийг сахих бодлого” гэгчийг дур мэдэн зарлаж Монгол Улсын гадаад бодлогод ноцтой хохирол учруулсан” гэх мэт асар их хэл ам...Тагнуул, Авилгатай тэмцэх газруудад шалгагдсан хэргүүд, түүнийг захиалагч нь  Ц.Элбэгдорж гэх сэтгэл хирдхийлгэсэн хардлаг, сэрдлэг. АН доторх том бизнесийн бүлэглэлүүдийн өш хонзон зангидсан мэдэгдлүүд... Ерөнхийлөгчийн дайрч давшилсан хорон үг... Төрөө дээдэлдэг, төрийн сүлд минь өршөө хэмээн  залбирдаг түмний итгэл рүү ус цацсан. 

Сүүлийн 12 жил Монголчууд төрийн тэргүүнийхээ талаар муу мэдээлэл сонсож, энэ хэрээр төрдөө итгэх итгэл нь нимгэрсээр байна.



Харин өнөөдөр бид шинэ сонголт хийх цаг тулгараад байна. Өнгөрсөн 27 жил Монгол төрийн тэргүүн монголчуудийн нийгэм улс төрийн амьдралд хэр их нөлөөтэйг харуулсан. Тиймээс энэ сонголт бол алдаж асгаж болохгүй сонголтын өмнө ирээд байна. Нэр хүндтэй ноён нуруутай, амин хувийн эрх ашгийг биш ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг, гадаад нэр хүндтэй, элдэв бохир хэл амнаас ангид бас илүү дутуу зан аашгүй, элдэв гэмт хэрэгтнүүдтэй орооцолдоогүй тийм л хүн төрийн тэргүүн гэх өндөр дээд суудалд гарч ирэх хэрэгтэй байна. Сэргэх гэж ядарч байгаа сульдаанд орсон эдийн засагтай, сэтгэлд нь айдас, болгоомжлол хурсан хөрөнгө оруулагчтай, төрдөө итгэх итгэл нь нимгэрсэн ард түмэнтэй, хөгжлөөрөө хоцорч, хэрүүлээрээ уралддаг, албан тушаалаа ашиг хонжоо олох хэрэгсэл гэж хардаг улс төрчидтэй Монгол төрийн тэргүүн хэн байхаас бидний цаашдын ирээдүй хамаарна. Алдах эрхгүй сонголтын өмнө Монголчууд зогсож байна.

Ж.Сондор

www.shuum.mn