Зуны дэлгэр цаг эхлэхтэй зэрэгцэн сургууль, цэцэрлэгүүд амардаг. Чухам энэ үед цоожтой хаалганы цаана гэртээ хүүхдүүд үлддэг. Хэдийгээр эцэг эхчүүд ээлжийн амралтаа аваад гэртээ хүүхдүүдээ ээлжилж хардаг ч гэсэн ээлжийн амралтын бус цагаар мөн л цоожлуулаад үлддэг. Хөдөө орон нутагт хамаатантай хэд нь азаар эрүүл агаарт хөдөө зуны амралтаа өнгөрөөж байна. Тэгвэл яг ийм үед төр засгаас тодруулбал, бодлого тодорхойлдог яам нь зуны сургууль, цэцэрлэгтэй болгох ажилд анхаарлаа хандуулмаар байна.

Өнөөдөр байгаа хэд нь бүгд хувийн сургууль цэцэрлэг. Тэд нар нь баячуудын хүүхдүүд явахад л зориулсан гэмээр агаарын үнэтэй. Харьцангуй бага төлбөртэй нь ачааллаа дийлэхгүй байх жишээтэй. Бага төлбөртэй сургууль, цэцэрлэгт хүүхдээ өгөх гэхээр  залуу гэр бүлийн хувьд дийлэнх нь лизингтэй тул боломж бололцоо байхгүй.

Бага ангийн сурагчдын хувьд биеээ даах нас нь арай болоогүй тул гэртээ ганцаараа дүү нараа харна гэдэг бас л чанга асуудлын нэг. Зуны өдөр өнжүүлэх төв ажилладаггүй. Тэгэхээр зуны даалгавраа хийнэ гэдэг “үлгэр” болж байгаа юм.

Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх боломж нь зуны сургууль цэцэрлэг. Уг нь саяхан даа зуны цэцэрлэг байгуулах ажлыг зохион байгуулж, туршиж байсан. Хоол унд нь энгийн үеийг бодвол хоёр дахин их мөнгө төсөвлөгдөж байсан болохоор эцэг эхчүүд талархан хүлээж авч байв. Гэвч нам засаг солигдсон болохоор энэ ажил урагшилсангүй.

Хэрвээ АН-ын ажлыг МАН үргэлжлүүлэхгүй гэж байгаа бол зүсийг нь хувиргаад үргэлжлүүлж болно. Тухайлбал, аль нэг дүүрэгт ойролцоо байрлах төрийн гурван цэцэрлэг нийлээд нэг нэг сараар хүүхдүүд хүлээж аваад байх боломжтой. Яг ийм зохицуулалтыг ЕБС-ийн бага ангиуд ч гэсэн хийгээд байх боломжтой.

Зун болохоор хүүхдүүд гэрийнхээ ойр орчимд аваар осолд өртөх нь элбэг байдаг. Ядаж ийм эрсдэлийг тооцож зуны сургууль цэцэрлэгтэй болмоор байна. Энэ асуудалд УИХ-ын эмэгтэй гишүүд анхаарлаа хандуулж санал санаачилга гаргаад, түүнийг нь Засгийн газар нь хэрэгжүүлээд жишиг тогтоочихвол олон хүн баярлах болно.

Хүүхдүүдээс 20 000  төгрөг харамласан бол ядаж тэдний  аюулгүй байдлын төлөө анхаарч зуны сургууль, цэцэрлэгтэй болоход анхаарна уу. Сэтгэл байгаад зүтгэл гаргавал төр менежерийн үүргээ гүйцэтгэхэд л хангалттай юм.