Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан  нийслэлийн Засаг даргын Тамгын  газраас Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Бадам, Д.Лхагвадорж нарын гэрт цахилгаан халаагуур суурилуулсан байна. Нийслэлийн Засаг дарга  С.Батболд, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нарын албаны хүмүүс 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр цахилгаан халаагуур суурилуулсан айл өрхүүдээр орж иргэдийн санал, хүсэлтийг сонссон юм.

Энэ үеэр хотын дарга С.Батболдод Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  Чингэлтэй дүүрэгт сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, утааг багасгах зорилгоор хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл өгсөн юм. Бүрэн шаталттай зуух, гэрийн дулаалга, усан халаалтын зуух, цахилгаан болон хийн халаагуур зэргийг давхардсан тоогоор  29 мянга гаруй өрхөд өгсөн байна.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Сургуулийн 35-712 тоотод амьдардаг Б.Бадамх 8х8 харьцаатай байшингаа нүүрсээр галладаг,  жилдээ 400 мянга гаруй төгрөгийн нүүрс түлдэг. Тэднийд ХБНГУ-ын “Stiebel Eltron” фирмийн шөнийн дулаан хадгалагч төхөөрөмж өгсөн бөгөөд 6-8 цаг цахилгаанд залгаснаар нягтаршуулсан тоосгонд  дулаанаа нөөцөлж, 16-18 цаг цахилгаан зарцуулалгүйгээр 10-45 м2 талбайг халаах хүчин чадалтай ажээ. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Лхагвадоржийнд Монгол гэрт зориулан бүтээсэн  дулаан хуримтлуулж халаах “Тулгат” төхөөрөмжийг өглөө. Энэхүү төхөөрөмж нь мөн хоногийн 8 цагт дулаанаа хуримтлуулаад үлдсэн цагт нь цахилгаан зарцуулалгүйгээр дулаанаар хангадаг юм байна.