Өнөөдөр бүх нийтийн мод тарих өдөр тохиож байна. Чингэлтэй дүүрэг энэ өдрийн хүрээнд Барилгачдын талбайд мод тарих өдрийн нээлтийг хийлээ. Нээлтэд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч дарга Ж.Чимэдцогзол, Тамгын газрын дарга А.Дамцагдорж болон хэлтэс албадын дарга нар оролцлоо. Дүүргийн ИТХ-ын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 22 дугаар тогтоолоор баталсан “Ногоон дүүрэг” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ногоон байгууламжийг бий болгох, агаар хөрсний бохирдлыг багасгах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон ажлын үе шаттай хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал үзэсгэлэн худалдаа, сургууль цэцэрлэгийн орчимд, Чингэлтэй хайрханы ойжуулалт, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд, орон сууцны хорооллын дундах талбайд, гэр хорооллын айл өрхийн хашаанд, ААНБ-ын орчимд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Өнгөрсөн 6 жилд шилмүүст навчит мод 15427 ширхэг, бут сөөг 18367 ширхэг, ургамалан хашлага 119475 ширхэг буюу 7965 метр, зүлэгт талбай 113175 м2, цэцэгт байгууламж 1160 м2 тус тус таригдан ногоон байгууламж нэмэгдэж амьдралтын хувь 87,5 хувьтай ургуулж байна. Ингэснээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийг 1,2 м2-д хүргэлээ. Харин ирэх жилүүдэд энэ тоог 2-5 м2 –д хүргэх зорилт тавин ажиллаж байна. Мод тарих өдрийн хүрээнд мөн тус дүүргийн барилгачдын талбайд мод, модлог ургамлын үзэсгэлэн худалдаа явагдаж байна.

Энэ жилийн хаврын бүх нийтийн мод тарих өдрийн нээлт нь шинээр эхэлж буй 4 жилийн ажлын эхлэл болгон 1291 ширхэг шилмүүст болон навчит мод, 1455 ширхэг бут, сөөг, 21526 ширхэг буюу 1440 м ургамалан хашлага, нийт 13 төрлийн 24272 ширхэг мод, бут сөөгийг тарихаар төлөвлөжээ.