УИХ-ын сонгуулийн 2016 оны сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох тухай ярилцаж байгаа бичлэгийг МАН-ын Стратеги судалгааны багт гэрээгээр ажиллаж байсан Г.Доржзодов гэх залуу нийтэд ил болоод байгаа. 

 

 

Тэгвэл түүнийг өнөөдөр цагдаагийн хамгаалалтад авчээ. Энэ талаар зарим эх сурвалжууд “Д.Доржзодовыг баривчлахаар гэрийнхэн нь гадаа цагдаа нар бүслээд байна” гэх мэдээллийг өгч байгаа ч албаныхан энэ талаар өөр тайлбар өгсөн байна. Тодруулбал Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр "Цагдаа иргэн Г.Доржзодовын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтанд авсан байна. Ямар нэгэн баривчлах үйл ажиллагаа хийгдээгүй болно" хэмээн жиргэжээ. 

 

 

Мөн цагдаагийн хошууч н.Энхболд “Хэвлэл, мэдээллээр ташаа мэдээлэл гарч байна. Цагдаагийн байгууллага тухайн иргэний хүсэлтийг үндэслээд аюулгүй байдлыг хангах үүднээс хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд хамгаалалтад авахаар ирээд байна. Цагдаагийн байгууллагын зүгээс тухайн иргэнийг албадан баривчлах, саатуулах санаа зорилго байхгүй.

 

 

Зөвхөн энэ хүний эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах үүднээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд ирээд байна. Энэ бол УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн байр. Бид иргэн Г.Доржзодовтой уулзаж ярилцсан. Өөрийнх нь хүсэлтийг хангахаар ажиллаж байна. Дахин хэлэхэд үүнд хууль зөрчсөн албадлагын арга хэмжээ байхгүй” гэх тайлбарыг өгсөн байна.

 

 

Хэдхэн хоногийн өмнө түүний амь насанд заналхийлсэн талаарх мэдээлж цацагдаад байсан. Тиймээс Өнөөдөр өглөө Д.Доржзодовыг хамгаалахаар Хан-Уул дүүргийн  Оргил хотхон дахь байранд цагдаагийнхан өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа юм байна.

 

 

Мөн энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн байр сууриа илэрхийлжээ.  "Г.Доржзодовыг хамгаалах газар байхгүй учраас манай гэрт очсон" гэсэн байна.. Тэрбээр энэ талаар "Ер нь Доржзодовыг хамгаалах газар олдохгүй байгаа шүү дээ. Хуулийн байгууллагынхан удаа дараа баривчлаад, гэр орноор нь мөрдөж мөшгөөд, хаа явсан газар нь мөшгөөд. Тахарын газар гээд гэрчийг хамгаалах ёстой газар нь татан буугдчихсан.

 

 

Тэгээд Монгол Улсын иргэн ийм байдалд ороход хамгаалах газар Монголд байхгүй болчихоод байгаа. Би яг одоо Завханд сонгуулийн ажлаар явж байна. Нэг хэвлэлийн хуралд оролцох гээд явж байна. Доржзодов одоогоор манай байшинд нөхөртэй минь хамт байгаа. Надаас тусламж хүссэн юм. “Хамгийн түрүүнд хамгаалалт хэрэгтэй байна. Намайг хамгаалах газар олдохгүй байна. Хаа явсан газар хүмүүс мөрдөж мөшгөөд хамгаалах газар олдохгүй байна” гээд хандсан. Тэгэхээр нь би “Манайд түр байж бай. Сонгуулийн ажлаар явж ирчихээд хамгаалах газар олж өгье” гэж хэлсэн" хэмээжээ.

 

Б.Өрнөх