Ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэд тусалцгаая
2017/06/19
Ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнийн амь насыг аврах, эмчилгээний зардалд хувь нэмэр оруулах зорилготой “ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСАРШГҮЙ...” сайн үйлсийн аяныг орон даяар зохион байгуулах болсон талаар урлагийнхан өнөөдөр хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө.
Ч.Мөнх-Эрдэнэ Монголын үндэсний ятга хөгжмийн тоглоочийн ур чадварт бодитой шинэчлэл хийж, ноотлох тэмдэг тэмдэглэгээг зохиож, эртний нүүдэлчдийн Алтай ятга, Аху их ятгыг сэргээн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол хөгжмийн гайхамшиг, уран бүтээлчийн чансааг дэлхийд гайхуулж яваа ховорхон уран бүтээлч юм. Тэрбээр ходоодны хорт хавдрын III шатанд орж, бие сэтгэлийн хүнд байдалд байна. Энэ өвчнийг анагаахын тулд БНСУ-д маш богино хугацаанд яаралтай мэс засалд орох болсон ба эмчилгээний зардалд 240 сая төгрөг нэн шаардлагатай болсон юм.
Бид хэвлэлийн бага хурлын үеэр тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Урлаг маркет” ерөнхий захирал Б.Нямсүрэнтэй хэдэн хором ярилцлаа.
- Нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ бие хэзээнээс эхэлж дордож эхэлсэн бэ?
- Дуу, хөгжмийн урлагийг ятга хөгжимгүйгээр төсөөлшгүй. Нэрт ятгачин Мөнх-Эрдэнийн хувьд өмнө нь бие муутай байгаагүй. Гэтэл сая 2017 оны 6 сарын эхэнд үед хүндээр өвдсөн. Ингээд эмчилгээ, шинжилгээ хийлгэхэд гэнэт ходоодны хорт хавдрын 3-р шатанд орсон байна гэдэг эмчийн дүгнэлт гарсан. Энэ хүнд мэдээ гэр бүл, найз нөхөд, урлагийн бидэнд маш хүндээр туссан. Тиймээс бид найзуудтайгаа нийлээд тусалж, аврахаар “Хатан ятгын эгшиглэн тасаршгүй...” аяныг ерөнхийлөн удирдаж зохион байгуулж байна.
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Алтай” хамтлаг хандив цуглуулах ажил явагдаж байсан. Сайхан сэтгэлт хүмүүсийн сэтгэлийн хандив хэдий хэмжээний мөнгө цуглуулсан бэ?
- Урлагийн гэр бүл Д.Ганпүрэв, Ч.Мөнх-Эрдэнэ хоёрын өлгийдөж авсан “Алтай” хамтлаг голлох үүрэгтэй оролцож үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон олон түмэн цугласан газруудад хандивын аян явууллаа. Долоо хоногийн хугацаанд 40 орчим сая төгрөг цугларсан. Энэ мөнгийг оролцуулан мөн дээр нь нэмэлт зээл тавин энэ хоёр маань Солонгос улсын Сөүл хотын Еонжи эмнэлэгт мэс засал хийлгэхээр очсон байна. Одоогоор мэс заслын өмнөх урьдчилсан эмчилгээ, шинжилгээнүүд хийгдэж байна. Хандивын хүрээнд олон сайхан мэргэжлийн урлагийн байгууллагууд болон боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам маш сайн дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Мэргэжлийн урлагийн байгууллагуудаас Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийнн театр, Дуурийн театр, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, Улсын филармони гээд бүх уран бүтээлчид оролцож байна.
- Хандивын хоёр тоглолтын талаар?
- Энэ хандивын аяны хүрээнд хоёр том тоглолт болно. Нэг нь: Рок поп дуучдын нэгдсэн тоглолт 6-р сарын 30-ны 19 цагт Улаанбаатар паласт болно. Рок попын төлөөлөл оролцоно. Тодруулбла, Харангын Х.Лхагвасүрэн, Д.Дашдондог, Б.Наран, Т.Дэлгэрмөрөн, Хийлч Дээгий, Киви хамтлагийн ахлагч Ука, Б.Баярцэцэг, С.Сэрчмаа гээд ятгачин Ч.Мөнх-Эрдэнэтэй хамтарч уран бүтээл туурвиж байсан олон сайхан уран бүтээлчид нэгдэж оролцоно.
Хоёр дахь том тоглолт нь “Бид Монголчууд” нэртэй мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн тоглолт 7-р сарын 1-ны 17 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна.
- Хөдөө орон нутагт тоглолт зохион байгуулах уу?
- Аяны хүрээнд олон ажлууд зохион байгуулахаар болсон. Үүний нэг нь “Алтай” хамтлаг уран бүтээлчдын аялан тоглолтыг хөдөө орон нутгийн үзэгч, сонсогчдод зориулан хийхээр болсон. Үүнээс гадна орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудад уриалга гаргаж, үүнийг дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлсэнд туйлын их баяртай байгаа.
- Хандивын хайрцаг хаана, хаана байрлаж байгаа вэ?
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, шөнийн гудамж, Улсын их дэлгүүр, И-март газруудад хандив данс, явуулын цэг байрласан байгаа.
- Хагалгаанд нийт хичнээн төгрөг орох вэ?
-Ходоодны хорт хавдрын 3-р шатанд орж хүндэрч, амь насанд нь аюултай учир Монголд эмчилгээнд орохоос илүү гадаад улсад мэс засалд орох нь зөв гэж эмч зөвлөсөн. Зөвхөн мэс засалд 240 сая төгрөг нэн шаардлагатай болоод байна.
Мэс засал, хагалгааны тов гарсан уу?
Уг нь 6-р сарын 18-нд шинжилгээ өгөөд мэс засалд орно гэж байсан ч химийн эмчилгээнд орсон учир хойшлогдсон.
Хандивын тоглолтод УДЭТ, ҮУИТ, УДБЭТ, Улсын филармони, ЦДБЭЧ, Улаанбаатар чуулга, Түмэн Эх чуулга зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчид, язгуур урлагийн Хөсөгтөн, Бөртэ, Алтай хамтлаг, СУИС, ХБК, МУАЖ Д.Самбуу, МУАЖ А.Долгор, МУГЖ С.Цогтсайхан, МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ У.Далантай, МУГЖ Н.Чулуунхүү, МУГЖ Г.Бямбажаргал, МУГЖ Х.Лхагвасүрэн /Харанга/, МУГЖ Д.Дашдондог, Б.Чинбат, Эмошион, Никитон, Хурд, Ньанс, Увертюра, Дэлхий, Жаз трейн хамтлагууд, Б.Наран, Т.Дэлгэрмөрөн, С.Сэрчмаа, Б.Баярцэцэг, Ука /Киви/, хийлч Дээгий, Дуучид Ө.Цэрэнчунт, Э.Болормаа, Х.Батмэнд, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Д.Бурмаа, А.Мөнхбат, Л.Банзрагч, Э.Төрмандах, О.Гансувд, Л.Болдбаатар, Л.Чулуунбаатар, А.Түмэн-Өлзий, П.Идэржавхлан зэрэг уран бүтээлчид, ҮУИТ-ын Үндэсний хөгжмийн их найрал хөгжим, Ерөнхий удирдаач УГЗ Н.Буянбаатар, найруулагчаар УГЖ Ё.Цэрэндолгор зэрэг урлаг соёлын, рок попын уран бүтээлчид сэтгэл зүрхээрээ нэгдэн оролцох юм байна.
М.Буянжаргал