26 настай бүсгүй, 37 настай мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй эртэй хамтран амьдарч байсан. Гэвч хамтран амьдрагчдаа байнга зодуулдаг байсан бөгөөд энэ нь гэмт хэрэгтэн болгосон байна.  Тодуурбал, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч Н.А нь хамтран амьдаргчаа дээрэм хий үгүй бол ална хэмээн зодож, гарыг нь гэмтээсэн байна. Улмаар дээрэм хийхдээ хүний амийг онц хэрцгий аргаар хохироохыг завдсан хэрэг гарчээ.

Гэмт хэрэгтэн, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгч  Б.О нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн орой 20 цагийн үед өөрийн хамтран амьдрагч Н.А-той урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүний ятгалгаар, зодуур сүрдүүлэгт автан Баянхонгор сумын 1 дүгээр багт оршин суух  Д.О-ийн 3 880 160 / гурван сая найман зуун наян мянга нэг зуун жаран/ төгрөгийг дээрэмдэх үедээ хутга хэрэглэн түүний цээж хэвлий, нуруу, нүүр зэрэгт олон удаа хутгалан, олон тооны шарх гэмтэл болон хүнд гэмтэл учруулж, шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис, хэрцгий аргаар алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Энэ хэргийг үйлдсэн Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай  Б. О нь алт тушаах нэрийдлээр хохирогчийн дугаарыг  авсан байна.  

Ингэхдээ Монгол улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 04-ний өдөр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт, Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: 2001 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1-т зааснаар 1 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Н. А-ын  заавраар ажилласан байна.

Энэ тухай гэмт хэрэгтэн Б.О мөрдөн байцаалтын явцад: А надад “ О гуай маш их мөнгөтэй. Хоёуллаа дээрэмдье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яах юм тэнэгтээд байгаач. Дэмий юм ярьж байх юм гэж хэлсэн. Тэгсэн намайг машинаасаа чирж буулгаад зодсон. Би үгүй гэж байна гэж хэлээд зугтсан чинь араас барьж аваад машин руу чирж очиж зодоод машинаасаа мөнгөлөг саарал өнгийн хутга гаргаж ирээд миний цээж рүү цохиод байсан. Яах гээд байгаа юм гээд би гараараа түлхсэн чинь гарийнхаа ард талыг зүссэн. Зодуулсан байсан болохоор толгой манараад дүүрээд өвдөөд байсан.  Машинд орж суухаас өмнө А  над руу буу тулгасан. А-д ан хийдэг бор ууттай буу байдаг. Би явлаа гэсэн чинь тэр буугаа гаргаж ирээд чамайг зугтах юм бол энэ буугаар буудаж ална шүү. Сум хурдан байна уу, чи хурдан байна уу гээд буугаа сумлаад явъя гэсэн. Тэгээд А-ын машинд суугаад бид хоёр О  гуайн гэрийн гадаа очоод намайг буугаач гээд хажуу талаас нудраад байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад О гуайн гэрт эхлээд орсон. Тэгээд буцаад гарахад А доод шатан дээр хутгаа барьсан зогсож байсан. Чи хутгаа мартчихсан байна гэсэн. Тэгэхээр нь би О  гуай алга байна гэж хэлсэн чинь чи сая хаалгыг нь онгойлгоод орсон биз дээ гэхээр нь би үгүй гэсэн чинь май энэ хутгийг аваад ор тэгэхгүй бол чамайг ална шүү гээд цохиод авсан Тэгээд би айгаад урт саарал хутга байсан болохоор айгаад эвгүй хийгээд орсон. Ороод О  гуайн хаана хутгалсанаа санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь О  хутга барьчихсан аллаа гээд орилоод байсан. Тэгээд би ухаан ороод өөрийнхөө цүнхийг аваад хажууд нь О  гуайн цүнх байхаар нь тэр чигтээ аваад гүйсэн.”гэж мэдүүлсэн байна.  

Хэрэг гарсны дараа цагдаа, эмнэлэг шуурхай ажиллаж хохиргчийн амь насыг аварч чадсан бол цагдаа нар гэмт этгээдүүдийг саатуулсан байна. Улмаар Баянхонгор аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.О болон Н.А нарыг гэм буруутайл тооцож ял оноосон байна. Тодруулбал, Б.О болон Н.А нарт тус бүрд нь 9 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон байна.  

Бид гэр бүлийн хүчирхийллийн талаар байнга ярьдаг. Гэхдээ хүнээ хамгаалах талаар бодиттой арга хэмжээ аваагүйгээс болж  өнөөдөр бусдын эрхэнд орж гэмт хэрэг үйлдсэн жишээ гарлаа.

 Тиймээс нийгмээрээ гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэж, болзошгүй эрсдэл, гэмт хэргээс сэргийлэх шаардлагатай байна.   Эс бөгөөс гэр бүлийн хүчирхийлэл юунд ч хүргэж болохыг сэрэмжлүүлж  байна.