Эмэгтэй хүн 30, эрэгтэй хүн 35 жил ажиллаад өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгох эрхтэй байхыг дэмжлээ
2017/06/30
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа.
Тэрбээр, Нийгмийн даатгалын тухай хуулийг 1994 онд баталж, 1995 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 23 жилийн хугацаанд 10 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт орж, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг тэтгэвэр авагч, даатгуулагчийн эрх ашигт нийцсэн олон арга хэмжээг хуульчлан хэрэгжүүлсэн.
Нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөх харилцааг бусад хуулиудаар зохицуулж байгааг нэг мөр болгох, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй, ил тод удирдах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачлан боловсрууллаа хэмээсэн.
Нийгмийн даатгалын байгууллага нь шимтгэлийн орлого төвлөрүүлэхээс гадна шимтгэл төлөгч ажил олгогч, даатгуулагчид чиглэсэн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, шуурхай хүнд сурталгүй байх, шаардлагагүй цаасан баримт бичгийн тоог цөөрүүлэх, иргэд даатгуулагч, ажил олгогч цахим байдлаар мэдээлэл авах, даатгалын үйлчилгээнд нь хяналт тавих асуудлуудыг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд шинээр тусгасан байна.
Түүнчлэн нийгмийн даатгалын байгууллагын засаглал ба институцийн шинэчлэлтэй холбоотой асуудал, нийгмийн даатгалын тогтолцоонд итгэх олон нийтийн итгэл үнэмшлийг дээшлүүлэх, нийгмийн даатгалын байгууллага, даатгалын ажилтнуудын үйл ажиллагаа нь ил тод, тунгалаг байх зарчмыг хуулийн төсөлд тусгасан ажээ.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй уялдуулан 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагчийн тэтгэврийн насыг уян хатан тогтоохоор өөрчлөлт оруулахаар тусгажээ.
Эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байхаар, харин даатгуулагч хүсвэл 60-65 нас хүртлээ ажиллаж болохоор зохицуулах юм байна.
Үүнтэй уялдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалдаг одоогийн хуулийн заалтыг ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хүчингүй болгож, ажилтан өөрөө хүссэний дараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байхаар Хөдөлмөрийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэврийн нэг давхаргат тогтолцооноос олон давхаргат тогтолцоонд шилжих суурь эрх зүйн үндэс бүрдэхээс гадна тэтгэврийн насны өөрчлөлтийг даатгуулагчид эрсдэл бага учруулахуйц байдлаар хэрэгжүүлж, зохион байгуулах нөхцөл бий болно гэж сайд Ж. Мөнхбат хэллээ.
Түүнчлэн нийгмийн даатгалын хамрах хүрээ, ялангуяа албан журмын даатгалын хамрах хүрээ өргөжиж, сангийн чөлөөт үлдэгдэл хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд оруулах боломж бүрдэн, ахмад настны орлого нэмэгдэж, амьдралын баталгаа сайжирна хэмээн Засгийн газар үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, С.Чинзориг, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл нар асуулт асууж хариулт авсан. Гишүүд хуулийн төсөл, тэр дундаа тэтгэврийн настай холбоотой асуудал ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой тохирсон зарчимтай уялдаж байгаа эсэх, төсөвт дарамт учрах үгүйг тодруулж байлаа.
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын хариулснаар, эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажиллаад өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох бөгөөд хүсвэл 60-65 нас хүртлээ ажиллаж болохоор зохицуулж буй нь нийгмийн хүсэлт хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй аж. ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хэлэлцэж буй үед эдийн засгийн өсөлт хасах руу орсон байсан хэмээн тэрбээр тодотгосон бөгөөд одоо эдийн засгийн өсөлт 4-4.5 хувь болж нэмэгдсэн болохоор дээрх зохицуулалтыг хийх бололцоотой болоод буй аж. Мөн хуулийг батлан хэрэгжүүлснээр төсөвт дарамт учруулахгүй хэмээн сайд нэмж тодруулсан.
Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжлээ.
Ганбаатар · 2017/07/18
Хэзээ хэлэлцэж батлах гэж байна вэ? Тэр л чухал байна.
зөв шийдвэр байна · 2017/07/01
маш зөв санаачилга гаргасан байна зөв асуудал байна эмэгтэй 60 нас эрэгтэй 65 нас хүсвэл эмэгтэй 30 жил эрэгтэй 35 жил ажилласан бол тэтгэвэрээ тогтоолгож болно гэж таалагдаж байна