Их, дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл долоодугаар сарын 1-ний өдрөөс  эхэлнэ.  Энэ жилийн хувьд, хувийн болон  төрийн өмчийн их, дээд сургуулиудын зарим нь  элсэгчдээ цахимаар бүртгэх аж. Мөн магадлан итгэмжлэгдсэн, их, дээд сургуулиудын бүртгэл долоодугаар сарын 1, 2-ноос  эхлэх юм байна.

Ингээд төрийн өмчийн их, дээд сургууль болон магадлан итгэмжлэгдсэн зарим их дээд сургуулиудын бүртгэлийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

 

МУБИС 

 

-БСШУСЯ-наас гарсан албан бичгийн дагуу МУБИС нь 2017-2018 оны хичээлийн жилд Улаанбаатар хотоос элсэгчдийг мөн ирэх сарын 1-ээс 4-ний өдрүүдэд бүртгэнэ. МУБИС-ийн элсэлтийн вэбээр онлайн болон төв сургууль дээр бүртгэл хийх болсныг элсэгчдэд сануулж байна. Мөн элсэлтийн журам болон нэмэлт мэдээллийг тус сургуулийн цахим хуудасны “Элсэлт-2017” булангаас үзэх боломжтой аж. 

 

Этүгэн их сургууль

 

-Олон улсын магадлан итгэмжлүүлсэн сургалтын хөтөлбөртэй Этүгэн их сургуулийн бүртгэл долдугаар сарын 1-нээс эхлэх аж. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн, элсэлтийн ерөнхий шалгалтанд 400 болон түүнээс дээш оноо авсан элсэхийг хүсэгчид 2017 оны долдугаар сарын 1- 6-ний өдөр хүртэл бүртгэх юм байна. Онлайн /http://burtgel.etugen.edu.mn/ хаягаар эсвэл Этүгэн их сургуулийн 1-р байранд өөрийн биеэр ирж бүртгүүлэх аж. 

 

Элсэхийг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ. 

-Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, диплом /хуулбарын хамт/
-Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /хуулбарын хамт /
-Өргөдөл
-3*4 хэмжээтэй цээж зураг 1 хувь /Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан/

 

АШУҮИС

 

-АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэл нь зөвхөн онлайн хэлбэрээр явагдах бөгөөд элсэхийг хүсэгч нь бүртгэлийн системд ЭЕШ-ын бүртгэлийн дугаар, регистрийн дугаараа оруулснаар элсэх хүсэлтээ гаргана. Элсэгчдэд нэг зүйлийг сануулахад, АШУҮИС болон Сувилахуйн сургууль гэсэн хоёр хэсэг байгаа юм байна. Тиймээс нийт дөрвөн мэргэжил сонгож бүртгүүлэх боломжтой гэсэн үг. Элсэлтийн бүртгэлийг Улаанбаатар хотод цахим хэлбэрээр АШУҮИС-ийн элсэлтийн www.burtgel.mnums.edu.mn бүртгэлийн вэб хаягаар явуулна. Элсэхийг хүсэгчид нь Ерөнхий шалгалтын хичээл тус бүрд 400-аас дээш оноо авсан тохиолдолд бүртгүүлэх болзол хангасан гэж үзэж байгаа ажээ. 

 

МУИС

 

        МУИС-ийн элсэлтийн бүртгэл орон даяар энэ сарын 20-ноос эхэлсэн байна. Бүртгэл долоодугаар сарын 3-ны өдрийн 12:00 цаг хүртэл www.burtgel.num.edu.mn хаягаар явагдана.  Тус сургууль нь Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Бизнесийн сургууль, Хууль зүйн сургууль, Олон улсын харилцаа нийтийн удирдлагын их сургууль, Завхан, Орхон сургууль гэсэн долоон бүрэлдэхүүн сургуульдаа элсэлт авч байна.

 

ШУТИС 

 

        ШУТИС нь найман үндсэн бүлэгт www.elselt.edu.mn вэб хаягаар долоодугаар сарын 1-ний өдрөөс 5-ны өдрийн хооронд  бүртгэнэ. Босго оноо нь 400-700 хооронд хэлбэлзэж байна. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрүүдэд Улаанбаатар хотоос элсэн суралцах болзол хангагчид Улаанбаатар хот дахь ШУТИС-ийн Элсэлтийн комисст, хөдөө орон нутгаас элсэн суралцах болзол хангагчид тухайн оршин суугаа аймагт МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисст тогтоосон хугацаанд холбогдох материалуудаа бүрдүүлэх аж. 

 

Б.Батаа