Төрийн далбаанд хүндэтгэл үзүүллээ
2017/07/10
Сүхбаатарын талбайд дөнгөж сая Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан "Монгол Улсын далбааны өдөр"-ийн цэргийн ёслолын жагсаал Чингисийн талбайд боллоо. Төрийн далбааны өдөрт зориулан Улаанбаатар цэргийн хүрээний анги нэгтгэлүүд ёслолын жагсаал хийж, төрийн гурван өндөрлөг төрийн далбаандаа хүндэтгэл үзүүллээ.
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ёслолд оролцож буй нийт цэргүүдэд Төрийн далбааны өдрийн мэндийг хүргэн, баяр хүргэв. Дараа нь Монгол Улсын төрийн далбааг мандуулан, төрийн дууллыг цэргийн найрал дуучид дууллаа.
Удахгүй Монгол Улсын төрийн далбааг Чингисийн талбайд мандуулж, Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж иргэдэдээ хандан үг хэллээ.
Ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөөлөл, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн сонсогчид, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрэээлэнгийн эрдэмтэд, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн бүрэлдэхүүн, эмэгтэй цэргийн албан хаагчид, Зэвсэгт хүчний ангиуд, ахмад дайчид, шүхэрчид, энхийг сахиулагчид буюу цэнхэр дуулгатнууд, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид оролцож байна.
Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2000 гаруй цэргийн алба хаагчид ёслолын жагсаалд оролцдог юм.
Хошууч генерал Раднаабазарын Сүхбат цэргийн ёслолын ажиллагаанд командлагчаар ажилласан юм. Жил бүрийн долдугаар сарын 10-ны өдрийг Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх өдөр болгон тэмдэглэдэг.