Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваа Сурын талбайд үргэлжилж байна. Өнөө жил үндэсний сурын харваанд 540 харваач оролцож байна. Өнөөдөр өглөө хана харвааны 20 сумаа харвасан бол үдээс хойш хасаа харвааны 20 сумаа тавина. 

Харин маргааш өглөө хасаа харвааны дунд өрөг адаг өргийн сум тавигдсанаар энэ жилийн наадмын шилдгүүд тодорно. Энэ жилийн сурын харваанд нийт 1100 хүн оролцож байгаагаас  Урианхай сурын харваанд 180 гаруй, буриад сурын харваанд 160 гаруй харваач оролцсон.

Энэ жилийн сурын харвааны онцлог нь шинэ хуулиар эхний гурван байрт шалгарсан харваачид улсын цол хүртэнэ. Тодруулбал, Төрийн их баяр наадамд түрүүлбэл Монгол Улсын мэргэн цол, хоёрдугаар байрт орсон нь гарамгай мэргэн, гуравдагуур байрт шалгарсан нь гоц харваач цол хүртэнэ. Мэргэн цолтон түрүүлбэл даян мэргэн, даян мэргэн түрүүлбэл даяар дуурсах мэргэн, даяар дуурсах мэргэн түрүүлбэл дархан мэргэн цолтой болох юм.