Чөлөөт бөхийн Испанийн Гранпри тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн найман жингийн барилдаан болж өндөрлөлөө. Мадридын дэвжээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор манай улсаас хоёр бүсгүй зодоглосноос 63 кг-ын жинд “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон Шведийн Йоханссон, АНУ-ын Алексис Портер, Маллори Велт, Болгарын Тайбе Юсейн нарыг ялж ээлжит нэгэн алтан медалиа зүүв. Тэрбээр 2017 он гарснаас хойш тав дахь тэмцээндээ (П.Орхон он гарснаас хойш насанд хүрэгчдийн УАШТ, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен, “Poland Open”-д аваргалаад байсан юм) оролцож бүгдэд нь түрүүлээд байна. Түүнийг одоо сарын дараа Францын нийслэл Парист зохион байгуулдагдах ДАШТ хүлээж байна. Торгон ирэн дээрээ байгаа П.Орхонд Монголын чөлөөт бөх сонирхогчид энэ жилийн Дэлхийн аваргаас өндөр итгэл найдвар хүлээлгэж байгаа. Тэгэхээс ч аргагүй биз ээ. 
Түүнчлэн Испанийн нийслэлд 53 кг-д хүч үзсэн “Монголиа Опен-2017” ОУТ-ий аварга, "Алдар" спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Ганбаатарын Отгонжаргал хүрэл медаль хүртэв. Энэ нь түүний Гранпри ангиллын тэмцээнээс хүртсэн анхны медаль юм.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮН:
48 кг: 1. Анжелинка Ветошкина (ОХУ) 2. Миглена Селишка 3. Элица Янкова (хоёул Болгар), Виктория Энтони (АНУ)
53 кг: 1. Жессика Макдональд 2. Жасмин Миан (хоёул Канад) 3. Екатерина Полещук (ОХУ), Ганбаатарын Отгонжаргал (Монгол)
55 кг: 1. Бекка Лезерс (АНУ) 2. Мария Гурова (ОХУ) 3. Рамона Галамбос (Унгар), Билиана Дудова (Болгар)
58 кг: 1. Марва Амри (Тунис) 2. Мишель Фаззари (Канад) 3.Юльяна Тукуренова (ОХУ), Кайла Миракле (АНУ)
60 кг: 1. Любовь Овчарова (ОХУ) 2. Анастасия Григорьева (Латви) 3. Мими Христова (Болгар), Йоханна Маттссон (Швед)
63 кг: 1. Пүрэвдоржийн Орхон (Монгол) 2. Тайбе Юсейн (Болгар) 3. Илана Кратыш (Израиль), Маллори Велт (АНУ)
69 кг: 1. Тамыра Менсах (АНУ) 2. Галина Булатова (ОХУ) 3. Форрест Молинари (АНУ), Эльмира Сыздыкова (Казахстан)
75 кг: 1. Мае Эпп (Эстони) 2. Виктория Франсис (АНУ) 3. Жюстин Дистасио (Канад), Иселин Солхейм (Норвеги)