Ө.Пүрэвсүрэн өсвөр үеийн Азийн аварга боллоо
2017/07/22
Чөлөөт бөхийн өсвөр үеийн Азийн АШТ Тайландын нийслэл Бангкокт өчигдөр эхэллээ. Эхний өдөр охидын 38, 43, 49, 56, 65 кг-ын жингийн барилдаан болж, Монголын баг тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртэв.
Охидын 56 кг-ын жинд Өлзийсайханы Пүрэвсүрэн алтан медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Бангкокын спортын ордонд мандууллаа. Тэрбээр шөвгийн наймд Узбекистаны Айзадаг цэвэр, хагас шигшээд Энэтхэгийн Сонамыг, алтан медалийн төлөөх барилдаанд Киргизстаны Нураида Анаркуловаг тус бүр 9:6-гаар ялж тивдээ түрүүлсэн юм. Ингэснээр Ө.Пүрэвсүрэн Монголын охидоос өсвөр үеийн Азийн АШТ-д аваргалсан зургаа дахь тамирчин болж байна.
Түүнчлэн охидын 43 кг-д Б.Энхзул, 49 кг-д Д.Отгонжаргал нар тивийн аваргын хүрэл медалийн эзэд боллоо. Харин 38 кг-д Г.Оюундарь хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн бөхөд оноогоор цэвэр ялагджээ.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр хөвгүүдийн 42, 50, 58, охидын 40, 46, 52, 60, 70 кг-ын жингийн барилдаан болно.