Тэртээ 1988 онд Жоу Хонгянд төрөлтийн хүндрэл үүссэний улмаас хүү Дин Дин нь амьсгалын дутагдалд орж эндэх шахсан гэдэг. Хүү амьд гарсан ч төрөлтийн хүндрэлээс болж тархи нуруу нугасны саажилттай болжээ.

Синьхуа агентлагийн мэдээлж байгаагаар Хубэй мужийн төрөх эмнэлгийн эмч нар Жоуд төрүүлсэн үрээсээ татгалзахыг зөвлөсөн гэнэ. Эмч нар түүнд хүү том болсон ч оюуны хомсдолтой эсвэл насаараа хөгжлийн бэрхшээлтэй, чадамжгүй, хэнд ч хэрэггүй нэгэн болж өснө хэмээн хэлжээ.

Жоу Хонгяны нөхөр мөн л эмч нарын хэлсэнтэй санал нийлэн, Дин Динийг гэр бүлдээ дараа болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч Жоу хүүгээ авч үлдэхээр шийдэж, удалгүй хосууд салсан байна. Ганц бие ээжийн хувиар Жоу гэр бүлээ авч явж, хүүгийнхээ эмчилгээний төлбөрийг олохын тулд давхар ажил хийж байв.

Тэрбээр Вунаны коллежид бүтэн цагаар, протокол хөтлөгчөөр хагас цагаар ажиллахын хажуугаар даатгалын ажилтан хүртэл хийж байжээ. Энэ их ажлын хажуугаар тэрээр хүү Дин Динийгээ тогтмол нөхөн сэргээх эмчилгээнд нь дагуулан явж, хүүгийнхээ чангарсан булчинг суллах бариа заслыг хүртэл хийж сурсан байна.

Оюун ухааныг нь хөгжүүлэхийн тулд Жоу хүүгийнхээ хамтаар сэтгэн бодох чадвар хөгжүүлэх тоглоом тоглодог байв. Шаргуу ээж хүүдээ хөгжлийн бэрхшээлээ чадлынхаа хэрээр ялан дийлэх чадварыг суулгаж өгөхөд маш ихээр анхаарсан гэдэг.

Гарын хөдөлгөөнөө хянах тал дээр асуудалтай байснаасаа болж савх барьж хоолоо идэж чаддаггүй байсан Дин Дин ээжийнхээ тусламжтайгаар савх барьж сурсан гэдэг. Жоу Хонгян, "Би түүнийг хөгжлийн бэрхшээлээсээ болж бусдаас ичээсэй гэж хүсээгүй. Олон зүйл дээр тэр бусдаас муу чадвартай ч би түүнээс тэдгээр бэрхшээлүүдээ даван туулах тал дээр шаргуу ажиллахыг шаарддаг байсан." хэмээн ярьжээ.

Хөгжлийн бэрхшээлтэйг нь үл харгалзан Жоу Дин Динийг хайр халамжаар дутаалгүй, түүнд байсан бүхнээ зориулж, өдий зэрэгтэй болгон өсгөн хүмүүжүүлсэнд Дин Дин талархаад баршгүй. 29 настай Дин Дин ээжийнхээ тусламж дэмжлэгтэйгээр олон ч бэрхшээлийг даван туулж чадсан ба эрдэм номоороо ч бусдаасаа тэргүүлж чаджээ.

2011 онд Дин Дин Бээжингийн Байгалийн шинжлэх ухаан, инженерийн их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн байна. Үүний дараа тэрээр их сургуулийнхаа дэргэдэх Олон улсын хуулийн сургуульд мастераар сурчээ. Сургуулиа төгсөөд тэрээр хоёр жил ажил хийж, ээждээ тусалсан гэнэ.

Гэсэн хэдий ч Жоу хүүгээ Харвардын их сургуульд элсэн орж суралцахыг ятгажээ. Амьдралд нь тохиолдож байсан бүх саад бэрхшээлийн эцэст тэрээр Харвардын их сургуульд тэнцэн орсон байна.

Дин Дин, "Би хэзээ ч Харвардын их сургуульд элсэн орох хүсэлт илгээж зүрхлэхгүй байх байсан. Гэхдээ ээж минь надад үргэлж урам зориг хайрлаж, үзээд алдахыг санал болгодог байсан. Намайг ямар нэг зүйлд эргэлзэх үед тэр үргэлж дэргэд минь байж намайг чиглүүлж өгдөг." хэмээн CGTN агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр өнгөрсөн жил Харвардын их сургуульд сурахаар ирсэн ба түүний ээж Жоу Хубэй мужийн Жинжү хотдоо үлджээ. Дин Дин нутагтаа үлдсэн "оюун сэтгэлийн зөвлөгч" ээжийгээ үргэлж санадаг талаараа ярьсан байна.