Урин цагт уг нь улс төр намждаг. Бүгд л найр наадам хэсч, биеэсээ гоочлох, гогцоодох, аргандаа оруулах, аваачиж хорих явдал багасдаг байлаа. Байлаа гэх үгэнд тайлбар илүүц биз. Энэ зун сүүлийн 50 жилд байгаагүйгээр халсан гэдгийг цаг уурчид онцолж буй. Улс төрийн тогоо ч мөн үүнээс дутахгүйгээр халж, өнгөрсөн жил ялалтандаа мансуурч явсан МАН өнөөдөр ял сонсох хэмжээнд хүрч, дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн өдөр хоногуудыг үдэж байна.

 

 

Наадмын дараа намар гэдэг. Өнөөдөр зуны адаг сарын шинийн 16. Тэгэхээр аль хэдийнэ налгар зуныг үдэж, налайсан намрыг угтаад эхэлчихэж. Харин зуны үдэлтийн улс төр ээдрээ ихтэй, эргэлзээ төрүүлсэн явдлууд ар араасаа хөвөрсөөр өрнөх нь. Мэдээж “гол дүр” нь МАН болоод түүний удирдлагууд.   

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү саяхны нэгэн ярилцлагандаа “М.Энхболд Н.Энхбаяраас айгаад зориггүй байдаг юм. Нээрээ шүү. Н.Энхбаяр даргаас л айдаг байхгүй юу” хэмээн ам алдсан. МАН гэхээр М.Энхболд яригдах нь ойлгомжтой. М.Энхболдын талаарх энэ мэт ярианууд илт гаарч байгаа нь албан тушаалтай нь холбож ойлгохоос өөр замгүй. Намынх нь зарим удирдлагууд түүнийг зайлуулахыг хүсч байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хариуцлагыг түүнээс нэхэхийн хажуугаар “60 тэрбум”-ийн хэрэг гяслантай гэгч нь ороож байгаа нь нэмрээс болж буй. Харин тэрбээр “дарга” хэмээх сэтрээ хэрхэн авч үлдэх нь энэ зуны үдэлтийн гол улс төр болж хувирах нь. Яг одоогоор МАН-д дайн дэгдээд буй. Түүнийг илчлэх мэт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хүртэл “Намрын их ажлын өмнө намын дотоод асуудлаа шийдье” хэмээн уриалаад авна билээ.

 

МАН-ын дайн Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнах, чагнахаас эхлэн ил болсон хэмээн ажиглагчид үзэж байна.   

 

МАН-ын дайн Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнах, чагнахаас эхлэн ил болсон хэмээн ажиглагчид үзэж байна.   

Хэд хоногийн өмнөөс Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнаж эхэлсэн талаар мэдээлэл гарч эхэлсэн. Улмаар уг ажиллагаанд оролцож байсан залуусын төлөөллийн яриа бүхий бичлэг сошиал орчинд цацагдахдаа дагаж мөрдөх чиглэлийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өгсөн хэмээн ярьсан нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ асуудалтай холбогдуулан ЦЕГ-т шалгуулахаар хүсэлтээ гаргасан. 

 

Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдөж байсан залуусыг хууль, хяналтынхан илрүүлэн шалгаж байгаа талаар өнгөрсөн тав дахь өдөр Шадар сайдын ажлын албанаас мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн гэрчүүдийн ярьсанчлан, тэдэнд шууд байдлаар З.Золбаяр, н.Энхмэнд  гэх залуус чиглэл өгсөн талаарх мэдээлэл гарч эхэллээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, З.Золбаярын аав Д.Зоригт нь Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байсан нэгэн гэнэ. Тодруулбал, МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед нь түүний хамгаалалтын тасгийн даргаар нь ажиллаж байсан гэх. Тухайн үед М.Энхболд Ерөнхий сайд байхдаа өөрийн хамгаалалтын тасгийн дарга Д.Зоригт болон хамгаалалтын ажилтан н.Мөнхбат нарт хотын захиргаанаас байр өгүүлж байсан тухай мэдээлэл ч байна.

 

Харин үүний хариуд У.Хүрэлсүхийн талынхан юу хийх бол гэдэг сонин. Магадгүй Засгийн газраа огцруулж, өөрсдийн гэсэн Засагтай болох том зорилго өвөртөлж явааг ч үгүйсгэх аргагүй.

  

Б.Өрнөх

24tsag.mn