Хоёр дахь Оюутолгой буюу Хармагтайн ордыг тойрсон олон сонирхлын улс төр
2017/08/14
Оюутолгойг мэдэхгүй монгол хүн үгүй. Харин Хармагтайн ордыг тэр бүр мэдэхгүй гэдэгтэй мөрийцсэн ч болох байх. Хармагтайн орд гээч Оюутолгойгоос илүү гарна уу гэхээс дутахгүй ордын тухай мэдээллийг улстөрчид машид нууцалж явсаар өнөөг хүрэв.
Гэвч энэ тухай мэдээлэл ил болох цаг нь болсон бололтой. Учир нь хоёр дахь Оюутолгой хэмээн нэрлэгдэж буй Хармагтайн ордыг тойрсон улстөрчдийн ашиг сонирхол “дээл”-ндээ багтахаа больж байна. Хармагтайн орд нь Улаанбаатараас 420 км-т Өмнөговийн Манлай сумын нутагт байрладаг.
Оюутолгойгоос 120 км, Цагаан суваргын ордоос 170 км зайтай оршдог. Өөрөөр хэлбэл, Хармагтай нь Оюутолгой, Цагаан суварга зэрэг томоохон ордуудыг багтаадаг алт, зэсийн бүсэд байдаг юм. Хармагтайн орд ЖОРК-ийн тайлангаар 1.533 сая паунд зэс, 2 сая унцаас багагүй алт бүхий 203 сая тн хүдрийн нөөцтэй. Харин хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 гр алт бүхий 56 сая тн хүдэр байгаа юм. Одоогийн байдлаар компанийн хайгуул хийсэн талбай нь нийт лицензийн талбайн бага хувийг эзэлдэг гэж байгаа.
ALS Group мэдээлэхдээ Рио Тинтогийн эзэмшилд байдаг Оюутолгойгоос дутахгүй орд Монголд нээгдлээ. Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани Хармагтайд порфирийн төрлийн ордыг нээснээ зарласан юм. Энэ ордын баялгийг дэлхийд гайхагддаг Индонезийн Грасбергийн уурхайтай зүйрлэж болох юм гэжээ. Мөн Монголын эрх баригчид энэ ордын талаарх мэдээллийг нууцалж байгаа нь хачирхалтай гэсэн байна.
Хамгийн гол нь Хармагтайн ордыг үлэмж бага өртгөөр олборлох боломжтой ажээ. Нэг метрийн өрөмдлөгийн өртөг 600 ам.доллар байхад “Занаду майнз” 100 ам.доллараар өрөмдлөгөө хийдэг.
Stockhouse.com-д “Занаду Майнз”-ийн захирал Эндрю Стюарт “...Хармагтайн порфирийн төрлийн алт, зэсийн орд бол Монголд төдийгүй дэлхийд дээгүүрт орох алтны нөөц юм. Энэ төсөл нь эдийн засгийн хувьд өндөр ашигтай, нэн ховор алт, зэсийн ордод тооцогдож байна” гэж ярилаа хэмээн мэдээлжээ.
“Занаду Майнз” нь Хармагтайн ордод хайгуул хийх 30 жилийн хугацаатай лиценз авчээ. Гэхдээ энэ ордоо Австралийн хөрөнгө оруулалттай “Монгол металс” компанид худалдсан гэх мэдээлэл бий. Энэ компани нь Xanadu-ийн охин компани. Австралийн Хөрөнгийн биржийн мэдээллээр Xanadu mines компанийн 90 хувийг THR буюу Оюутолгойн хувь эзэмшигч Turquoise Hill Resources эзэмшдэг болж таарч байгаа юм. Товчхон хэлэхэд энэ олон компанийн цаана Рио Тинто байна гэсэн үг.
Гэвч Рио Тинтогийн хувьд худалдаж авсан байлаа ч өөрийн нэрээр үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй. Учир нь Оюутолгойн ордын Тогтвортой байдлын гэрээ нь монголчуудын дургүйцлийг хүргэсэн. Одоо Хармагтайн ордод ашиглалтын лиценз, улмаар Тогтвортой байдлын гэрээ байгуулах шаардлага тулаад байгаа тухай ажиглагчид хэлж байна.
Ерөөс энэхүү Ашиглалтын лиценз болон Тогтвортой байдлын гэрээ л өнөөдөр Монголын эрх баригчдын дунд өрнөж буй үйл явдлын зангилаа байж мэдэхээр байна.
Монгол Улсын Засгийн газар түүхэндээ дөрвөн удаа томоохон Тогтвортой байдлын гэрээ байгуулж үзсэн. Бороо гоулд, Цайрт минерал, Нарийн сухайт, Оюутолгойн Тогтвортой байдлын гэрээг байгуулж байв.Эхний гурвыг Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа үзэглэсэн. Оюутолгойн гэрээг 2009 онд Ерөнхий сайд С.Баяр байгуулсан.
Харин тав дахь буюу энэхүү Хармагтайн ордын Тогтвортой байдлын гэрээг одоогийн Засгийн газар байгуулах тун сонирхолтой байгаа гэнэ. Бүр ирэх аравдугаар сарын эхээр энэ гэрээг үзэглэхээр төлөвлөөд байжээ.
Гэрээний урьдчилсан нөхцөлийг харвал Оюутолгойн гэрээний жишгээр Монголын Засгийн газар ордын 34 хувийг эзэмшинэ. Харин “Занаду Майнз” 51 хувийг эзэмшихээр тусгажээ. Эндээс 15 хувь нь хаашаа ч юм алга болчихоод байгаа. Энэ хаачсаныг Засгийн газар л мэднэ гэсэн үг.
Ер нь энэ Засгийн газар уул уурхайн ихээхэн ашиг сонирхолтой гэх тодотголтой. Хэд хэдэн үйл ажиллагаа яригддаг. Мөн зарим сайд нэр холбогдсон явдал ч бий.
Тиймээс тэд ямар ч үнээр хамаагүй энэ хэвээр байж Хармагтайн Тогтвортой байдлын гэрээг байгуулна гэж тохирсон гэх мэдээлэл байгаа юм. Энд тэндхийн нуур, далайн эрэг бараадан хийсэн уулзалтуудаараа МАН-ын дараагийн удирдлагад өөрийн хүнийг зүтгүүлнэ. Хүч тэнцэх, эсвэл байдал эвгүйтвэл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийг МАН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр үлдээж галыг намдаах төлөвлөгөө боловсруулсан гэж байна.
Үнэнийг хэлэхэд энэ мэтээр МАН-ын улс төрийн нөхцөл байдал амаргүй байна. Тэд эвлэнэ гэдэг юу л бол гэж харагдаж байгаа юм. Уг нь бол эдийн засгийн ийм хүнд үед Засгийн газар Хармагтайн орд мэтийн шинэ тутам “саалийн үнээ”-гээ ёслол төгөлдөр зарлаж байх учиртай юм. Гэвч тэгсэнгүй. Тэгэхээр энэ мэдээлэл үнэний хувьтай гэсэн үг.
Юу гэвэл нөөц баялгаараа дэлхийг алмайруулсан Хармагтайн орд газар бидэнд байна. Энэ үнэн. Ийм нөөцтэй орд илрээд хэзээ мөдгүй Тогтвортой байдлын гэрээ байгуулж улс орны эдийн засагт эргэлт хийх гэж байгаа гэж Засгийн газар өнөөг хүртэл зарлаагүй. Энэ бас л үнэн.
Тиймээс “...Монголын баялгийг сорж байгаа хэдхэн гэр бүл бий. Тэдэнтэй би хэзээ ч эвлэрэхгүй” гэж мэдэгддэг Ерөнхийлөгч үүнд анхаарлаа хандуулбал зохистой харагдаж буй.
Ингэхгүй гэвээс бүтэн найман жилийн турш Оюутолгойг шүлс гоожуулан харж суугаа монголчууд бидний өрөвдөлтэй хувь заяа давтагдах нь ээ.
Ч.Мөнх
МОНГОЛ · 2017/08/17
МАН УДАХГҮЙ ТҮҮХИЙН ХУУДАСНААС АРЧИГДАНА 3 ЖИЛИЙН ДАРАА
mglhuu · 2017/08/15
baigaagaasaa ard tumendee ium nyalzaaj chadahgui baij ahiad iun shine ord ashiglah ve,hoich uyedee uldeegeech uher mongolchuudaa
зочин · 2017/08/15
Оюу толгой Таван толгой гээд улс орноо тэжээхэд хангалттай ордуудын гэрээний жишгээр явах гэж байгаа бол ард олон маш их бухимдаж юу ч хийж мэднэ шүү. Хармагтайн ордын гэрээг хийхдээ эх оронч, шудрага, мэдлэг боловсролтой, мэргэжлийн гэрээ хийх чадвартай хамт олныг бүрдүүлж хийлгэхийг хүсч байна.
ЗОЧИН · 2017/08/15
БАЯР Ч БАЙ, ЭНХБОЛД Ч БАЙ, БАЯРЦОГТ Ч БАЙ ЭХ ОРНЫХОО ЭСРЭГ НҮГЭЛ ҮЙЛДСЭН ХЭН Ч ГЭСЭН МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМНӨ НҮГЛЭЭ НАМИНЧЛАХ ЦАГ ИРНЭЭ
ЗОЧИН · 2017/08/15
ЭРХЭМ МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ТА САЙН БАЙНА УУ ТАНЫ АЖИЛД АМЖИЛТ ХҮСЬЕ ИНГЭЭД САНАЛАА ХЭЛХЭД ЭХЛЭЭД ОЮУ ТОЛГОЙН АСУУДЛЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД НААШТАЙ БАЙДЛААР ШИЙДҮҮЛЭЭД ОЮУТОЛГОЙТОЙ ХОЛБООТОЙ ХАРИУЦЛАГАГҮЙ АЛБАН ТУШААЛТАНУУДЫГ ШИЙТГЭЖ АРД ТҮМЭНДЭЭ ҮНЭНЭЭР НЭЭЛТЭЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ, ХОЁРТ ХАРМАГТАЙН ОРДЫГ МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР 60 ХУВЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЬ 40 БАЙХААР ГЭРЭЭ БАЙГУУЛАН АРД ТҮМНЭЭ ЭХ ОРНОО БАЯН ЯДУУГИЙН ЯЛГАА , СЭТГЭЛ ЗҮЙН ЯДУУРЛААС ГАРГАХЫГ ТАНЬД МЭДЭГДЬЕ
Зочин · 2017/08/14
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
Г.Батнасан · 2017/08/14
Энэ засгийн газраар ч дараа нь гарах МАНАН-гийн вирустэй засгийн газраар ч энэ гэрээг хийлгэж болохгүй шүү ерөнхийлөгч өө. Ямар ч байсан Офшорчид, 60 тэрбумын асуудал эцэслэн шийдэгдсэний дараа л энэ ордыг хэрхэн ашиглах тухай ярих хэрэгтэй. Гэрээ бол дараагийн асуудал.
эх орон · 2017/08/14
унгар улс ОУВС-г хөөж гаргасан. учир нь улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс орж байна гэсэн үндэслэлээр. манайд бас адилхан юм биш биз
Содном · 2017/08/14
Ямарч гэсэн одоо байгаа ЗГ,УИХ-ын үед гэрээ хийж болохгүй байх. Үүнийг уншсан чинь С.БАЯРын сайн дураараа элчингээс татгалзсны учир тайлагдаж байх шивдээ. Тэр одоо монголд ирж чадвал МАН-ын дарга,ЕС эс чадвал нууц ноёнтноо хийж энэ ЗГ-аар Хармагтайн гэрээг хийлгэх гэж байна даа. Ер нь миний бодлоор манай улс уул уурхайн болон ЭЗ-ийн олон улсын гэрээ байгуулах туршлагатай,мэдлэгтэй боловсон хүчинтэй болох хэрэгтэй болсон байна. Хэрвээ зайлшгүй ашиглах шаардлагатай болвол улсдаа л ашигтай гэрээ хийхийг бодцгоогоорой.
Зочин · 2017/08/14
ӨЛӨНГҮҮД ЭЭ ОДОО БОЛНО
Зочин · 2017/08/14
Энэ ордыг ашиглахаар энэ засгийн газар гэрээ байгуулахаар яаравчилж байгаа нь үнэн гэсэн яриа байдаг. МАН болон АН-ын дарга нар хуваалцах сонирхолтой гэсэн шүү.
Зочин · 2017/08/14
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.