Эрх баригч МАН удирдлагын чадамжаа алдаж, бүрэн хаосын байдалд ороод байна.  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар Сайд У.Хүрэлсүх нар нь нэг нэгнээ тагнасан чагнасан гэх асуудлаар хуулийн байгууллагад өгөөд буй бол УИХ дахь 20 орчим гишүүн нь өөрийн намын Засгийн Газраа огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нар 60 тэрбумын бүлэглэлээс намаа цэвэрлэнэ гэж зарлах бөгөөд хариуд нь "60 тэрбум"-ын асуудалд холбогдсон А.Ганбаатар гэгч нь уг асуудалд У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар холбоотой гэж мэдэгдэнэ. Мөн МАН-ын Удирдах Зөвлөлийн улс төрийн шийдвэр гарсны дөнгөж маргааш нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь тус намын төлөөлөгчдийн олонхи нь яг эсрэг үйлдэл хийх жишээтэй. Энэ бүхэн нь тус нам  удирдлагын чадамжаа алдаж, бүрэн хаосын байдалд орсныг нотолж буй юм. Мөн өчигдөр УИХ-ын дэд дарга, МАН-ын Удирдах Зөвлөлийн Гишүүн Ц.Нямдорж телевизид ярилцлага өгөх үеэрээ одоогийн МАН-ын Удирдах Зөвлөлийг тараах, Ц.Сандуйг намаас хөөх , Ж.Эрдэнэбатын  удирдсан Засгийн Газрыг огцруулах хэрэгтэй гэх мэт саналыг шуудхан хэлэв. Энэ бүхэн нь тус нам доторхи фракци хоорондын тэмцэл ихээхэн хурцадсаны шинж бөгөөд энэ тохиолдолд аль нэг бүлэглэл нь "шахагдаж" л уг асуудал шийдвэрлэгдэх нь гарцаагүй юм. Тэгвэл МАН-ын удирдлагад одоо байгаа бүлэглэлийн зүгээс Шадар Сайд У.Хүрэлсүхийг намаас нь хөөх асуудлыг хөндөж тавихаар зэхэж буй тухай эх сурвалж өгүүлж байна.

 

Ч.Явуу 

sonin.mn