Өнөөдрөөс эхлэн МАН-ын гишүүд намын байр болох "Тусгаар тогтнолын ордoн"-ы гадаа эсэргүүцлээ илэрхийлж байна. Бид энэ талаар МАН-ын Бага хурлын гишүүн, эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохицуулагч М.Ганбаатартай ярилцлаа.

-Та бүхэн гурав дахь угаагийнхаа жагсаалыг хийж байна. Энэ удаагийн жагсаалын ямар учраас хийхээр болсон талаараа тодруулаач?

-Намын өнөөгийн удирдлагуудын сүүлийн үед хийж байгаа ажил нь ердөө намыг хаглан бутаргах л үйл ажиллагаа байлаа. Энэхүү бусармаг үйл ажиллагаа нь намын эгэл жирийн гишүүд,  иргэдийн дургүйцлийг хүргэж байна. Энэ удаагийн жагсаал цэвэр намын гишүүдийн хүсэлтээр жагсаж байгаа. Учир нь намын гишүүд бидэнд хандаж “Та бүхэн тэмцлээ үргэлжлүүлээч. Та бүхэн л үнэнийг хэлж, ярьж чадна” гэдэг хүсэлтүүдийг  маш олноороо ирүүлсэн. Тиймээс ч бид дахин жагсаж үгээ хэлэх нь зөв юм байна гэж шийдсэн. Уг нь намын Бага хурал, Их хурал дээрээ яригдах асуудлуудыг нийгэмд цацаж, намын гишүүдээ хагаралдуулаад, талцуулаад байна. Өөрөөр хэлбэл, албан тушаалын шуналдаа хөтлөгдөж, бие бие рүүгээ дайрах үйлдэл сүүлийн үед хэрээс хэтэрчихлээ. Цагаан зураас давсан үйлдлүүдийн хийхийн зэрэгцээ хариуцлаггүй маш олон мэдэгдэл хийж байна. Тухайлбал, намын дарга нь шүүх хяналтын байгууллагаар шалгуулж байгаа гэж мэдэгдээд байхад, намын ЕНБД нь тухайн асуудалд тэс хөндлөн байр суурь илэрхийлж байгаа нь намын эв нэгдэл ямар хэмжээнд байна вэ гэдгийг харуулж буй ганцхан жишээ. Тиймээс ч бид эв нэгдлийг хангаж, эгэл жирийн гишүүдийн дуу хоолой болж гарч ирж байгаа юм.

-Та сая  МАН-ын байр буюу “Тусгаар тогтнолын ордон”-ыг  намын гишүүдийн мэдэлд авна гэж мэдэгдсэн. Ер нь намын байр одоо хэний мэдэлд байдаг юм бол?

-Одоогийн намын удирдлагууд, УИХ-ын гишүүд, НИХ-ын төлөөлөгчид намын 200 мянган гишүүдийн дэмжлэгтэйгээр буюу МАН гэдэг нэрээр сонгогдож гарч ирсэн. Гэтэл өнөөдөр талцан хуваагдаж, бие биенийгээ муулж байгаа байдал нь нийгэмд энэ намын нэр хүндийг унагаж байна. Эдгээр хүмүүс намын нэр хүндийг уландаа гишгэж байна гээд хэлчихэд хилсдэхгүй байдал үүсээд байгаа. Мөн тэдний төлөө зүтгэж, сонгуульт ажилд нь явж байсан улаан малгайт энгийн гишүүдийг үл тоосон байдлыг удаа дараалан гаргаж байгаа. “Тусгаар тогтнолын ордон”-оос намын дотоод зөрчлийг дэврэгсэн, хэт туйлширсан алхамуудыг хийж байгаа. Тиймээс л бид намын гишүүдийнхээ мэдэлд байраа авч байгаа юм.

-Намын гишүүд “Тусгаар тогтнолын ордон”-ыг мэдэлдээ авсанаар ямар ашигтай гэж?

-Ийнхүү намын гишүүд “Тусгаар тогтнолын ордон”-ыг өөрийн мэдэлдээ авсанаар намын Бага хурал, Их хурал болтол “Тусгаар тогтнолын ордон”-оос улс төрийн үйл ажиллагаа явагдахгүй байх болно. Тэгэхээр бид талцаж, хуваагдаад байгаа хүмүүс учир зүйгээ олтол “Тусгаар тогтнолын ордон”-нд байрлаж, эндээс дуу хоолойгоо хүргэж, олон нийтийг, намын гишүүдээ энэ үйл ажиллагаандаа татан оролцуулж байх болно. Өөрөөр хэлбэл, эгэл жирийн гишүүдийн дуу хоолой хүчтэй болгохоор бид ажиллаж байна.

-Та бүхэн намын байр руу хэнийг ч оруулахгүй, гаргахгүй гээд байгаа шүү дээ. Энэ нь ямар учиртай юм бэ?

-МАН-ын байр ер нь бол өөрөө түрээсийн байр биш. МАН-ын байр тангарагийн танхимтай, МАН-ын тусгаар тогтнолын музейтэй  байхаар төлөвлөгдсөн байдаг. Эдгээрийг нь байлгах хэрэгтэй. Тиймээс ч бид тэр шаардлагаа тавихаар бэлтгэж байгаа.

-Энэхүү эсэргүүцлийн жагсаал намын бага хурал дуустал үргэлжлэх болно гэж ойлгож болох уу?

-Бидний тэмцэл намын Бага хурал, Их хурлыг дуустал үргэлжлэх болно. Тодорхой шатанд  буюу тэр дундаа намын анхан шат гишүүдийг сонсдог шинэ удирдлагуудтай болсон цагт бид татан буугдаж болно. Тэр болтол бидний жагсаал үргэлжлүүлэх болно.

-Мэдээж та бүхэн энэхүү зориод хийж байгаа үйл хэргээ гүйцэлдүүлэхээр зүтгэх л байх. Гэхдээ нэлээд амаргүй байна байх аа. Учир нь Намын байрны хамгаалалт нэмэгдэж, цагдаагийхан ч хүч нэмэгдүүлчихсэн байна?

-Бид намын гишүүд. МАН бол нээлттэй, олон нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага. Тэгэхээр энэ бол бидний л байр. Намын байрны гадаа “Намын олон мянган гишүүд дэмжигчдийн хөлс хүч, хандиваар “Тусгаар тогтнолын ордон” боссон” гээд биччихсэн байдаг шүү дээ. Тэгээд ч бид хэн нэг рүү дайрч, давшлах гэсэнгүй. Зүгээр л намдаа санаа зовсон намын эгэл жирийн гишүүд дуу хоолойгоо нэгтгэж байгаа.

Цаг гарган ярилцсанд баярлалаа.

А.Баярмаа