“Ховд” голын усанд осолдсон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн гурван алба хаагчийн цогцсыг өчигдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 30-ны 14:12-15:02 цагийн хооронд аврагчид ослын газраас 80-200 метр зайтай, 3-5 метр гүнээс олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Талийгаачид Зэвсэгт хүчний  123 дугаар ангийн алба хаахаар хавар цэрэгт татагдсан байжээ.  Тодруулбал Увс аймгийн Өлгий сумын харъяат С /19 настай, эрэгтэй/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Б /22 настай, эрэгтэй/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Е /19 настай, эрэгтэй/  байсан юм. Тэд энэ сарын 27-ны өдөр усанд осолдсон. 

Тэднийг эрэх ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Ховд, Увс, Архангай аймгийн Онцгой байдлын газрын нийт 41 алба хаагч, 6 завь, 6 автомашинтайгаар, Зэвсэгт хүчний жанжин штабын Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Ганбаатараар ахлуулсан дөрвөн алба хаагч, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэрэгний багийн дөрвөн алба хаагч, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 41 алба хаагч, зургаан автомашин, аймгийн Цагдаагийн газар, тус сумын ЗДТГ-ын 20 ажилтан, хоёр автомашин, нийт 113 хүн, 15 автомашин, зургаан завь, нэг нисдэг тэрэгтэйгээр ажилласан юм.