Засгийн газраа огцруулахаар ман гишүүд нэгдээд буй. Санал нэгдсэн гишүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр ман-ын удирдлагуудын сандрал нэмэгдэж, удирдах зөвлөлийнхөө хурлын дараа УИХ дахь МАН-ын бүлгээ хуралдуулах гэсэн боловч гишүүд нь цугларсангүй. Бүлгийн гишүүдийн нэг хэсэг нь “МАН энэ өнгөрсөн хугацаанд олон удаа засаг барьж байсан. Гэвч энэ удаагийнх шиг засгийн газраа огцруулж байсан түүх үгүй. Бүгд МАН-аас УИХ-д сонгогдсон учир үүргээ ухамсарлах хэрэгтэй” хэмээн үзэж байгаа бол нөгөө хэсэг нь  “Эв нэгдэл, дүрэм, журам гэсэн гоё үгээр хууль бус, шударга бус үйлдлээ халхавчилж болохгүй” хэмээн зөрөөд буй.

 

 

Удирдах зөвлөлийн шийдвэр УИХ-ын 31 гишүүнд нөлөөлөхгүй

 

МАН-ын гишүүд ийнхүү хоёр хуваагдчихаад байгаа энэ үед намын дээд байгууллага болох удирдах зөвлөл бүтэн зургаан цагийн турш хуралдаад нөхцөл байдлыг эргүүлж чадсангүй. Тус хурлаар  засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүдийн өргөн барьсан хүсэлтийг хэлэлцэж, засгийн газраа тогтвортой байлгах, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийг биелүүлж байх утга бүхий тогтоол гаргасан. Удирдах зөвлөлийн хуралд гарын үсэг зурсан гишүүдээс УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн нар оролцсон гэх мэдээлэл бий. Үүнийг ч УИХ-ын гишүүн ц.даваасүрэн батлаад авсан. “Би удирдах зөвлөлийн хуралд оролцсон. Гэхдээ дунд хэсгээс нь гараад явчихсан. Намын удирдах зөвлөл засгийн газраа авч үлдэх талаар ярьсан. Бид нэгэнт шийдвэрээ гаргачихсан” хэмээсэн. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Намын удирдах зөвлөлийн шийдвэр гарын үсэг зурсан гишүүдийн үйлдлийг таслан зогсоох чиглэлээр гарсан гэж сонссон. Гэхдээ намын удирдах зөвлөлийн шийдвэр гарлаа гээд УИХ-ын гишүүний хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдах эрх байхгүй.  Өөрөөр хэлбэл Засгийн газрыг  огцруулахаар санал нэгдсэн гишүүдийн байр суурийг өөрчлөх боломжгүй. Намын дүрэм, эв нэгдэл гэдгээр болж бүтэхгүй байгаа зүйлийг халхавчилж болохгүй. Манай нам бол социал демократ үзэл бодолтой. Социал демократ үзлийн тулгын гурван чулуу нь эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёс. Эв нэгдэл гэдэг үнэт зүйлээр хууль бус үйлдэлээ халхавчилж болохгүй” гэж мэдэгдсэн нь УЗ-ийн олон цаг хуралдсаны үр дүн гарахгүй бололтой.

 

 

МАН УИХ дахь Бүлгийн хурлаа хийж чадсангүй

 

МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээ албажуулахаар УИХ дахь МАН-ын бүлгээ хуралдуулах гэсэн боловч хүчирсэнгүй. Удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар сураг дуулсан гишүүд нь хуралдаа ирэхгүй байсаар хоёр удаа товлогдсон хурал цуцлагдав.  Нэгэнт гаргасан шийдвэрээ дагана хэмээн засгийг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд хөдлөөгүй тул бүлэг гацаанд орсон гэж харж болохоор. Учир нь намын удирдах зөвлөлийн шийдвэр дэмжигдэх боломжгүй болж, засгийн газрыг огцрох ёстой гэсэн байр суурьтай гишүүд  давамгайлах магадлал өндөр болсон тул бүлгийн хурлаад ч нэмэргүй гэдгийг бүлгийн удирдлагууд ухаарсан бизээ. Байдал ийм дээрээ тулсан учир Засгийн газрын асуудлыг өнөөдөр хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганаар кноп дарж эцэслэхээр болж байна.

 

Нэг кноп нэг сая ам доллар гэнэ үү

 

МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээс болж, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж чадалгүй гацсанаас хойш ийм мэдээлэл цахимд тэр дундаа твитерт талд ассан түймэр мэт хурдтай тархав. МАН нэгэнт Засгийн газрынхаа хувь заяаг эргүүлж чадалгүй, УИХ-ын чуулганы танхимд оруулах нь тодорхой болсон. Харин энэ үед зарим нэг гишүүдийн санал эргэлзээтэй байгаа. Эдгээр гишүүдийн саналыг авах гэсэн оролдлого уу ямартай ч Засгийн газрын эсрэг санал үнэд орж эхэлсэн бололтой. Засгийн газрыг огцруулах сонирхол МАН-ын гишүүдийн 50 хувьд нь бий. УИХ-ын Х.Нямбаатарын мэдэгдсэнээр хоёр гишүүд нэмж гарын үсгээ зурчихвал олонхийн санал болж, АН-ын бүлгийн гишүүд, МАХН-ын О.Баасанхүү болон бие даагч С.Жавхлантай хүч хавсарвал өлхөн өвдөг шороодуулчихна. Гэвч найдвартай бат араанд хийх гэсэн нөхдийн башир арга ийнхүү мөнгөөр бороо оруулж санал худалдаж авахаар санаархаж байгааг ч үгүйсгэх аргагүй юм. Эсвэл нөгөө талаар ийн мэдээлэл түгээж байгаа нь Засгаа авч үлдэх хорон арга ч байж мэдэх. Ямартай ч Засгийн газрыг унагах кноп хамгийн багадаа сая ам доллар хүрч байна гэнэ шүү. 

 

Б.Өрнөх