Дэлхийн аваргын дэвжээнд төрийнхөө далбааг хоёронтоо мандуулж, хошой хүрэл медальтан болсон Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяртай ярилцлаа.

 


-Дэлхийн дэвжээнд гурван удаа зодоглож, дэлхийн аваргын хошой хүрэл медалийн эзэн болсонд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Танаар монголын ард түмэн бахархаж байна...

-Баярлалаа. Бөхөө дээдэлдэг ард түмнийхээ сэтгэлээр, багш нарынхаа хүчээр, ар гэр, найз нөхдийнхөө итгэлээр дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэндээ баяртай байна.

Гэхдээ үүнээс илүү амжилт гаргах бүрэн боломжтой байсан ч боломжоо алдлаа. Энэ жил дэлхийн аварга болно гэдэгтээ бүрэн итгэлтэй л байсан. Чадна гэдгээ ч мэдэж байлаа. Гэвч өөртөө дэндүү итгэлтэй байснаасаа болж, барилдаандаа алдаа гаргасан. Шөвгийн наймд Японы Юки Такахашид хоёр оноо алдаж, улмаар ялагдсан. Ингээд дагах барилдаанд өнгөрсөн жилийн Азийн аварга Энэтхэгийн Сандееп Томарыг оноогоор цэвэр ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Болгарын бөх В.Дубовыг ялж, дэлхийн аваргын хоёр дахь хүрэл медалиа хүртлээ. Энэ жилийн дэлхийн аваргын барилдаан санасныг бодоход өрсөлдөгч их ширүүн байв. Багш, дасгалжуулагч, миний ард ажилласан бүх хүмүүсдээ баярлалаа.

-Үнэхээр таныг энэ жил өнгөтэй байгааг, бэлтгэл сургуулилт тань ханачихсан сайн байсныг багш нар тань хэлж байна лээ...

-Тийм ээ. Бэлтгэл сургуулилт сайн байсан. Аварга болно гэдэгтээ үнэхээр итгэлтэй байсан ч санаснаар болсонгүй ээ. Дэлхийн аварга болж чадаагүйдээ сэтгэл гонсгор л байна.

-Гэхдээ дэлхийн хошой медальтан болно гэдэг бас л бахархмаар амжилт шүү дээ. Та өмнө нь Юки Такахашиг дийлж байсан удаатай. Түүнтэй барилдаж байхдаа юу бодож байв?

-Энэ бөхтэй би анх дэлхийн аваргын хүрэл медаль хүртэхдээ гуравдугаар тойрогт таарч байсан. Ер нь их хүчтэй бөх л дөө. Өмнө нь хаячихсан болохоор энэ удаад дийлчих байх гэж санасан маань алдаа болсон. Миний барилдааныг их судалсан байж мэднэ ээ. Унаж байж бөх болно гэдэг шиг надад дийлдсэн тэр Японы бөх дахин таарвал хэрхэн барилдах уу гэдгээ их бодсон нь илт. Би харин өмнө дийлж байсан болохоор энэ удаад бас л ялна гэсэн бодолтой байсан.

Бэхбаярын энэхүү мэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрийн шилдэг барилдаанаар тодорсон

-Таны барилдсан хэсэгт дэлхийд чансаа өндөр бөхчүүд их орсон. Сугалаа ер нь хатуухан таарчих уу даа?

-Сайн, дэлхийд танигдчихсан бөхчүүдтэй нэг зоонд таарлаа. Нөгөө талаасаа нэг л жинд барилдаж байгаа бөхчүүд учраас хатуухан таарсанд нь баярласан. Хэсэгтээ сайн, сайн бөхчүүдийг дийлж, медалийн төлөө барилдана гэдэг яагаад ч юм сайхан санагдсан л даа.

-Хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын хос медальтан Болгарын бөх Владимир Дубовтой таарсан. Түүнтэй барилдахдаа бэргэж байсан уу. Сэтгэл зүйн хувьд хэр давуутай байв?

-Дубов бол дэлхийд танигдсан бөх л дөө. Өмнө нь би чинь хоёр удаа дэлхйин аваргын дэвжээнд гараад үзчихсэн. Бас медаль хүртчихсэн болохоор айх, эмээх зүйл байгаагүй ээ. Адилхан дэлхийн аваргаас медаль хүртэж, дэвжээнд гарсан бөхчүүд гэдэг утгаараа зоригтой л барилдсан. Дэвжээнд гарахаасаа өмнө энэ миний сүүлийн боломж, үүнийг л алдвал надад багш нартаа, ард түмэндээ хэлэх үг олдохгүй гэж бодсон. Шуудхан хэлэхэд би энэ бөхийг ялна, дийлнэ л гэсэн бодолтой гарсан. Ингээд хүрэл медаль хүртчихээд өөрийн эрхгүй баярласан даа.

-Дэлхийн аваргаар таны хийсэн мэхийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос уг тэмцээний тав дахь өдрийн шилдгээр тодруулсан. Таны багш Болормаа “Бэхбаяр маань ямар ч мэхийг их даацтай, мэдрэмжтэй хийдэг” хэмээн онцлон хэлж байсан.

-Миний хувьд ихэвчлэн өрсөлдөгч бөхийнхөө хөлд нь орж барилддаг. Ямар нэгэн мэх хийхдээ өөртөө их итгэлтэй хийдэг л дээ. Тэгж байж л оноо авч чадна шүү дээ. Саяны дэлхийн аваргаар нэгдүгээр тойрогт Кыргызстаны бөх Улукбек Жолдошбекогтой таарч барилдсан. Барилдааны үеэр өрсөлдөгч бөх маань ухас хийгээд миний хөл рүү дайрсан. Тэр үед бие зөрүүлээд баруун хөлийг нь тойрч, тэндээсээ ард нь гарч, гараа бэлхүүсээр нь холбосон. Ингээд шууд л өргөж, араараа шидсэн. Улмаар Кыргызстаны бөхийг оноогоор цэвэр ялсан даа. Сүүлд нь миний энэ барилдааныг нэгдсэн холбооноос тэр өдрийн шилдэг барилдаанаар тодруулсан юм билээ. Миний хийж байгаа мэх, техник, хөдөлгөөн бүр хоёр багштай минь салшгүй холбоотой гэж боддог. Багш нарынхаа хүчээр л би өдий зэрэгтэй яваа шүү дээ.

-Дэлхийн аваргаас хоёр дахь удаагаа хүрэл медаль хүртэж, шагналын тавцан дээр зогсож байх тэр мөчид юу бодогдох юм?

-Тавцан дээр гараад хамгийн түрүүн эх орны минь төрийн далбааг барьсан монголчууд маань үзэгчдийн суудалд байна уу гэдгийг харсан. Яг медаль гардуулах мөчид тэнгэрт одсон аавыгаа их бодлоо. Миний аав хүүгээ дэлхийн хошой медальтан болсныг үзсэн бол бахархах байсандаа гэж. Бас багш нартаа очиж баярлалаа гэж хэлмээр санагдсан шүү. Ер нь их сайхан.

-Таны багш Монгол Улсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ гуайг олон түмэн андахгүй мэднэ. Нэгэн үед тив дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг гаргаж явсан алдарт бөх шүү дээ?

-Багш маань дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай, дэлхийн бөх. Дэлхийн аваргын хос медальтан болж багшийнхаа амжилтыг давтсандаа баяртай байна. Уг нь дэлхийн аварга болж багшийнхаа зорьж байсан амжилтыг гаргахыг хүсч байлаа. Даанч болсонгүй дээ. Уучлаарай багш аа. Дараа дараагийн тэмцээнүүдэд илүү их амжилт гарган барилдах болно. Энэ жилийн дэлхийн аваргаар багш маань хамт явж амжаагүй ээ. Миний барилдааныг эх орондоо үзэж, дээлний минь захыг мушгиж суусан.Намайг хүрэл медаль хүртсэнд багш маань үнэхээр их баярласан гэж байсан. Миний энэхүү амжилтын ард чөлөөт бөхийг үнэн сэтгэлээсээ дэмждэг олон хүмүүс, байгууллага бий. Монголын чөлөөт бөхийн холбоо, Үндэсний шигшээ багийн алба, Спортын анагаах ухааны алба, “Хангарьд” спорт хороо, “Алтай констракшин” компани зэрэг намайг сэтгэл зүрхнээсээ дэмжин тусалдаг хүмүүсдээ талархаж байгаагаа илэрхийлье ээ.

-Чөлөөт бөхийн спортоор хичнээн жил хичээллэж байна вэ. Таныг анх ахтайгаа хамт энэхүү спортыг сонирхон хичээллэх болсон гэдэг?

-Тийм ээ. Би эцэг, эхээсээ хоёулаа. Ах бид хоёр нэг насны зөрүүтэй болохоор найзууд шиг л байдаг. Ахыг маань Э.Бөхбаяр гэдэг. Спортын мастер цолтой хүн. Дэрсхэн өссөн айлын хоёр эрэгтэй хүүхэд болохоор чөлөө завгүй л хоорондоо ноцолддог байсан сан. Бид хоёрыг бөх болъё гэхэд аав, ээж хоёр маань дуртайяа зөвшөөрч билээ. Ингээд 2004 онд гавьяат тамирчин А.Энхээ багшийнхаа шавь болж ирсэн дээ. Өдгөө 13 жил Энхээ багш, түүний эхнэр Болормаа багш нартайгаа амьдралын жаргал зовлон, ялалт, ялагдлыг хамт л туулж явна. Ийм мундаг багш нараараа бахархаж бас талархаж явдаг.

-Өнгөрсөн жилийн “Рио”-гийн олимпоор санасандаа хүрч барилдаж чадаагүй. Тэрхүү алдаагаа дүгнэж, ирэх олимпод өндөр амжилт гаргахын төлөө зорьж байгаа байх...

-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн жилийн олимпод манай улсаас хамгийн олон тамирчид явсан. Гэхдээ төдийлөн амжилт гаргаж чадаагүй. Миний хувьд ч гэсэн. Эхний тойрогтоо Сенегалын бөх А.Диатад дийлдэж, тааруу амжилт үзүүлсэн. Би юун дээр алдав, юу дутуу байв гэдгээ хожим багш дасгалжуулагч нартайгаа ярилцаж, түүндээ тулгуурлан бэлтгэл сургуулилтаа хийж байна. Ирэх олимпоор юутай ч өнгөрсөн жилийнхээ алдааг давтахгүй ээ. Илүү өндөр амжилтыг гарган, эх орныхоо нэрийг Японы тэнгэрт мандуулах болно.

-Та баруун аймгийн хүн. Нутаг усандаа очих уу. Эсвэл эндээ бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн хийх үү?

-Би Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрж, өссөн хүн. Ойрын хэдэн хоног бэлтгэл сургуулилт хийх бодолгүй л байна. Нэг сайхан амарч авна аа (инээв). Нутаг руугаа очих санаа бол байна. Харин амжих нь уу даа. Дараа дараагийн дэлхийн аварга, Азийн аваргаас алтан медаль хүртэхийн тулд одооноос бэлтгэл сургуулилтаа базаах хэрэгтэй. Тамирчин хүнд амрах хугацаа их. Гэхдээ амрах цаг маань одоо болоогүй л байна. Тийм болохоор ард түмнийхээ итгэлийг алдалгүй, гаргасан амжилтаа улам дээшээ ахиулах болно.

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН