Дэлхийн 2-р дайны үед Германы командлал бүслэгдсэн Ленинград руу хорлон сүйтгэгч-туршуулуудыг олноор илгээж байв. Тэд тагнуулуудаа дээд зэргээр бэлтгэдэг байсныг хэлэх хэрэгтэй. Хувцас хэрэглэл, бичиг баримт нь оросуудынхаас огт ялгагдах юмгүй, нууц үг, дохио зангаа, уулзах газар, хаяг гээд л юуг ч орхигдуулахгүй анхаарна.

Гэтэл... энэ бүхэн нь шал дэмий хэрэг болж таарах нь тэр. Супер бэлтгэлтэй тагнуулуудыг нь зүгээр л бичиг баримт шалгах төдийд илрүүлчихээд байв. Германы сор болсон криминалистуудын гайхалтай бүтээлүүд явахаа больжээ. Гэтэл энэ хуурамч бичиг баримтуудыг хийх гэж хичнээн их хөдөлмөр, ур ухаан зарцуулсан гэж санана! Мэргэжилтнүүдийн бүхэл бүтэн арми бичиг баримтны цаас, өнгө будаг, бичиглэл зэргийг нэгд нэгдгүй судалж, ширхэгчлэн дуурайвч үр дүнгүй! Бичиг үсэг хагас дутуу тайлагдсан тариачин гаралтай цэргүүд хүртэл нэг хараад л хуурамч гэдгийг нь мэдчихдэг байлаа.

Оросын бичиг баримтыг яагаад хуурамчаар хийж болохгүй байсны учир нь бүр дайны дараа олдсон юм. Учир нь дэндүү энгийн зүйлд байжээ. Германчууд “соёлтой ард түмэн” болохоороо бичиг баримтын үдээсийг зэвэрдэггүй төмрөөр хийдэг байж. Харин тэр үед Оросынх мэдээж зэвтэй байж таарна.