Монголын ТӨР оюуны спортыг хэзээ үнэлэх вэ
2017/09/08
Монголын Оюун ухааны академийн тамирчид өнгөрсөн сард Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож 90 медалийн 73-ыг нь шүүрч шижигнэсэн амжилт үзүүлж, дэлхийг алмайруулав. Энэ амжилтыг онцлохгүй байхын аргагүй. Тэд нас, насны ангилалд нийт 25 дэлхийн рекордыг эзэмшиж байна. Бахархмаар биш гэж үү. Гэтэл тэдний энэ амжилтыг төр засаг нь огт үнэлдэггүй. Биеийн хүчний спортыг л ойлгож үнэлдэг монголын төр оюуны спортыг хэзээ үнэлэх бол...
Ой тогтоолтын спортын тамирчдын бахдам амжилт
Монголын оюун ухааны академи 2010 онд байгуулагдсан цагаасаа олон улсын чанартай тэмцээнд оролцсон бөгөөд тэмцээн бүртээ гялалзсан амжилтаар бусад орны тамирчдыг алмайруулсаар ирсэн. Ой тогтоолтын спорт нь харааны болон сонсголын тогтоох чадвар шаардсан 10 төрөлтэй. Төрөл тус бүрийн нийлбэр онооноос шалтгаалан цол олгодог. Одоогоор манай улсад ой тогтоолтын спортын хамгийн том цол болох олон улсын их мастер зургаа байдаг бол их мастер долоо, олон улсын мастер 13, Азийн мастер 26 тамирчин бий. Мөн тэд нас, насны ангилалд дэлхийн 25 рекордыг эзэмшиж байна.
Олон улсын их мастерууд
А.Янжиндулам
Н.Энхшүр
Н.Мөнхшүр
Э.Энхмөнх
Э.Пүрэвжав
Ө.Сэнгэсамдан
Ерөнхийлөгч өө, амлалтандаа хүрээрэй
Ерөнхийлөгч Х.Баттулга хими, физик, математикийн олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцож медаль хүртсэн сурагчид, багш нарыг хүлээн авч уулзах үеэрээ “Оюуны спортыг дэмжинэ, ивээлдээ авна” гэж байв. Энэ үйл явдлаас сарын дараа Ой тогтоолтын спортын тамирчид Азийн аваргын тэмцээнд оролцон дээрх амжилтыг үзүүлсэн ч Ерөнхийлөгч маань тэднийг хүлээн авч уулзсангүй. Төрийн тэргүүн маань дэлхийд хүлээн зөвшөөрч, жил бүр тив, дэлхийн аваргаа тодруулж буй Ой тогтоолтын спортыг оюуны спорт гэж үнэлдэггүй бололтой. Тиймдээ Азийн аваргын тэмцээнээс 90 медалийн 73-ыг нь хүртсэн тамирчдынхаа амжилтыг өндрөөр үнэлэх нь бүү хэл хүлээн авч ч уулзаагүй нь даанч харамсалтай. Ерөнхийлөгч оюуны спортыг бүх талаар нь дэмжинэ гэж байгаа ч ой тогтоолтын тамирчдын адил хүү, охиноо хими, физик, математикийн олон улсын олимпиадад оролцуулахаар хэн нэгнээс зээлэн байж босгосон тэмцээний зардлыг төрөөс гаргах тухай дурсаагүй. Гэтэл биеийн хүч шаардсан спортыг бүх талаар нь дэмждэг. Засгийн газраас гаргасан журмын дагуу Олимп, тив, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд сонирхогчдын спортын төрлөөр оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг насан туршид нь сар бүр тордорхой мөнгөн дүгээр урамшуулдаг. Тодруулбал, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн бол сар бүр хоёр сая, мөнгөн медаль хүртсэн бол нэг сая, хүрэл бол 0.5 сая төгрөгийн урамшуулал олгодог. Гэтэл оюуны спортыг хэрхэн үнэлэх тухай ийм журам байдаггүй. Ерөнхийлөгч та хэлсэн амлалтандаа хүрээд оюуны спортын тамирчдыг дэмжин, тэдний амжилтыг биеийн хүчний спортын тамирчдын амжилттай адил үнэлвэл “гоё” харагдана. Эцсийн дүнд Монголыг монгол хүний оюун ухаан л хөгжүүлнэ.
Ой тогтоолтын спорт оюуны спорт мөн үү
Ой тогтоолтын спорт нь оюуны спорт мөн гэдгийг олон улс хүлээн зөвшөөрч жил бүр тив, дэлхийн аваргаа тодруулдаг. Мөн энэ спортын тамирчдаа дэмжин шаардлагатай бүх зүйлээр нь хангадаг аж. Ой тогтоолтын спортын тамирчин нь тусгай аргачлалын дагуу аливаа зүйлийг тогтоох бөгөөд түүнийгээ хичээл болон ажилд ашигласнаар мэдээ, мэдээллийн энэ зуунд амжилттай ажиллах, бусдаас хэдэн алхмын түрүүнд алхах боломжтой юм. Монголын Оюун ухааны академийн тамирчид энэ аргыг хичээлдээ ашиглан гаднын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцдаг аж.
Оюуны спортыг шатар, даамаар ойлгодог монголчууд хэдэн жилийн өмнө ийм төрлийн спорт байдаг гэдгийг ч мэддэггүй байлаа. Х.Хатанбаатар гэх нүдний шилтэй залуу хөзөр цээжлэн зурагтаар үзэгдэх болсноор бид ой тогтоолтын спортын талаар гадарлах болж, “Хүн компьютер шиг санах ойтой байх уу. Ийм юм гэж байдаг аа” гэх гайхашрал, “Нээрээ энэ үнэн юм болов уу. Шоу хийгээд байгаа юм биш байгаа” гэсэн эргэлзээтэйгээр угтаж байлаа. Монголын оюун ухааны академийн тамирчдын дээрх амжилт Х.Хатанбаатараас үүдэлтэй. Эрхзүйч мэргэжилтэй энэ залуу Турк Улсад суралцаж байх үедээ найзуудтайгаа ярилцаж сууж байхдаа зурагтаар хальт гараад өнгөрсөн мэдээллээс ийм спорт байдаг гэдгийг мэдэж, энэ спортоор хичээллэх болсон гэдэг. Х.Хатанбаатар нь монгол хүний оюуны чадамжийг дэлхийд таниулах хүсэл мөрөөдөлтэйгөөр 2010 онд Монголын Оюун ухааны академийг байгуулсан ба өнөөдөр гар нийлсэн хамт олны хичээл зүтгэл, мэриймтгий суралцагчид болон тэдний гэр бүлийн дэмжлэгээр Монгол Улс оюуны спортын зарим төрлөөр дэлхийд чанараараа нэгдүгээрт бичигдэж эх орноо олон улсад амжилттайгаар сурталчилсаар байна. Энэ амжилтад чухал нөлөө үзүүлсэн хүн бол Х.Хатанбаатараас гадна тамирчдыг гардан дасгалжуулж байгаа ерөнхий дасгалжуулагч, олон улсын шүүгч Б.Баасандорж. Түүний хичээл зүтгэлийг дурдахгүй өнгөрч болохгүй.
Хонконгод өнгөрсөн сарын 26, 27-нд болсон Ой тогтоолтын Азийн аваргын тэмцээнд Монгол Улсын 20 тамирчин 11 орны 150 гаруй өрсөлдөгчөө ялж 28 алт, 25 мөнгө, 20 хүрэл медаль аваад ирж байхад манай улсын холбогдох байгууллагууд тамирчдынхаа амжилтыг үнэлэх нь бүү хэл сайхан үгээр ч урамшуулсангүй. Энэ удаад л ингэж байгаа юм биш. Оюун ухааны тамирчид энэ хэдхэн жилийн хугацаанд олон улсын 44 тэмцээнээс 685 медаль хүртэж, тэр бүртээ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосоор байхад алинд нь ч төр засгаас урмын үг хайрласангүй.
Амжилт гаргасан тамирчдаа олон улсад хэрхэн үнэлдэг талаар Монголын Оюун ухааны академийн ерөнхий дасгалжуулагч, олон улсын шүүгч Б.Баасандоржоос лавлахад “Олон улсад ой тогтоолтын тамирчид нь тусгай тамирчид гэж явдаг. Ажил, мэргэжил нь болсон байдаг. Харин манай улсын тамирчид хоббигоороо суралцдаг гэж хэлж болно. Тамирчид маань хичээлээ тараад, 18.00-22.00 цаг хүртэл бэлтгэлээ хийж, хичээллэдэг. Маш их ачаалалтай ажилладаг. Гэхдээ ямар нэгэн урамшуулал олгодоггүй. Харин бусад оронд ой тогтоолтын тамирчдаа Засгийн газраас нь дэмждэг. Тусгай кэмпэд байруулж, бэлтгэлийг нь хийлгэдэг. Ялангуяа өмнөд хөршид 500 гаруй мужаас шилдгүүдийг шалгаруулан тусгай газар байрлуулж, хоол унд, тэмцээний зардал зэрэг бүх зүйлээр нь хангадаг. Манайд тийм юм байдаггүй. Тэглээ гээд бид гомдоллодоггүй. Тамирчид сонирхлоороо хичээллэж байгаагийн дээр хэдхэн сарын дотор бэлтгэл хийгээд л ийм амжилт үзүүлж байгаа нь монгол хүний оюуны чадамж ямар гайхалтай гэдгийг л харуулж байгаа юм. Азийн аваргын тэмцээн дээр 15 жил хичээллэж буй Германы тамирчид болох дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх Иоханнес Маллов, зургаадугаарт эрэмбэлэгдэх Симон Рейнхард нарыг ихэр тамирчид болох олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар ялж олныг гайхашруулж монголчууд богино хугацаанд асар хурдан хөгжиж шилдэг болохоо баталсан” гэж байлаа. Биеийн хүчний спортыг л ойлгож үнэлдэг Монголын төр оюуны спортынхныг хэзээ үнэлэх бол...
Үргэлжлэл бий...
Р.Ренчиндулам
www.shuud.mn
Зочин · 2017/09/23
Олимпийн төрөл биш учраас дэмий биз дээ.