Б. Хонгорзул олимпийн өлгий нутгаас хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грекийн нийслэл Афинд үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр охидын 52 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Болдсайханы Хонгорзул хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас өсвөр үеийн ДАШТ-ээс 13 дахь медалийг эх орондоо авчирч байна.

Б.Хонгорзулын жинд 22 орны тамирчин барилдсан бөгөөд эхлээд Украины Соломиа Винникийг, дараа нь Канадын Виктория Салыг тус бүр оноогоор цэвэр (10:0) ялсан ч 1/4 шигшээд 2016 оны өсвөр үеийн Азийн аварга Японы Юзүка Инагакид 2:12-оор ялагдав. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагаж барилдахаар болсон. Дагах барилдаанд Польшийн Польшийн Аманда Томшикийг 7:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдвэрлэх барилдаанд өнгөрсөн жилийн ЕАШТ-ий хүрэл медальт ОХУ-ын Анастасья Сиделниковаг 6:1-ээр тус тус ялсан юм.

Өсвөр үеийн ДАШТ-ээс нэг хүрэл медальтай ирж байгаа хэдий ч манай охидуудад Афины цагийн зөрүү нөлөөлөв үү, санасныг бодвол боломжоосоо доогуур барилдлаа. Монголын эмэгтэй бөхчүүдийн ирээдүйд авч явах залгамж халаа болсон охидууд маань олимпийн өлгий нутгийн дэвжээ том туршлага болсон нь дамжиггүй. Тэднийг цаашид олон тэмцээн хүлээж байна.