Замын түгжрэлийг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнээс машин ачих үйлчилгээг дахин эхлүүлсэн. Нэг талаасаа зам уулзвар хааж зогссон жолоочийн буруу . Нөгөө талаас зам чөлөөлж байгаа нь зөв ч ачилтын байгууллагууд мөнгөнд хэт улайран шударга бус зан гаргасаар байна. Тухайлбал өчигдөр100 айлын замд нэгдүгээр эгнээ таглан тавьсан машинд сууж байгаа хүүхдийг буулгаад ачсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан.

Гэтэл энэ нь ачсан, ачуулсан хоёрын хэн хэнийх нь буруутай үйл ажиллагаа болж таарсан.

Энэ талаар Замын цагдаагийн алба: 2017.09.02-ны өдөр 100 айлын замд верна маркийн автомашины жолооч нь тээврийн хэрэгслээ зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчин байрлуулсан ба тухайн автомашин нь 100 айлын замын хөдөлгөөнд саад болж ачаалал үүсгэж байсан тул уулзвар дээр ажиллаж байсан замын цагдаагийн алба хаагч автомашин дээр ирж шалгахад автомашин дотор эцэг эх асран хамгаалагчгүй хүүхэд ганцаараа байсан ба эцэг эх рүү нь холбогдох гэсэн боловч гар утсаа машиндаа орхиод явсан байсан байна. Түгжрэлийгг арилгах хөдөлгөөнийг чөлөөтэй явуулахын тулд алба хаагч тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнээс холдуулж автобусны буудал дээр байрлуулаад явсан байна. Үүний дараа хүүхэд нь машинаа түгжээд эцэг эхээ дуудахаар явсан байх хойгуур тухайн гудамж замд ачилтын үйл ажиллагаа явуулдаг Бат-Зэв ХХК-ны ачигч автомашин замын цагдаагийн алба хаагчийн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг зөөж түр саатуулах байранд байрлуулсан байна. 
Дээрхи зөрчлийг гаргасан ачилтын компанид зөвшөөрөлгүй ачилт явуулахгүй байх, жолооч ачигч нарын харьцааны соёлыг сайжруулах дахин зөрчил гаргасан тохиолдолд гэрээг цуцлуулах талаар албан мэдэгдэл хүргүүллээ” гэж мэдэгдсэн.

Ачилтын Бат-Зэв ХХК-ийн хувьд  уг машиныг ачихдаа тойрч бичлэг хийсэн. Тойрч бичлэг хийж байх үед машинд хүүхэд байгаагүй гэдгийг мэдэгдсэн. Тухайн байгууллагын хувьд Замын цагдаагийн зөвшөөрөлгүйгээр  машин ачсан нь буруудсан.  

Өөрөөр хэлбэл ачигч байгууллага зөвхөн замын цагдаагийн зөвшөөрөлтэйгөөр машин ачих ёстой. Мөн тухайн машины эзэн рүү залгаж мэдэгдэх ёстой. Нийслэлийн авто замын хөгжлийн газар, ачилтын компанитай байгуулдаг гэрээнд ч энэ талаар тусгасан байдаг.

Энэ бол нэгдүгээр эгнээд машинаа орхисон хариуцлагагүй жолооч, мөнгөнд улайрч цагдаагийн зөвшөөрөлгүй ачсан машин ачилтын компанийн буруутай үйл ажиллагаа.

Хэрвээ хэн хэн нь хариуцлагатай хандсан бол зургаан настай хүүхэд эрсдэлтэй байдалд орохгүй байсан. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа хэн бүхэн анхаарал болгоомжтой, хариуцлагатай оролцож болзошгүй эрсдэлээс сэргийлэх учиртай.