Өртгийн сүлжээнд дарлуулсан Монгол
2017/09/20
АНУ дэлхийн улс орнуудад неолибераль гэх эдийн засгийн үзэл баримтлалыг тулгадаг байв. Энэхүү үзэл нь “Төсвийн алдагдлыг багасга, төрийн өмчөө хувьчил, томоохон үндэстэн дамнасан корпорациудад эрх чөлөөг нь өг, байгалийн баялагаа тэдний эрх мэдэлд өг” гэсэн үзэл санааг илэрхийлдэг байна. Гэвч энэ үзэл нь амьдралд нийцэхгүй болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, 2008 оны сүүлээр Вашингтонд болсон “Их 20”-ын уулзалтын үеэр “Төрийн удирдлагатай зах зээлийн эдийн засаг”-ийн үзлийг баримтлах нь зүйтэй болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Ийнхүү өнөөдөр дэлхий дээр “Төрийн удирдлагатай зах зээлийн эдийн засаг”-ийн хөгжлийн үндсэн загвар хэрэгжиж байна. Жишээлбэл, дэлхийн улс орнуудад ард түмнийхээ өргөн хэрэглэдэг барааны үнийг төрөөс зохицуулдаг. Тэр үнээс нь илүүдэх юм уу, дутуудуулах ёсгүй. Хэрэв зөрчвөл торгууль, шийтгэлтэй байдаг байна. Харин манайд хэн дуртай нь хүссэн үнээ хэлж бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. Дундаас нь ашиг хайгч ченжүүд хөлждөг. Үйлдвэрлэгчид багахан ашиг хүртэж, хэрэглэгчид хохирдог. Нэг ёсондоо манайх дэлхий даяар хүлээн зөвшөөрөөд байгаа “Төрийн удирдлагатай зах зээлийн эдийн засаг”-ийн харилцааг хэрэгжүүлж эхлээгүй байна. Манайхаас өөр “Зах зээл бүгдийг шийднэ” гэж хэлээд сууж байгаа улс орон нэг ч байхгүй гэдгийг судлаачид хэлдэг.
Тэгвэл дээрх асуудалтай утга нэг зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо. Энэхүү хурал нь “Монгол Улсын ногоон эдийн засагт шилжих шилжилт ба гадаад худалдааны боломж” сэдэвтэй байв. Байгаль орчинд ээлтэй органик бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд экспортлох, дэлхийн ногоон худалдааны боломжийг ашиглах зорилготой төслийг НҮБ-тай хамтран хэрэгжүүлэхээр болсон юм байна. Зөвлөлдөх уулзалтын үеэр Хоршоологчдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин “Ногоон үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хэлхээ” сэдэвт сонирхолтой илтгэл тавив. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсад зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчим харилцан адилгүй учраас үнийн хэлбэлзэл маш өндөр байдаг. Түүнчлэн нэгдсэн тээвэр, ложистик, агуулахын систем хөгжөөгүйгээс болж ялангуяа хөдөө, аж ахуйн салбарт маш их зардал гардаг. Нөгөө талаасаа үндэсний үйлдвэрлэгчид, анхан шатны баялаг бүтээгчид эцсийн хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ борлуулж чаддаггүй. Учир нь, өртөг зардал өндөр байдаг учраас дундын зуучлагч буюу ченжүүдэд олноор нь худалддаг. Гол асуудал нь малчид малын гаралтай бүтээгдэхүүнээ төвлөрүүлж, нэгдсэн нийлүүлэлтийн хэлхээнд холбоогүй. Дор бүрнээ борлуулалт хийхэд хүндрэлтэй байдаг. Үүнээс шалтгаалж тодорхой хэмжээний зах зээлийн орон зай гарч ирдэг. Энэ орон зайнаас ченж буюу дундын зуучлагчид үнэ хөөрөгдөж ашиг хүртдэг. Анхан шатны баялаг бүтээж байгаа иргэдийн орлого ченжүүдээс хамаагүй бага байгаа учраас шударга бус байна” хэмээлээ. Үнэхээр ч тийм юм. Монголд борлуулагдаж байгаа бараа бүтээгдэхүүн нэгдсэн нэг ханштай байдаггүй. Бүгд л өөр өөрийн зоргоор үнээ тогтоодог. Эцсийн дүндээ иргэд хохирдог нь нууц биш.
Хамгийн ойрын жишээ гэвэл, Монгол Улс 60 сая гаруй тоо толгой малтай. Гэвч Улаанбаатарт борлуулагдаж байгаа малын гаралтай бүтээгдэ-хүүний үнэ өндөр байдаг. Нэг ёсондоо ченжүүдийн зохиож тавьсан үнэнд нийслэлчүүд дарлуулаад сууж байна. Үүнд төрийн оновчтой зохицуулалт байдаггүй нь харамсалтай. Малчид, тариаланчид өөрсдөө хотод ирээд зарья гэхээр унаа хөлс, лангууны түрээс гэх мэтчилэн асуудлаас шалтгаалж ченжүүдэд хямд үнээр худалддаг. Харин ченжүүд агуулахдаа хураагаад жилийн дөрвөн улиралд маш өндөр үнээр хэрэглэгчдэд зарж ашиг олдог. Тиймээс өртгийн сүлжээ буюу нийлэлтийн хэлхээг хоршоогоор дамжуулж хийх хэрэгтэй гэдгийг Хоршоологчдын үндэсний холбоонынхон үзэж байгаа юм байна. Ингэснээр тодорхой үнэ тогтож, бараа бүтээгдэхүүн өөрийн гэсэн стандарттай болох боломжтой гэнэ. Хоршоо гэдэг бол гишүүн төвтэй байгууллага байдаг. Хэрэв малчид, тариаланчдыг хоршоодын нэгдсэн системд оруулбал улсын бааз суурь нэмэгдэж, эдийн засаг тэлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Түүнчлэн ажлын байр бий болж, малчид, тариаланчид нийгмийн даатгал, эрүүл мэнд зэрэг төрийн үйлчилгээнд хамрагдах боломжтой ажээ. Ямартай ч дээрх зохицуулалт биелэлээ олбол нэг алхам урагш ахих нь мэдээж.
Үүнээс гадна манай гадаад худалдаанд ч ялгаагүй шударга бус зүйл ажиглагддаг. Малчид, тариаланчид гэлтгүй үндэсний үйлдвэрлэгчдийг зах зээлийн хатуу, чөлөөтэй өрсөлдөөн хайрласангүй. Наад зах нь гэхэд таны хэрэглэж байгаа идэж, уух, өмсөх, зүүхээс эхлээд хоёр мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн бий. Эдгээр бүтээгдэхүүнээс “Made in Mongolia” гэсэн бүтээгдэхүүн хэдэн ширхэг байна вэ. Мэдээж цөөхөн бий. Монгол Улс үндэсний бүтээлч чанарыг хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэл дээр суурилсан эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тодорхой алхам хийж чадаагүй. Социализмын үед монголчууд зургаан мянган нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, 100 мянган ажилчинтай байжээ. Гэтэл өнөөдөр дээрх томоохон үйлдвэрүүд агуулах сав болж, худалдааны байгууллага болоод дуусч байна. Тиймээс БНСУ, Япон, ОХУ-ын хөгжлийг харах хэрэгтэй. Эдгээр орон дотоодын зах зээлээ хамгаалах, худалдааны алдагдлыг барих, импортын гаалийн татваруудаа ижил төвшинд байлгах зэрэг макро төвшиний зохицуулалтаа зөв хийж чаддаг. Харин манайд ийм зүйл байхгүй. Жишээлбэл, Хятадтай худалдаа хийхдээ арван хонь өгөөд арван бэлэн гоймон авдаг гэх. ОХУ-тай худалдаа хийхдээ арван хонь өгөөд арван ширхэг алим авах жишээний. Энэ жишээ манай гадаад худалдаа асар их алдагдалтай байгааг харуулж байгаа юм. Наад зах нь гаалийн тарифын бодлого. Бид ОХУ руу бараа гаргалаа гэхэд 20-63 хувийн татвар төлдөг. ОХУ манайх руу бараа оруулахдаа таван хувийн татвар төлдөг. Энэ хоёрын хооронд асар их зөрүү байгаа биз.
Энэ нь монгол бараа бүтээгдэхүүн ямар ч өрсөлдөх чадваргүй байгааг илтгэж байна. Тиймээс дотоодын зах зээлээ хамгаалах бодлого бүрдээгүй тохиолдолд Монголд хичнээн сайхан юм яриад нэмэргүй. Үйлдвэр хөгжихгүй. Монголчууд бэлэнчлэх сэтгэлгээндээ автаж газрын дороос алт, зэсээ ухаж гаргаад оронд нь хувцас хунар худалдан аваад л дуусдаг. Тиймээс үйлвэрлэл дээр түшиглэсэн эдийн засгийн загварчлалыг бий болгох хэрэгтэйг Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан онцлон хэлж байсан юм. Нэг ёсондоо монголчууд зах зээлийн үнийг хөөрөгддөг ченжүүд буюу өртгийн сүлжээнд дарлуулж амьдарч байна.
Үндэсний шуудан сонин
Зочин · 2017/09/20
Монголын төрөөс зүгээр л зайлаад өг Энколдоо
Г. Батнаран · 2017/09/20
нөгөө эдийн засгийн асуудлаа улт төртэй холбож оффшорчид үлдчих гээд байх юм даа
иргэн. · 2017/09/20
Зочин · 2017/09/20
өчнөөн тэрбум долларын өртэй, дээрээс нь нэмээд монголын бүх хүн өртэй яаана даа. муу сайн хужаа нараар төр бариулсны хар гай
Зочин · 2017/09/20
Өмнөх өрөө дарах гэж ахиж өр тавьлаа гэдэг. Тэгсэн мөртлөө МАНАН гээч бүлэглэлийн халаасруу л мөнгө нь ордог ийм юм байна гэж арай ч байхгүйшдээ.
zochin) · 2017/09/20
Zuv udirdagch ardiin huug niigem uuruu huseed bn shude
Зочин · 2017/09/20
ОДОО БИДЭНД ЭХ ОРОНЧ ЗӨВ БОДЛОГО ЗӨВ ХҮН ХЭРЭГТЭЙ БАЙГААД БАЙНА..........НИЙГЭМ ШУДАРГА БОЛОХ ХҮСЛЭЭР ЛҮҮРЭН БАЙНА
Зочин · 2017/09/20
ЭНЭ ЛУЙВАРЧДААС САЛАХ ЦАГ БОЛСООН БҮГДИЙН ТӨРӨӨС ХӨӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА