“Намар” шоунд язгуур урлагийг орчин үеийн урлагтай хослуулна
2017/09/21
“Корпорэйт энтертаймент”, “Корпорэйт конвеншн центр” баг хамтран зохион байгуулж буй “НАМАР" шоу тоглолт энэ сарын 22-нд болно.
Уран бүтээлчид улирлын ээлжит шоугаараа үндэсний язгуур урлаг, орчин үеийн урлагтай хэрхэн төгс хосолж уран бүтээл болдгийг харуулах юм. Энэхүү бүрэн хэмжээний шоу тоглолт хоёр хэсгээс бүрдэх аж. Эхний хэсэгт нь хамтлаг, дуучдын үзүүлбэр багтсан бол хоёр дахь хэсэг нь үдэшлэгээр үргэлжлэх юм.
Тоглолтын ерөнхий найруулагч Д.Энхбаяр хэлэхдээ, “Монгол хүний сэтгэлгээгээр бүтэж байгаа урлаг, уран бүтээл бүгд өв соёлтой холбоотой. Бид өв соёлоо шингээсэн урлаг, уран бүтээлээ дэлхийд таниулах, өв соёлдоо тулгуурлан орчин үедээ тохируулж бүх төрлийн урлагаа хослуулан олон түмэнд хүргэхийг зорьдог. Ер нь урлаг судлаач хүн л заавал судлаач байдаггүй, уран бүтээлч бид ч гэсэн уран бүтээлээ хийхийн тулд байнга судалгаа хийдэг учир судлаачид юм“ гэдгийг тодотгов.
"Бүх урлагийг нэгтгэсэн манай багт Монголд танигдаагүй, нээгдээгүй, олон түмэнд ил гараагүй авьяастай уран бүтээлчид олон бий. Тэднийг бид олж, дэмжих нь чухал юм. Энэхүү шоунд бүжиг, хөгжим зэрэг бүх урлагийн төрлүүд хослон орж байгаа. Тоглолтын оройн үдэшлэгийн үзэгч, зочид уран бүтээлчидтэй хамт амьд хөгжимтэй, зоог, коктейлтэй үдшийг өнгөрүүлэх боломжтой" гэж зохион байгуулагч Б.Ганхөлөг тайлбарлав.