Ц.Чойжил: Онгодтой болгон бөө болох боломжгүй
2017/09/28
Зургаан үеийн Халх удмын зайран Ц.Чойжилтой ярилцлаа.
– Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу, хэдэн жил бөөлж байна вэ? Та ураг удмын онгод сахиустай юу гэдгээс яриагаа эхлэе?
– Намайг Цогтбаатарын Чойжил гэдэг. Өвөрхангай аймгийн уугуул. Бид Буужий удган гэж халхын том удганы үр удам. Буужий удганы хүү болох Зундуй гэх зайран байсан гэдэг. Их хэлмэгдэлтийн үед эсэргүүцэн тэмцэж байсан, чоно хөлөглөдөг гэсэн домог яриа олны дунд бий. Түүний дараагийн үе нь Бор гэцэл гэж Өвөрхангай аймгийн хийдэд суудаг мундаг лам хүн байсан. Түүний хүү Дамба гээд хар домын мундаг лам хүн байсан гэдэг. Түүний хүү ганган Цоодол гэх хүн байсан. Цоодол өвөө маань социалист нийгмийн үед нэгдлийн нярав хийж байгаад хожим нь мал маллах болсон жирийн малчин хүн байлаа. Цоодолын хүү Цогтбаатар гэж миний аав юм. Аав маань жирийн л нэг ажилчин хүн. Цогтбаатарын хүү Чойжил миний бие удмынхаа онгодыг залж аваад есөн жил болж байгаа халх зайран хүн байна.
– Нэг үеэ бодвол хүмүүс бөөгийн шашинг харьцангуй ойлгодог болчхож. Нэг хэсэг айл өрх бүрээс нэг бөө төрөх ёстой юм шиг хандлага гарах болсон. болгон бөө болох юм шиг ханддаг байсан. Ямар тохиолдолд бөө болох ёстой юм. Бөө болох хүн гэж цаанаас заяагдсан өгөгдсөн зүйл байдаг уу?
– Тийм зүйл байгаа. Бөө бол тэнгэрээс заяагдсан тавилан. Удамтай хүн л бөө болно. Хүн болгонд онгод шүтээн гэж байдаг. Тэр нь буудаг, буудаггүй, тахилч гэсэн 3 янз байдаг. Түүнийг л манайхан тахиж аргалж шүтэж явдаг онгодыг буудаг онгод байна гэж ойлгон өрөөсгөл ойлгоод өгөөд бөө болох гээд зүтгэчихдэг. Онгодтой мөртлөө тэрийгээ авмааргүй байна гэсэн хүмүүсийг аргалж, ширгэлж болдог эртний бөөгийн заншил гэж бий. Тэрийг бол аргалаад янзлаад байж болно.
– Өөрөөр хэлбэл онго тэнгэр буулаа гэнгүүт заавал бөө болох ёстой гэхээс илүүтэй онгод тэнгэрийг тахин шүтээд ингээд амьдарч болно гэсэн үг үү?
– Бөө болоход бүх л юмаа золиослох хэрэгтэй болдог. Ах дүү, амраг садан ажил амьдралынхаа бүх л зүйлийг өөртөө үүрч явна гэсэн үг шүү дээ. Тийм учраас заавал бөө болохгүйгээр онго тэнгэрээ аргалаад тахиж, шүтээд энгийн иргэний амьдралаар аятай амьдрах боломж бий. буух ёстой онгод байсанч хүн өөрөө хүлээн авах хүсэл сонирхол, цаг үе, нөхцөл орчин бүрдээгүй бол түүнийг тахил шүтээн болгоод явж болно гэсэн үг. Онгодтой болгон бөө болох боломжгүй гэдгийг л бид сайн мэдэх учиртай.
– Хүмүүс ярьдаг, удам судраа зүүдлээд, зүүд зөн нь эвгүйтээд, ажил үйлс бүтэмжгүй болохоор бөө зайран дээр очихоор ураг удмын онго сахиусаа хүлээж ав гэхээр нь бөө болчихлоо гэдэг. Ийм аргаар бөө болж болдог уу?
– Ураг удмын онго сахиус юм байдлаар ирэх нь бий. Гэлээ гээд тухайн хүн өөрөө хүсэхгүй бол заавал бөө болох албагүй, тэр хүний биед болон удамд тохиох гай барцадыг зайлуулж, тухайн онго тэнгэрийг шүтээн сахиус болгож , шүтэх арга хэлбэрт оруулснаар заавал бөө болохгүйгээр энгийн сайхан амьдрах боломж байдаг, үүнийг хэрэгжүүлдэг дом засалч бий гэдэг асуудлыг л би хэлэх гээд байгаа юм. Тиймээс энэ асуудлыг сайн судалж, мэддэг чаддаг хүмүүс рүү хандах хэрэгтэй. Ийм нөхцөлийг аргалах эртний бөөгийн зан үйл байдаг. Үнэхээр онгодтой байсан ч түүнийг улаач болох хүн хүлээж авмааргүй байгаа бол эртний бөөгийн зан үйлийн аргаар эд зүйлст шингээгээд гэр оронд нь болон уул хаданд шүтээн болгож залаад түүнийгээ насан турш тахиж шүтээд энгийн тайван амьдрах боломж бий.
– Үүнийг хэрэгжүүлэх мэдлэг чадвартай бөө зайран хир олон байдаг вэ?
– Монголд тоотой хэдхэн бөө бий. Баргийн бөө ийм зан үйлийг хийх боломжгүй.
– Олон шавь аваад, сургалтын загвараар бөө болгодог хэлбэрийг та юу гэх вэ? Та хэдэн шавьтай вэ?
– Ийм зүйл хэзээ ч байж таарахгүй. Мөнгө төгрөг төлөөд, хуяг хувцас худалдаж аваад, шавь сургалтаар заагаад, хээр хөдөө очиж бөөлүүлээд 14 хоногийн дотор бөө болчихдог зүйл байхгүй ээ. Онгод ирээд бие хаа нь өвдөөд байх юм бол юуны өмнө үнэхээр удмын онгод ирж үү, үгүй юу гэдгийг туршлагатай сайн бөөгөөр үзүүлэх хэрэгтэй. Удмын онго тэнгэр ирсэн ч түүнийг аргалж заавал хүлээн авах шаардлагагүй байж болох тухай дээр хэлсэн. Тэгээд ч нэгэнт онго тэнгэрээ хүлээн авахдаа хүрвэл та цаашдын амьдралаа тэнгэрт даатгаж амьдрах учраас хувь хүнээс их эр зориг, тэсвэр тэвчээр, өндөр ёс суртахуун, даруу төлөв байх зан чанарыг шаарддаг. Онго тэнгэр ирлээ гээд хүн болгон бөө болчихвол улс эх оронд чинь ажил хийх хүн олдохгүй шүү дээ. Миний хувьд 9 жил бөөлж байгаа ч нэгч шавь байхгүй. Угаасаа шавь төрүүлдэг бөө гэж байж таарахгүй. Бөө олгож байгаа нэрээр олон шавиасаа өргөл барьц нэхдэг, үүнийгээ амьдрах арга хэлбэрээ болгосон, Нарантуул зах дээрх бөөгийн эд хэрэглэл зардаг хүмүүстэй хэлхээ холбоо сүлжээнд ажилладаг, шавь нараа тэндээс очоод тийм хувцас хунар, хэц хэнгэрэг ав гэж зааварладаг бөө нэртэй хүмүүс тэнгэрийн гэсгээл гэж байдаг гэдгийг л санах хэрэгтэй байх гэж боддог. Хүн нэг насныхаа бөөгийн эд зүйлийг бэлдэж байгаа бол түүндээ зориулж мэргэжлийн дархнаар ганцхан хувийг хийлгэдэг. Түүнээс биш Нарантуулын бөөний бараанаас авчихдаг юм биш. Ер нь тэгээд сургалтаар бөө болсны жишээ гэвэл бүгд багштайгаа ижил тамлага дуудлагатай байдаг, битүү оройтой ноён малгай, торгон дээл өмсдөг, Дорлиг буулгадаг адил загварт баригдсан байдаг. Хуучны үгэнд бөө бөөгийн бөөлөх өөр, Бүжин туулайн дэгдэлт өөр гэдэг. Онгод бүр өөрийн улаачдаа замчлан тамлага дуудлага, бөөлөх зан үйл бүр өөр байдаг. Тэрнээс гадна бөө хэл, хөлд орно гэж бий. Бөөлөх тутам хэл яриа цэгцэрч, зан үйл нь улам бүр нарийсдаг. Гэтэл хэдэн жил болсон атлаа анх л бөөлж байсан шигээ, хүүхдээр бол хэлд хөлд орох хугацаа нь болчихоод байхад хэвээр байгаад байгаа бол түүнд онгод тэнгэр гэхээс илү завсрын хий тийрэн, сүнс сүүдэр буужээ гэж харж болно.
– Нэгэнт онго тэнгэрээ хүлээж аваад бөө болчихсон боловч амьдралын шаардлагаар байнга зан үйл хийгээд байх хэцүү, цаг зав нь болохгүй, итгэл үнэмшил нь ч сулраад, ажил амьдралдаа дарагдаад ирэхээр онгодоо буцаачих юмсан гэж боддог хүмүүс байж магадгүй. Ийм бодолтой хүмүүсийн хувьд яахав?
– Ялгаагүй, ийм хүмүүсийг ч гэсэн хуяг хувцасыг нь тайлуулаад, онго тэнгэрийг нь аргалаад, шүтээн болгож залуулаад, өөр зүйлд шингээгээд зэтэр амилуудаад аргалж болно.
– Мөн жирийн амьдарч байсан хүн бөө болоод явдал мөр нь доголдоод, архи дарсанд ороод, ааш зан нь эвдэрээд үр хүүхэд, хань ижил, гэр орныхондоо дарамт болж байгаа хүмүүсийг энгийн амьдралд нь эргэн оруулах боломжтой юу?
– Ер нь бол бөө болгох нэрээр олон шавь төрүүлж, мөнгө төгрөг авч байгаа хүмүүс онгод нэртэй элдэв тийрэн, завсрын сүнсийг хүний биед наачихдаг тал бий. Үүнээс болоод тухайн хүний ажил үйлс, өнгө зүс, авир ааш танигдахгүй болтло хувирч, архи дарс өнгө мөнгөнд шунамхай болдог. Ийм байдалд орсон бөө нэртэнгүүд эртхэн ийм байдлаасаа салах хэрэгтэй. Удахын хирээр гэр бүл, ойр тойрныхондоо сэтгэл зүйн болон эд материалын дарамт учруулдаг. тухайд та бүхэн магадгүй хандах юм бол янзлах боломжууд бий юу. Ийм нөхцөлд орсон хүмүүс биднийг гололгүй ирж уулзах юм бол засаж аргалж өгөх бүрэн боломжтой. Ер нь бол энд нэг зүйлийг хэлэхэд амьдаралд нь тохиолдсон элдэв саад тотгор, барзад гарахаар бөө рүү очиж асуудаг өнөөх нь онгодоо авахгүй бол болохгүй нь гэхлээр уулгамч юм шиг л хэц хэнгэрэг, дээл өмсгөл, манжиг хонгируур хайгаад гүйдэгээ л болих хэрэгтэй. Онгод тэнгэртэй мөртлөө авч чадахгүй гэсэн хүн гэж бас байна. Өнөөдөр гурван хүүхэдтэй эмэгтэйг бөө болох ёстой гээд хэлчихсэн. Өнөөх эмэгтэй гурван хүүхдээ асармаар байдаг, ажил төрлөө хиймээр байдаг, гэтэл хажуугаар нь бөө болох ёстой гэсэн бөөн сэтгэлийн дарамттай амьдрах. Бөө болно гэдэг чинь бус даас шалгарч, цовойж гар ирдэг уламжлал болохоос биш хэн дураараа болчихдог зүйл биш. Өнөөдөр нийгмийн өөр өөр төвшний хүмүүсийг бөө болно гээд чиглүүлээд тавьчхаар тэр дунд хулгайч, дээрэмчин, залилагч гээд зүсэн зүйлийн зан ааш, авир ёс нь эвдэрсэн хүмүүс бөө болоод эргээд зальтай нөхөр бөө болбол залилан хийчхэж байна. Онгироо нөхөр бөө болбол хүн хараачхаж байна. Бөө бол бусад хүмүүсээс ангид, удам судар, зан ааш, сэтгэхүйтэй, үе удмаас бэлтгэгдсэн хүнийг хэлнэ. Дээхэн үед овог отгын хамгийн ухаалаг ааш авир зөөлөн хүнийг бөөгөөр сонгодог байж. Тэгвэл өнөөдөр хамгийн арчаагүй хамгийн архичин, ажилгүй залхуу нэгнийг хүнийг бөө болгоод орхичхож байна. Ийм хүн өөрийгөө яая гэж байж өрөөлийг хэрхэн зөв зүйл рүү хандуулах вэ? Бөөлөх зан үйлийг хоолоо олж идэх арга хэлбэр болгосон ийм хүмүүсийг бид ямар тусыг хайх вэ? Миний хувьд энэ бүхнийг хөндлөнгөөс хараад чимээгүй сууж чадахгүй болоод олонд хандаж үгээ хэлье гэж. Чаддах чадахгүй олон хүмүүс буруу зөрүү зүй их ярьж байхад бөөг мэддэг, зан үйлээ ойлгодог хүмүүс нь яагаад дуугарч болохгүй гэж бодсон юм. 6 үе дамжсан шарын талын халх бөөгийн хувьд үгэ эхэлж, үйлдлээрээ уриалж бөөгийн уламжлалыг зөв тал руу нь хандуулахад жаахан ч гэсэн хувь нэмэр оруулъя гэж бодоод байгаа.
– Таны хувьд бөөгийн уламжлал зан үйлийн талаархмчадвар, мэдээллийг хаанаас суралцсан вэ?
– Манай халх бөөгийн удмын сахиуснууд бууж надад халх бөөгийн зан үйл, үйл үртсийг хэлж өгдөг. Өвөг дээдсийн зан заншил, эртний халх бөөгийн зан үйл ямар байв, зан үйлд юуг хэрхэн ашиглах вэ, хэрхэн хийх вэ гэдгийг халх онгодууд улаач бидэнд зааварладаг. Бид чинь ном сонин уншиж өөрсдийн мэдлэгээ сайжруулсан зүйл байхгүй. Онгод тэнгэрүүд л мэдэхгүй чадахгүй зүйлийг бүгдийг хэлж зааварлаж өгдөг.
– Таны бодлоор цаашдаа бөөгийн уламжлал хандлага ямар байх вэ?
– Монголчууд хэлдэг дээ. Харсан тэнгэр, тэнгэртэй хүн гээд. Энэ бол Монгол хүн бүрийг тус бүрд нь харсан тэнгэр дааж явдаг эгсэн бөөгийн уламжлалт ойлголт одоо ч гэсэн олон нийтийн дунд ухамсаргүй хэлбэрээр оршиж байгаагийн илрэл. Эрт дээр үеэс уламжлалтай тэнгэр шүтээн болох бөө мөргөл Монголчууд бидний дунд байсаар л байх болно. Гэхдээ 2000 оноос эхлэн бөө мөргөлийн үнэн худал нь мэдэгдэхгүй янз янзын юм их гарлаа, бөө нэртэй элдэв хүмүүс олон төрлөө. Нэг хэсэг бараг овог удам бүрээс нэг бөө төрөх ёстой юм шиг хандлага гарлаа. Энэ бүхэн цагийн эрхээр өдгөө шигшигдэж, иргэд ч бөө мөргөлийн утга учрыг харьцангуй ойлгодог болж ирлээ. Бөө болно гэдэг хэн хүний хүсээд байх зүйл биш. Бөө болсноор баян чинээлэг сайхан амьдардаг юм биш, харин олон зүйлээ золиосолж, онгод тэнгэрийн өмнө андгай тангараг өргөж түүндээ үнэнч явахыг хэлдэг.
– Та бидний ярилцлагыг уншаад тантай холбогдож тодруулах хүсэлтэй хүн байвал хэрхэн холбоо барих вэ?
– Болноо, хэрвээ миний ярьсан зүйлтэй холбоотой болон өөр бусад зүйлийн тухай надаас асууж тодруулах, уулзаж ярилцахыг хүсэж байгаа хүн байвал миний гар утасны дугаар болох 99552602 руу залгаж холбогдоорой.
Baysaa · 2024/02/06
Bvgd hudal ha ha