Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Сутайн буянт” гэж хуулийг гууль болгож сурсан, аливаад чанар, стандарт гээчийг үл ойшоодог компани бололтой.

Уг нь тус компани 20 гаруй жилийн түүхтэй нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж бөгөөд шударга, хариуцлагатай, мэргэжлийн бүтээлч, эвсэг багийг бүрдүүлж, өөрсдийгөө зогсолтгүй хөгжүүлэн, үйлчлүүлэгч харилцагчдынхаа сэтгэл ханамжийг өндөрт хүргэж салбарынхаа тэргүүний байгууллага байна хэмээн зорилтоо тодорхойлж, эрүүл, аюулгүй, тайван амьдрах эх орон, чадварлаг, сахилга баттай, нэг сэтгэлт хамт олон, итгэлцэлд суурилан харилцан ашигтай ажиллаж ирсэн үйлчлүүлэгч, харилцагч байгууллагууд маань бидний үнэт зүйл билээ хэмээн тунхаглажээ.
Харамсалтай нь компанийнхаа зорилго, үнэт зүйлийг биелүүлэхээс илүү өөрсдийн дур зоргоороо ажиллаж, ашиг олох нь “Сутайн буянт”-ын удиридлагуудад хялбар бөгөөд амар бололтой. Хамгийн сүүлд л гэхэд Нийслэлийн газрын алба, Мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг үл тоосон үйлдэл гаргажээ. Тодруулбал, “Сутайн буянт” ХХК Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам дагуу 3328 га газрыг нийтийн тээврийн зориулалтаар таван жил эзэмшихээр гэрчилгээ авчээ. Ингээд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2010 оны 12 дугаар сарын шийдвэр гаргаж, 2011 оны дөрөвдүгээр сард тус дүүргийн газрын алба нь гэрчилгээжүүлж, баталгаажуулсан байна. Гэвч энэхүү газар нь НИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоолоор “Автоимпекс” ХК-ийн хариуцсан ногоон байгууламж, явган хүний зам, доогуураа инженерийн шугам сүлжээтэй, нийтийн эдэлбэр газар гэж заасан аж.
Түүгээр ч зогсохгүй тухайн үед Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл 2013 оны гуравдугаар сарын 15-нд захирамж гаргасан байдаг. Түүнд “Сутайн буянт” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Барилгын цэргийн 158 дугаар ангийн хашааны урд талд агуулахын зориулалтаар 3328 м2 газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 467 дугаар захирамжийн “Сутайн буянт” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосугай” гэжээ.
Үндсэндээ 2010 онд дүүргийн Засаг дарга нь хууль зөрчөөд “Сутайн буянт”-д газар олгосон байна, нийслэлийн Засаг дарга одоо боль оо гээд захирамжилчихсан гэсэн үг. Гэтэл нөгөө компани нь дүүргийн байтугай хотын даргын захирамжийг ч үл тоон бахь байдгаараа байсаар иржээ. Ийн явсаар 2015 оны арваннэгдүгээр сард амралтын өдрийн оройн цагаар шинээр тавигдсан автозамын хашлага болон ногоон байгууламж, явган хүний зам, дээгүүр хүнд даацын машин механизмуудаар дайран гарч, тухайн орчмыг сүйтгэн, ашиглалтаас гарсан автобус, микро автобусуудаа байршуулж эхэлжээ.
Энэ маргаан 2013 оноос хойш байнга гарсаар ирсэн гэнэ. Яагаад гэхээр “Сутай буянт”-ынхан нийтийн эзэмшил, өөр байгууллагын ногоон байгууламж зэргийг битүүлчихээд шаардлага тавихаар огт хөдөлдөггүй. Эцэст нь орчин тойрны байгууллагууд нь шаардлагатай шийдвэр гаргагч байгууллагуудад хандсан ч дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүргэжээ.
Учрыг тодруулахаар Нийслэлийн газрын албаны зохион байгуулагчтай холбогдоход “Тухайн аж ахуйн нэгж хуулийн дагуу өөрсдөө зөөвөрлөж, газрыг чөлөөлөхгүй байсаар өдийг хүргэсэн. Одоо бол долоодугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Бид хүний эд хөрөнгөд халдах эрхгүй. Уг нь тэр компани нийгмийн хариуцлагаа бодсон ч асуудалд нааштай хандаж болох байсан. Гэвч удааширсаар байна. Бид шууд зөөвөрлөх гэхээр төсөв мөнгөнөөс эхлээд асуудал тулгардаг нь нууц биш. Бидний зүгээс одоо Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж, тэдний гаргасан шийдвэр, арга хэмжээг харах шаардлагатай болж байна” гэв.
Анх хууль зөрчиж, зөвшөөрөл авсан. Тэр нь ил болоод газар эзэмших гэрчилгээ нь хүчингүй болсон. Төдийгөөс өдий хүртэл бүтэн зургаан жил өнгөрч байхад “Сутайн буянт”-ынхан ганц удаа тухайн газрын талаар хуулийн дагуу ганц алхам хийсэнгүй. Харин ч бүр Зөрчлийн хуулиар гадны хэн нэгэн бусдын эд хөрөнгөд гар хүрэх эрхгүй болохыг далимдуулан хугацаа хожсоор байгаа аж. Энэ нь “Сутайн буянт”-д хууль үйлчлэхгүй байх эрхийг олгосон мэт, эсвэл бүр хуулийг гууль болгоход нь хаацайлагчид байна гэж ойлгохоос аргагүйд хүрч байгаа юм. Тус компанийн хууль бус захирамжид нь анх Сонгинохайрхан дүүргийн газрын албаны дарга Э.Болорчулуун гарын үсэг зуран гэрчилгээ олгож байжээ. Харин одоо Э.Болорчулуун нь Нийслэлийн газрын албаны дарга. Нэгэнтээ хууль бус гэдэг нь илэрхий болж, хүчингүй болгох захирамж гарсан ч өнөөг хүртэл хэл ам дагуулсаар байгаа газрыг анхааралдаа авч өөрийн гаргасан алдаагаа ч засахгүй ийн байгаад нь тухайн орчны иргэд, байгууллагынхан ихэд гайхдаг юм билээ. Учир нь тэр орчмын байгууллага олон газарт хандан бичиг илгээдэг ч нийслэл дээр очоод эргэх хариугүйгээр таг болдог хэмээж байлаа. Мэдээж энэ бол хардах эрхээ эдэлж буй хүмүүсийн араншин. Гэхдээ л төрд ажиллаж байгаагийн хувьд алдаа, дутагдлаа засч, өмнөх захирамж, шийдвэрүүдийн биелэлтийг ч хянах нь түүний үүрэг байлтай. 
Тус компанийг нийгмийн хариуцлагаа ухамсарлаад зөөвөрлөх хугацаа зөндөө байсан гэдгийг газрын албаны мэргэжилтэн хэлж байсан. Харамсалтай нь “Сутайн буянт” хууль, сахилга батыг тэгж эрхэмлэж ирсэн хүмүүс биш гэдэг нь цөөнгүй мэдээллээс харагддаг юм билээ. Нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг хэрнээ байнга шахам зам тээврийн болон тээврийн хэрэгсэлийн аюулгүй байдлаас шалтгаалсан осол гаргадаг ажээ. 2012 оны арваннэгдүгээр сард нийтийн тээврийн автобус нь эмэгтэй явган зорчигч мөргөсөн, 2015 оны наймдугаар сард мөн л нэг автобус нь замаасаа гарч автобусны буудлын дэргэдэх зогсоолын шилэн самбарыг мөргөсөн. Тухайн үед автобусны тормозны шингэн алдсанаас болсон гэж байсан бөгөөд ослын улмаас хоёр иргэн бэртэж байсан. 2015 оны арванхоёрдугаар сард мөн нэг жолооч нь осол гаргаж, 13 хүн гэмтэж, нэг хүн нас барсан. Мөн сард Их наран чиглэлийн автобус зорчигч тээвэрлэж явах үедээ доголдож, улмаар шатсан билээ.