19 жилийн өмнө, яг л нэг иймэрхүү хүйтрэх шинж мэдрэгдэн жихүүдэс төрүүлсэн намар цаг юмдаг.  Архангай аймгийн Батцэнгэл сумын урдхан талд Хойт Тамирын голын хөвөөн дээр үдэлж билээ. Тууварт яваа нь энэ. Тэнгэр бүүдгэр ч дулаахан, салхигүй байсан юм.

Өглөө эрт хөдөлж, ширүүхэн хөөчихсөн тул сарлагууд маань хэвтээд өгөв. Голын уснаас авч цай хоол чанах зуур намрын хүйтэн тунгалаг усанд нэг сайн булхаж аваад, түүдгийнхээ дэргэд ирж, транзистороо асаавал нэг л их хачин хүнд аялгуу хангинаад болдоггүй. Хэсэг сонсож байснаа унтраачихав. Хоолоо идэж байхдаа дахиад асаатал өнөөх аялгуу үргэлжлээд л гингэнэж байна. Түгшүүртэй гэж жигтэйхэн. Нөгөө хоёртойгоо ярилцлаа. Нэг маань Хятадууд манайх руу дайрсан юм болов уу ч гэх... Тэгэж байтал ёслол төгөлдөр хүнгэнэсэн хоолойгоор С.Зоригийг алагдсан тухай мэдээ уншив. Уншиж дуусаад дахиад л өнөөх гашуудлын түгшүүрт хөгжим. 

Төдөлгүй хэдэн сарлагаа босгож, Тоглохын талыг хөвөөлөн элдсээр сар гарсан хойно оройтож Орхон голын хөвөөнд хүрлээ. Уг нь гүүрээр гараад хоноё гэсэн боловч амжсангүй. Ядарсан сарлагууд ч төдхөн хэвтээд өглөө. Майхнаа босгож, хоолоо идчихээд, морьдоо аргамжиж, ачлагынхаа тэмээг тэр зуур хэд хазуулав. Тэнгэр нам гүм, пүү ч салхигүй. Унтахаар завдаж байтал гэнэтхэн их салхи хөдөлдөг юм. Майхныг маань хэдэнтээ авч чулуудлаа. Тэмээгээ авчирч, өвдөгийг нь дарж хэвтүүлээд, нөмөрт нь нэг юм хорогдов. Орхон голын тохойд шахагдсан сарлагын хувьд бол шуурганд уруудна гэж айх юм үгүй. Намайг багад л Шаргын говьд үе үе тийм аймшигтай галзуу угалзан шуурга босдог байсансан. Догшин хэрцгий шуурга байж билээ. Өглөө нар мандахад нам гүм болж, тэнгэр өчүүхэн ч гэмгүй царайлчихсан байв. Транзистороо асаахад өнөөх аялгуу хэсэг дүнгэнэснээ мэдээ явж, араас нь УИХ-ын гишүүн гэсэн санагдана нэг бачимдсан хоолойтой эмэгтэй "Энэ бол улс төрийн аллага. Алуурчид нь энэ ордонд суугаа сөрөг хүчнийхэн" гэх мэтээр ярьж билээ. 

Тэр шөнийн тэр догшин шуурга сэтгэлд нэг л түгшүүр, ёрын совин үлдээчих шиг болсон юм. Манай улс төр түүнээс хойш яаж өрнөснийг надаар хэлүүлэлтгүй биз ээ. 

 

Б.Номинчимэд