Завсарлага авах шалтгаан юу байв
2017/10/02
Өнөөдөр НИТХ даргатай болох ёстой байлаа. Гэвч дахиад л завсарлага авав. Энэ удаад НИТХ дахь МАН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Ингэснээр НИТХ дахин долоо хоног даргагүйгээр үйл ажиллагаа нь гацахаар болж байна.
Улаанбаатар хотод хийх ажил их байна. НИТХ-ын даргын шийдвэрийн хүлээсэн ажлууд ч их бий. Гэтэл улс төржсөн энэ завсарлагуудаас болоод эдгээр ажлууд хэзээ, хэрхэн эхлэх нь тодорхойгүйгээр гацаад орчихоод байна. АН-ын бүлэгт тодорхой зорилго байсан учраас завсарлага авсан. Тэд ч санасандаа хүрлээ. Гэтэл МАН яагаад завсарлага авах болов. Тэдэнд нэг намын эрх ашгаас өөр шалтгаан байсан гэж үү. Үүнийг ажиглагчид олон янзаар тайлбарлах боллоо. Үндсэндээ тун харьцангуй хоёр хүн энд өрсөлдөж байна.
Дан жендер ярьсан, энэ удаад нэр дэвшсэндээ л баярлаж байгаа хүн байхад өрсөлдөгч нь шийдэл, гарц гаргалаа, шинэчлэлийг ярьж байна. Эндээс НИТХ-ыг зоригтой, шийдмэг, эрч хүчтэй, залуу хүн удирдах ёстой гэсэн саналыг дэвшүүлж, дэмжлэг ч аваад эхэллээ.
Гэвч “60 тэрбумын” гэх нэршил аваад байгаа Ц.Сандуйгийн багийнханд шинэ, эрч хүч бус харин өөрсдийнх нь гарын аясаар хөдөлж байх дуулгавартай нэгэн л хэрэгтэй аж. Тиймээс л дахин санал хураалтын хугацааг хойшлуулж, завсарлага авч цаг хожихоор шийдсэн бололтой юм. Уг нь нийслэлээ, хотынхоо хөгжлийг, бүр ядаж л сонгогчиддоо өгсөн амлалтаа боддог хүн бол ийм “муухай” зүйл хийхгүй л байлаа.
Өглөөхөн хот минь цасанд дарагдсан байв. Энэ нь өвөл цаг ирж, намрын бэлтгэл ажлыг шалгах цаг болсон гэдгийг хэлж буй дохио.
Гэтэл нийслэлийн удирдлагууд албан тушаалын төлөө тэмцэлдэж, ар хударгаар завсарлага авч, тохиролцсоор өнөөдрийг хүрчихсэн байх юм. Хүйтний улиралд тохиох гэнэтийн асуудлууд гарвал яах вэ. Бэлтгэл хангаж амжаагүй гээд сууж байх уу. Ойлгомжтой сонголт дээр дахин дахин завсарлага авцгаасан иргэдийн хурлын төлөөлөгчид хариуцлага хүлээх тухай ярьж чадах болов уу.
Энэ удаагийн завсарлага огтхон ч хотоо бодсон завсарлага биш юм. Харин бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын төлөөх сүүлийн сум байж мэднэ. Тэгвэл 60 тэрбумынхан юунаас ингэтлээ айна вэ. Хот, Иргэдийн хурал шинэ удирдлагатай болно. Бүтэц зохион байгуулалт ч өөрчлөгдөнө. Энэ үеэс эхлэн Ц.Сандуйгийн болоод түүний багийнхны буруу үйлдлүүд илчлэгдэж эхлэх юм. Мөн эрх мэдлээ ч алдах болно. Үүнээс л тэд айсан учраас ойлгомжтой сонголтыг дахин дахин хойшлуулж, цаг хожиж, гацааж байна.
Ямар их өртөгтэй завсарлага вэ. МАН-ын бүлгийн зарим гишүүд юуг ингэтлээ хамгаалж, юуны төлөө завсарлага авна вэ.
ALBAKER · 2017/10/03