Энэ засгийн өнгөн дээр “Эрдэнэт” бидэндээ жаахан юм хялайлгах нь уу, үгүй юу?
2017/10/09
Монголчууд цаадах чинь жаахан юм хялайлгах нь уу гэж ярьдаг. Хүнээс ямар нэг зүйл горьдож, амсуулах болов уу хэмээн бодсоноо илэрхийлэхдээ ингэж хэлдэг юм. Үүн шиг энэ засгийн өнгөн дээр “Эрдэнэт” бидэндээ жаахан юм хялайлгах нь уу, үгүй юу. Ийм горьдлоготой хүн их байна.
Манай ганц саалийн үнээ байсаар ирсэн “Эрдэнэт” үйлдвэр сонгуулийн дүйвээнээр хувьд шилжсэн. Шинээр бүрэлдсэн засаг үүнийг буруушаан, ард түмэнд авч өгнө гэж баруун солгойгүй пиардав.
Тийм учраас “Эрдэнэт” хувьд очсон асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр улстөрчид, ард иргэдийн санаа бодол юунд нэгдэж байв. Төр арай илүү хувь эзэмших ёстой. Ард түмэнд хувьцаа тараах нь зүйн хэрэг. 49 хувийг оросуудаас худалдаж авсан монгол эздийг ч хохиролгүй болгох нь шударга зүйл гэдэг дээр байр суурь нэг байсан юм.
“Эрдэнэт”-ийг дахиад хэн нэгэнд дуртай нь дамлаж зарахгүй байх баталгааг бүрдүүлэх үүднээс төр нь эзэн суух ёстой. Үнэний ортой үндэслэл. Гэвч “Эрдэнэт” нь мэдээлэлд ойр хэдхэн хүний өмч биш. Монголын ард түмний үеийн үед хадгалж хямгадаж ирсэн байгалийн баялаг тул монголчууд хувьцаа хэлбэрээр хувь хишиг авах учиртай.
Үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахын тулд хэсэг хүн мөнгө босгосон, менежмент хийсэн. Их ч хөдөлмөр, ур ухаан зарцуулсан байх. Оногдсон хувиа авах хэрэгтэй. Шударга ёсонд нийцнэ.
“Эрдэнэт”-ийн тодорхой хэсгийг авахаар хууль бус аргаар мөнгө босгосон гэж тэднийг буруутгадаг л юм. 500 сая ам.доллар гаргаснаас болж мөнгөний үнэ ханш унасан. Банк өөрөө аж ахуй эрхэлсэн нь хуульд харш гэх мэтийн шүүмжлэл дагуулдаг. Гэхдээ энэ алдааг дараа нь залруулж, хариуцлага ярья. Эхний ээлжинд гаргасан мөнгийг нь буцаагаад өгчих. Мөнгө байхгүй юм бол түүнд тохирсон хувийг хүртээх нь зүйтэй. Тэднийг хоосон үлдээвэл социализм коммунизмын үеийн дээрэм болно. Ийм шалтгаануудаар “Эрдэнэт”-ийн хуваарилалтыг 40:30:30 гэсэн харьцаагаар шийдэхээр болов. Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэсэн монгол философиор явах юм байна гэсэн төсөөлөл бидэнд буусан юм.
М.Энхболд энэ ажлыг хийгээд ардын баатар мэт мандаад Ерөнхийлөгч болох юм байна гэж ойлгосон. Ард түмэн ч ингэж харж байлаа. Үнэхээр ч М.Энхболд энэ ажлыг хийчихсэн бол ногоон гэрлээр төрийн тэргүүн болох байв. Тэр үүнийг хийсэнгүй. Яагаад ч юм зүгээр дүр үзүүлээд орхичихсон. Адаг сүүлд нь “Эрдэнэт”-ийг төрд авсан нэртэй, ард түмэнд хувьцаа тараана гэсэн үгтэй л үлдээв. Үүнээс хойш таг чиг. Юу болж байгаа юм бүү мэд.
Одоогоор төр нь ард түмэнтэйгээ нийлээд 49 хувийг эх орондоо авчирсан хувийн хэвшлийнхэнд юу ч өгөлгүй булаана гэчихээгүй байна. Тэднийг хохиролгүй болгож, мөнгийг нь эргүүлээд олгосон ч юм алга. Цаадуул нь ч зүгээр суухгүй юмаа нэхэмжлээд шүүхдээд яваа дуулдана. Мэдээж төр хүний хувийн өмчийг шууд дээрэмдчихгүй байх. Зах зээлийн зарчмаар төлбөрийг нь төлөх байлгүй. Орчин үед хувийн өмчийг хурааж авна ч гэж байхгүй л дээ.
Өнөөдөр УИХ-ын чуулган нээлтээ хийж байна. Шинэ засгаа эмхлэн байгуулах биз. Шударга гэсэн имижтэй шинэ Ерөнхий сайд гарч ирж байна. Тэд энэ асуудалд анхаарах нь уу, үгүй юу харъя. Уг нь ард түмэнд өгөөжтэй ийм л зүйлээс ажлаа эхлэх нь зөв юм. “Эрдэнэт”-ийн хувьцааг ард түмэндээ тараамаар байна. Ард түмэнд очих тэр хувь нь Таван толгойн хувьцаа шиг дутуу алсан могой биш. Жинхэнэ мөнгө болгож арилжаалдаг, барьцаа болчихдог, бирж дээр үнэ нь өсч, уруудаж байдаг “амьд” хувьцаа байх ёстой. Иргэд ч тийм хувьцаа хүлээж байгаа.
Ард олондоо хувьцаа өгч байсан туршлага манайд бий. Энэ бол шинэ юм биш. Эхнийх нь Монгол Улс зах зээлд хөл тавих үед болсон процесс. Цөм адил гараанаас тэнцүү эхэлнэ гэдэг зорилгоор өмч хувьчлалын ягаан, цэнхэр тасалбарыг хүүхэд, хөгшид гэлтгүй бүгдэд олгосон байдаг. Мал сүрэг, трактор комбайн, үйлдвэр завод юу л бол юуг худалдаж авна, хаа дуртай газартаа хувьцаа эзэмш гээд тараасан. Дараа нь Таван толгойн 1072 хувьцаа байна. Харамсалтай нь өнөөдөр ганц ширхэг хувьцаа гар дээрээ тавьсан хүн алга. Шилний цаанаас чихэр долоолгоно гэгчийн үлгэр болчихоод байна. Хэрэв “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг түмэндээ тараавал гурав дахь тохиолдол болно.
Ер нь баялгийг хуваарилах хамгийн сайн арга нь Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа эзэмшүүлэх явдал. Өмч хувьчлалыг амжилттай хэрэгжүүлсэн орнуудын туршлага үүнийг баталдаг тухай судлаачид хэлдэг. Бүх иргэндээ ногдол ашиг хүртээдэг сайн жишээ нь Аляскийн сан. Ойролцоогоор жил бүр 1300-1400 ам. доллар тараадаг. Үндсэн хуулиараа үүнийгээ баталгаажуулсан байдаг гэнэ. Энэ мэтээр баялгийн хуваарилалтын зөв голдрилыг олсон олон улс байна.
Баруунд тогтсон сонгодог хувилбараар бол компаниуд нь өндөр үр ашигтай ажиллаж, эргээд олон хүнд компанийн ногдол ашиг хүртээх хэлбэрээр уул уурхайн баялгийн үр шимийг хүртээдэг байна.
Мөн уул уурхай, нефть шатахуун, тээвэр, дэд бүтэц, зам харилцаа зэрэг салбаруудад зөвхөн олон нийтийн засаглалтай нээлттэй компаниудыг дэмжих замаар баялгийн шударга хуваарилалтыг бий болгодог туршлага ч олон улсад бий. Жишээ нь Япон, Солонгост электроникийн чиглэлийн компаниудын хувьцааны 51-ээс доош хувийг гадныхан эзэмшиж болно гэсэн хуулийн зохицуулалттай.
Гэвч нөгөө талд иргэн болгондоо хувьцаа нэрээр үйлдвэрийнхээ хөрөнгийг тараадаг улс Монголоос өөр байхгүй гэдэг шүүмжлэл ч судлаачдын дунд байдаг. Зарим хаант засагтай орнууд хувьцаа биш хааны хувь хишиг хүртээх хэлбэрийг сонгодог гэх нь бий.
Өөрөөр яаж баялгаа хуваарилдаг вэ гэхээр ашигт малтмал, газрын тосоо олборлож орлогоо янз бүрийн нэртэй санд хуримтлуулдаг нийтлэг туршлага байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээнээс дөрөв дахин их орлого хуримтлуулсан баян сантай улс ч байна. Саудын Араб, Кувейт, Бруней, Австрали, Шинэ Зеланд, Сингапур зэрэг орон хуримтлалын томоохон сантай. Энэ нь тэдний эдийн засгаа тогтвортой байлгах баталгаа нь. Норвеги гэхэд баялгаасаа орж ирэх мөнгийг гадаадад байршуулж, үр ашигтай зүйлд хөрөнгө оруулдаг менежменттэй. Баялгийн сандаа хуримтлагдсан мөнгөнийхөө 60 хувиар хувьцаа, 35 хувиар үнэт цаас худалдаж аваад үлдсэнээр нь үл хөдлөх хөрөнгө авдаг байх жишээний. Энэ бүхэн нь дэлхий дахинаа тогтсон жишиг ч гэлээ хуримтлалын сангийн талаарх монголчуудын ойлголтоос одоохондоо хол юм.
Ямар ч байлаа гэсэн шинэ төр засаг бидэнд аль ойр байгаа аргаар нь “Эрдэнэт”-ийн ажлыг урагшлуулж, нүдэнд харагдаж, гарт баригдах үр дүн үзүүлмээр байна. Үүнийг хийж байж төр засаг ард түмнээ тайвшруулна. Түмэн олон хоолтой ундтай болно. “Эрдэнэт”-ийнхээ хувьцааг аваад бие биедээ арилжиг. Барьцаанд ч тавина биз. Эсвэл ногдол ашгаа аваад монголчууд минь сайхан амьдраг л дээ.