Энэ долоо хоногийн хамгийн онцлох сэдэв Ардын гэх шинэ Засгийн газрын танхимын гишүүд буюу сайд нарын нэрс байна. Улс төрийнхөн болоод хэвлэлийнхний анхаарлын төвд байгаа энэ асуудалд үнэн гэх тодотголтой олон таамаглалууд гарсаар байгаа ч танхимын тэргүүн үүнд албан ёсны хариулт өгөөгүй байна.  

Хамгийн сүүлд Засгийн газрын сайд нарыг 7*8 гэсэн харьцаатайгаар томилно гэв. Өөрөөр хэлбэл МАН-д томоохон хоёр фракци оршин тогтнож, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байгааг өнгөрсөн хугацаанд хангалттай харсан.

 

 

М.Энхболд хэзээнээсээ өөрийн хүрээллээ намдаа бий болгож, өнөөг хүртэл хот болон намаа бүрэн захирч ирсэн. Энэ утгаараа тэрбээр МАН-д дунд үеийг төлөөлдөг гээд хэлчихэд нэг их зөрөхгүй. Харин нөгөө хэсэг нь У.Хүрэлсүхийнх. Залуучуудын байгууллагаа хүчирхэгжүүлж, намдаа шинэ үеийнхнийг бий болгосон гээд түүний талаарх тодорхойлолтууд цөөнгүй. Энэ удаагийн Засгийн газарт хэдийгээр түүний фракци хамгийн олон суудал авна хэмээн яригдаж байгаа ч өнгөрсөн хугацаанд түүний талд байж, шударга үнэнийнх нь дуу хоолой болж ирсэн хүмүүс Засгийн газрын гишүүдэд яригдахгүй байгаад дэмжигчид нь сэтгэл дундуур байна.

 

Шадар сайд гэдэг бол Ерөнхий сайдын эзгүйд орлох эрх мэдэлтэй өндөр албан тушаал. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсоных нь дараа түүний Шадар сайдын суудлыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр авна хэмээн таамаглаж ирсэн. Ард иргэдэд ч энэ хувилбар таалагдаж, эрхий хуруу гозойлгосон. Гэвч өнөөдөр тус албан тушаалд өөр хүний нэр хүчтэй дуулдаж эхлэв. Түүнчлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад яригдаж байсан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын нэрс ч дуулдахаа болив. МАН-ын шинэ үеийн залуучуудын төлөөлөл болсон эдгээр гишүүдийг У.Хүрэлсүх ямартай ч танхимдаа багтаана. Өмнөх Засгийн газрын алдаа дутагдалыг нь дэнслэх үед ард иргэдийн дуу хоолой болж чадсан, тэгээд ч МАН хашир туршлагажсан ахмадуудаасаа салж, шижигнэсэн залуусдаа халаагаа өгөх цаг болсон гэх таамаглалууд мөн л талаар болов. Харин тэдний оронд МАН-ын дарга М.Энхболдынх гэх тодотголтой гишүүдийн нэрс яригдаж эхэлсэн нь У.Хүрэлсүхийн эхлүүлэх шинэчлэлд шинэ зүйл харагдахгүй байна гэх шүүмжлэлийг ч дагуулж эхлэх нь тэр.

 

Угаас У.Хүрэлсүхыг ард түмэн  шударга, эрс шинэчлэл хийх чадвартай хэмээн үнэлж ирсэн. Түүний дараагийн Ерөнхий сайдаар томилогдоход хоёр гараа өргөж дэмжсэн. Гэвч шинэчлэлийн бүрэлдэхүүнд багтана хэмээн тооцоолж байсан гишүүд нь ийнхүү нэг нэгээрээ сураг алдарсанд “У.Хүрэлсүхийн шударга үнэнийн дуу хоолой суларч эхэллээ” гэж нэрийдэх хүмүүс ч байна.

 

Яг өнөөдрийн байдлаар Шинэ Засгийн газрын танхимд багтаж ажиллах сайд нарын нэрс хараахан эцэслэгдээгүй байгаа ч УИХ дахь МАН-ын 32-ын бүлэг урьд шөнөжин ярилцсаны эцэст зургаан хүнийг сайдад нэр дэвшүүлжээ. Тодруулбал Шадар сайдад УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгаланг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн О.Содбилэг нарыг нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд эдгээр гишүүдийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн, татгалзсан байна.

 

Үүнийг дуулсан МАН-ынхан түүний шийдвэрийг зөвтгөжээ. Ингэхдээ дээр дурдсан гишүүдээс гадна хуулийн салбарын толгой гэгддэг Ц.Нямдоржийг өөрийн танхимдаа оруулж ирвэл У.Хүрэлсүхийг “нийгмийн захиалга”-аа биелүүллээ, гишүүд дэмжигчидээ сонслоо хэмээн үзнэ гэцгээж байна.  

 

24tsag.mn