МОАХ-ны даргад бус Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөх юм шүү дээ, эд чинь
2017/10/11
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын стратегийн асуудал эрхэлсэн зөвлөх Стив Бэннон, Эдийн засаг, бизнесийн хууль, эрхзүйн орчны шинэчлэлийн тусгай зөвлөх, тэрбумтан Карл Айкан нар өнгөрсөн наймдугаар сард сайн дураараа ажлаа өгчээ.
Стив Бэннон бол Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампын хамгийн ойрын туслах нь байсан гэдэг. Энэ эрхэм “…АНУ Хятадтай эдийн засгийн дайн зарлаж байна” гэж дэлхий нийтэд зарласан хүн юм.
Түүний хувьд ҮАБЗ дэх суудлаа алдсан гэдэг юм.
Дональд Трамп тангараг өргөснийхөө дараахан Стив Бэннонд ҮАБЗ-д ажиллах эрх олгосон. Энэ нь Цагаан ордны ахлах зөвлөхүүдэд ҮАБЗ-д ажиллах эрх олгосон анхны тохиолдол болжээ. Гэхдээ Дональд Трамп тус зөвлөлд Стив Бэнноныг ямар нэгэн үүрэг хүлээлгээгүй байна. Энэ бүхний дараа Стив Бэннон ажлаа өгсөн юм.
Карл Айканы хувьд 2016 оны арванхоёрдугаар сарын 21-нд Трампын зөвлөхөөр томилогдож байжээ. Тэрээр “…Цагаан ордонд надтай холбоотой ямар нэгэн хардлага, маргаан дэгдэхийг хүсэхгүй байгаа. Хувийн компани маань хэзээ ч Цагаан ордноос ашиг харж байгаагүй” гээд албан тушаалаасаа татгалзаж буйгаа мэдэгдсэн.
Түүнчлэн энэ оны эхээр Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флинн ажлаасаа халагджээ. Учир нь Трампын тангараг өргөх ёслолоос өмнө Майкл Флинн Оросын Элчин сайдтай утсаар ярьсан байна. Энэ нь дипломат маргааны асуудлаар гадаад улс орнуудын төлөөлөгчидтэй АНУ-ын иргэн холбогдож, яриа хэлэлцээ хийхийг хориглох тухай хуулийг зөрчсөн байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн нэр хүнд, хийх ажил нь ийн олон нийтийн нүдэн дээр байж, байнга анхаарлын төвд байдаг. Зөвхөн АНУ ч бус дэлхийн улс орнуудын Төрийн тэргүүнд зөвлөдөг хүмүүсийн нэр нөлөө их гэсэн үг.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зөвлөхүүдийн тухай мэдээлэл ч дэлхийн чихийг дэлдийлгэж байдаг юм. Тухайлбал, В.Путины зөвлөх Сергей Глазьев Украины удирдагч Порошенког нацист хэмээн зарласан байдаг. Тэрээр “…Манай хөрш Транснац корпорациудад үндсэн хөрөнгөө алдаж, улсаа удирдах жолоогоо алдсан, одоо удирдлагагүй байгаа” хэмээн мэдэгджээ. Бас В.Путины зөвлөх асан, Вашингтоны Катоны эрдэм шинжилгээний институтын ахлах шинжээч Андрей Илларинов “Голос Америки” агентлагт өгсөн ярилцлагадаа Б.Немцовын аллагын талаар “…Ийм төрлийн аллага буюу Кремлиэс 100-хан метрийн зайтай ийм аллагыг ганцхан Оросын тусгай албадын тусгайлан бэлтгэгдсэн, мэргэшсэн алуурчид л хийж чадна” гэв. Энэ нь тухайн үед шуугиан тарьж байсан юм. Түүнчлэн гурван жилийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монголд хийсэн айлчлалын өмнө В.Путины зөвлөх Юрий Ушаков “…Монголд хийх айлчлалын үеэр том хэмжээний 13 хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөсөн. Эдгээрийн дотор хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр багтсан. Түүнчлэн Улаанбаатар төмөр замын шинэчлэл, стратегийн хөгжлийн түншлэлээр Оросын төмөр замын “РЖД” хувьцаат нийгэмлэг болон Монгол улсын Зам тээврийн яамны хооронд мөн хэлэлцээр хийгдэхээр болсон” гэж мэдэгдэж байв. В.Путины айлчлалынхаа үеэр яах санаатай байгааг бид зөвлөхийнх нь үгнээс мэдсэн нь тэр.
Үүнээс гадна Британичууд Европын холбооноос гарахаар санал өгсөн нь В.Путины явуулга гэх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдэд гарч байсан юм. Тэр үеэр Украины Аюулгүйн албаны тэргүүн Валентин Наливайченко “…Эдийн засгийн хүндрэлийг оросууд л хийж байгаа. Тэд Украины банкуудад ажиллаж байгаа. Тэднийг Ерөнхийлөгч Путины зөвлөх Владислав Сурков удирдан чиглүүлдэг” гэж мэдэгдсэн байдаг.
Энэ мэтчилэн том гүрний Төрийн тэргүүний зөвлөхийн үүрэг, эрх мэдэл, нэр нөлөө том л байдаг ажээ.
Ер нь Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн нэр Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүний халаасанд бэлэн байх ёстой. Тиймээс Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг хүний үнэлэмж, шалгуур өндөр байдаг гэдэг.
Харин Монголд ямар байдаг вэ. Үнэнийг хэлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхүүд гэж олны ам ангайлгаж, анхаарал татсан хүмүүс томилогдох болов.
Ерөнхийлөгч хамгийн түрүүнд 2017 оны долдугаар сарын 28-нд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Улс төрийн бодлогын зөвлөхөөрөө томилсон. Уг нь Н.Алтанхуяг ахлах зөвлөх болно гэсэн ч нөгөөдүүл нь бас нэг Ерөнхийлөгч гарч ирнэ гэж айгаад Улс төрийн бодлогын зөвлөх хэмээх албан тушаалыг шинээр бий болгож, түүнийг томилсон байгаа юм. Уг нь Хуулийн бодлогын зөвлөх нь бусад зөвлөхөө ахлаад явдаг байсныг Н.Алтанхуягт зориулж Улс төрийн бодлогын зөвлөхөөр сольсон хэрэг. Н.Алтанхуягийг Хуулийн бодлогын зөвлөх гээд томилчихвол онигоо шүү дээ.
Н.Алтанхуяг туршлагатай улстөрч л дөө. Тэр зөвлөх байж чадна. Гэхдээ Х.Баттулгыг Ерөнхийлөгч болохоос өмнө хонь, чоно хоёр байсан хүмүүс. Улс төрийн сонин хоршил үүсгээд байгаа хүмүүс. Нөгөөтэйгүүр Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхаасаа л АТГ-т албан тушаалын хэргээр шалгуулж, тэр нь дуусалгүй явсаар аз болж Ерөнхийлөгчийн зөвлөхийн албанд томилогдсон гэдэг. Хуулийн дагуу АТГ-аас Н.Алтанхуягийг томилоход зөрчил бий эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан асуусан байгаа юм. АТГ ч “…Боломжгүй” гэсэн хариу өгсөн гэдэг. Гэвч Ерөнхийлөгч түүнийг зөвлөхөөрөө томилчихсон.
Ерөнхийлөгч Х.Баттулга дараа нь 2017 оны наймдугаар сарын 3-нд яруу найрагч Ц.Хуланг Соёл, шашны бодлогын зөвлөхөөрөө томиллоо. Ц.Хулантай ажлынх нь талаар ярих юу байхав. Зөвлөх л байх. Харин Ц.Хулан бол Х.Баттулгатай Ерөнхийлөгчийн сонгуулиар би, чи-гээ үзэлцсэн, өрсөлдөгч М.Энхболдынх нь намын идэвхтэй гишүүн, М.Энхболдын нутгийн дүү бүсгүй. Ийм хүнийг зөвлөхөөрөө томилсон нь ганцхан шалтгаантай. Ц.Хулан Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нутгийн ах, намын даргаа “намналцаж” өгсөн юм. Шагнал нь зөвлөхийн албан тушаал болсон хэрэг.
Дараа нь 2017 оны наймдугаар сарын 22-нд Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Д.Пүрэвдавааг Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр томилов. Д.Пүрэвдаваа нь “Монгол бизнес” дээд сургууль, Удирдлагын академийг тус тус төгссөн. “Интернэт хаус” компанид менежер, “Юу Би Нэт” компанид гүйцэтгэх захирал, “Петровис” компанид менежер, “Цэнан” компанид гүйцэтгэх захирал, Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан залуу юм.
Ерөнхийлөгч хамгийн сүүлд Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан орон тооны зөвлөхөөрөө Д.Үүрийнтуяаг томилжээ. Д.Үүрийнтуяа Ашигт малтмалын газрын дэд дарга, дарга, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт албаны дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч, туслах нь байсан гэдгийг хүмүүс мэдэх байх. Ер нь бол Д.Үүрийнтуяа “духан дээрээ” С.Эрдэнэ гэдэг томоос том бичээстэй хүн. Нэг үгээр, С.Эрдэнийн л хүн.
Энэ бүхнийг ингэж тоочих шалтгаан байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхүүдийг хар даа. АН-даа юм уу, АН-ын аль нэг даргад гавьяа байгуулсан л хүмүүс зөвлөхөөр томилогдож байна. Хамгийн сүүлд зөвлөхөөр томилогдсон хүнийг хараад энэ дүгнэлт улам бүр баталгаажиж байгаа юм.
Ерөөс Ерөнхийлөгчийн зөвлөхүүд АН-ын фракцуудаас томилогджээ. Н.Алтанхуяг “Алтангадас”-аас, Ц.Хуланг МоАХ буюу Х.Баттулга Ерөнхийлөгч өөрөө, харин Д.Үүрийнтуяа, Д.Пүрэвдаваа нар АН-ын дарга С.Эрдэнийн томилгоо болох нь тодорхой харагдаж байгаа юм.
Тэднээс гадна Х.Баттулга Ерөнхийлөгчид орон тооны бус зөвлөх гэж олон хүн бий. Ерөнхийлөгч 2017 оны наймдугаар сарын 22-нд захирамж гаргаж, Ч.Чулуунцэцэгийг Багшийн хөгжлийн асуудал хариуцсан, О.Амгаланбаатарыг Гааль, татварын асуудал хариуцсан, Ч.Ганбатыг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан, С.Пүрэвсүрэнг Хүмүүнлэгийн асуудал хариуцсан, Ц.Ууганбаярыг Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан, Ш.Батцэцэгийг Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан, Л.Эрдэнэчимэгийг Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан, Д.Жаргалсайханыг Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан, С.Чулууныг Монгол судлалын асуудал хариуцсан, Ц.Чинбатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан, Ц.Сосорбарамыг Усны асуудал хариуцсан, Б. Баатарыг Кино урлагийн асуудал хариуцсан, Н.Лхагвадоржийг Оюутны хөгжлийн асуудал хариуцсан, С.Дэмчигийг Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан, Н.Оргилыг Кино урлагийн асуудал хариуцсан, Л.Баян-Алтайг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилсон. Энэ хэд дунд ч бас холион бантангийн нөхөд байгаа бололтой юм. Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ч.Чулуунцэцэг “Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо”-ны гол хүмүүсийн нэг. Төртэйгээ тэмцдэг Төрийн тэргүүний зөвлөх байна гээд л шүүмжлээд байна.
Үүнээс гадна, хамгийн томоор тавигдах асуудал бол энэ зөвлөхүүд Ерөнхийлөгч Х.Баттулгад чухам юу зөвлөх вэ. Цагаан ордны, эсвэл Кремлийн эздийн зөвлөхүүд шиг байж чадах уу.
Зөвлөхийн үг бол Ерөнхийлөгчийн байр суурь байдаг. Бас Ерөнхийлөгч зөвлөхийнхөө зөвлөснөөр томоохон шийдвэрийг гаргадаг.
Энэ талаас нь Х.Баттулга ба энэ зөвлөхүүд гээд хар даа. Жишээ нь хамгийн сүүлд зөвлөхөөр томилогдсон Д.Үүрийнтуяагаас Ерөнхийлөгч Х.Баттулга та ямар зөвлөгөө авах юм бэ гэж асуумаар байгаа юм. Ер нь зөвлөх гэдэг бол зантгар мэдлэг, туршлагатай байх ёстой юм. МАН-ын зөвлөхүүдийг хараарай. МАН дэргэдээ зөвлөхүүдийн танхимтай. Н.Багабанди, Ш.Гунгаадорж, Д.Содном, С.Баяр, Сү.Батболд, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, С.Төмөр-Очир, мөн Б.Даш-Ёндон, Г.Очирбат, Ө.Энхтүвшин, М.Энхболд нар байдаг юм байна. Үгийг нь сонсоод, дагаад явмаар хүмүүс. Даанч намынхан нь тэдний үгийг авахгүй байх шиг байгаа юм. Монгол ардын нам ийм зөвлөхүүдтэй байна. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээс тулх, тууш, туршлага харагдахгүй байгаа юм.
Ерөнхийлөгчийн зарим зөвлөх томилогдоогүй байна. Хуулийн бодлогын зөвлөх, Эдийн засгийн бодлогын зөвлөх, Гадаад бодлогын зөвлөх, Батлан хамгаалах бодлогын зөвлөх гээд тулгуур бодлого хариуцсан зөвлөхүүдийн орон тоо эзгүй байна. Ээ дээ, үүн дээрээ л анхаараарай Ерөнхийлөгчөө гэмээр байна. Одоо зөвлөхөөр чинь ажиллаж байгаа Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа яг ингэж томилгоо хийж байсан. Фракцуудын эрх ашгийг тэгш хангаад явбал өөрөө унахгүй гэж тооцоолоод эрх мэдэл, албан тушаалыг эн тэнцүүхэн хувааж гарсан. Эцэст нь фракцын дарга нар өөрөөс нь том болж, удалгүй түлхээд унагачихсан даа.
Түүнчлэн АН-ын дарга нар, фракцын удирдагчдад нь хэлэхэд, наад Х.Баттулга гэдэг хүн чинь одоо Монгол Улсын Ерөнхийлөгч болсон байна. Фракцаас томилсон зарим зөвлөхөө хар даа. Тиймээс зөвлөхүүдийн томилгооны эрхийг Ерөнхийлөгчид өөрт нь үлдээ. Наадуул чинь МоАХ-ны даргад бус Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөнө гэдгийг тунгаа гэе.
Б.Дамдин-Очир
шаабар · 2017/10/11
Бодож үзэхээр л зөвөлгөө байна. Хэрхэхийг Ерөнхийлөгч өөрөө мэдтүгэй. Ерөнхийдөө Монголын төр нэг л биш болчихсон цаг шүү дээ. Гол нь ард иргэдэд хал балгүй бол хэн хэндээ юугаа зөвлөх эс зэвлэх нь сонин биш гэхээс өөр юу ч гэхэв.