Авлигaтай тэмцэх газрын дэргэд байгуулагдсан Олон нийтийн зөвлөлөөс хэвлэлийн хурал хийж байна.  Тус байгууллага нь есдүгээр сарын 23-аас үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Иргэдийн зүгээс 28 төрлийн өргөдөл гомдол ирүүлсэн байна.  Иргэдийн зүгээс ноцтой зөрчлүүдийн мэдээлэл ирүүлсний нэг бол УБТЗ-ын удирдлагуудтай холбоотой асуудал байжээ. Тухайлбал, тус байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй гэх тодорхойлолт аваагүйгээр томилогдсон байна гэв. 

Тэдний дунд авилгын асуудлаар гэмт хэрэгт шалгагдаж, 2015 онд ял авсан Ж.Пунцаг Хяналт шалгалтын дотоод аудитын даргаар, 80 саяын залилангийн гэмт хэргээр шүүхэд ял завшсан Зоригт Худалдан авах ажиллагааны даргаар, хулгайн хэргээр зургаан жилийн ял эдэлсэн Оюунчимэг Хөдөлмөр харилцааны дарга буюу АТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгааг тогтоосон гэж АТГ-ын дэргэдэх ОНЗ мэдээлэв. 

 

АТГ-аас энэ асуудалд анхаарал хандуулж тэдгээр хүнийг халах шийдвэр гаргажээ. Харин энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж өчигдөр шалгалт хийхэд тэдгээр албан тушаалтнуудыг орлогч болгон албан тушаалыг бууруулсан зөрчил илэрсэн байна гэв. 

 

Мөн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Цогтгэрэл төмөр замаас машин унадаг, бензин тосоор хангуулдаг байсан нь тогтоогдсон байна. Энэ нь Ашиг сонирхлын тухай хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчиж байна. АТГ-аас энэ асуудлыг зохицуулаагүй байна хэмээн Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэв.  ОНЗ-ийн мэдээлж буйгаар нийт иргэдээс ирсэн гомдлын 80 хувь нь албан тушаалын хууль зөрчсөн, албан тушаалаа давуулан ашигласан зөрчил илэрч байгаа аж.  Түүнчлэн олон төрлийн өндөр дүнтэй худалдан авалт тойрсон гэмт хэрэг гарсан байж болзошгүй талаар мэдээлэл өглөө. 

Тэд "Үндэслэлгүй хөрөнгөжсөн бүх албан тушаалтныг шалгаж авилгалтай тэмцэнэ. Хийвэл бидэнд хууль эрхзүйн орчин хангалттай байна" гэв. 

 

sonin.mn