Нийслэлийн Автозамын газраас санаачлан хотын ачаалал ихтэй замууд дээр гүүрэн гарц барих ажлыг эхлүүлээд байгаа билээ. Эхнийх нь оноос өмнө ашиглалтад орох гэж байна.

Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, автомашины түгжрэлийг тодорхой хэмжээнд саармагжуулах зорилготой энэ ажлыг сайшаах нь зүйтэй. Гэвч бас хэлэх зүйл байна. Бөмбөгөрийн замд баригдаж байгаа гүүрэн гарц БНХАУ-д олноороо байдаг гүүрэн гарцтай яг ижил юм.

Гэхдээ урд хөршийн гүүрэн гарцууд хоёр тал руугаа буудаг шаттай бол манайх нэг л тал руугаа буух юм. Юмыг хийвэл хийсэн шиг хийх сайхан. Нэг талын шатыг нь “чоно идчихсэн” юм болов уу. Нэмээд хэлэхэд, байгаа ганц шат нь нийтийн тээврийн зогсоол руугаа бус тээр хол “Дөрвөн зам”-ын зүг урууджээ.

Бөмбөгөрийн түгжрэлийг ихэвчлэн нийтийн тээврийн автобус, түүнээс буусан явган зорчигчид үүсгэдэг. Шууд буугаад л гүүрэн гарц руугаа гардаг бол хүмүүс ашиглах л байх. Харин 50 метр алхана гэвэл залхуураад шууд зам хөндлөн гүйж мэдэх л улс.

Хүмүүс “Гүүрэн гарц руу алхах уу, яах вэ” гэж эргэлзмэгцээ шууд зам хөндлөн гарах замыг сонговол яах вэ. Бас нэг эргэлзсэн нөхөр ядах юмгүй л дагана шүү дээ. Замын хажуугаар өндөр хашлага татаж, зам гарсан хүмүүсийг торгох цагдаа байнга зогсоодоггүй л юм бол яг л тэгнэ дээ. Хархорин захын зам дээгүүр гүүр тавиад яалаа.

Гэтэл хашлага бариад, цагдаа зогсооно гэвэл гүүрэн гарц барих хэрэг юун. Гүүрэн гарц юуны түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэдийн зорчих боломжийг хангасан байх ёстой.

Гэтэл гүүрэн гарцаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцэр гарахад маш төвөгтэй. Нэгэнт гүүрэн гарц барьж байгаа юм чинь замын хоёр талаар хашлага тавигдаж таарна. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг бол “Гэсэр” сүмийн уулзварыг зүглэх, нөгөө бол гүүрэн гарцаар зүтгэж амиа эрсдэлд оруулах гэсэн хоёр сонголттой тулгарах нь. Энд бас эргэлзээ үүснэ ээ.

Гэхдээ энэ удаа тэд гүүрэн гарцыг сонгох магадлал илүү шүү. Ойрхон болохоор. Тэдний хувьд илүү эрсдэлтэй ч болж бүтэхгүй юм руу тэмүүлдэг нь монгол зангийнх уу, хэт залхуу, аль эсвэл цаг барьдаггүй дандаа яаруу явдагийн харгай юу мэдэхгүй. Гүүрэн гарц дээр битгий л хүн бэртэж гэмтээсэй, бурхан минь.      

Улаанбаатар хот маань улам л өнөр өтгөн болж байна. Яваандаа их хотуудын жишгээр өндөр хөгжилтэй орнуудад байдаг шиг давхар замууд баригдана. Иргэд ч гүүрэн гарц ашиглаж хэвших байх л даа. Цаашид олон гүүрэн гарц тавигдана гэсэн болохоор санаа өгч байгаа нь энэ.

Миний л хувийн бодол шүү, Бөмбөгөрийн замыг хажууханд нь байх дөрвөн замтай харьцуулья л даа. Иргэд, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд аюулгүй зорчуулах байдлыг хангасан байдлаар нь эерэг, сөрөг дүн тавья. Дөрвөн замын уулзварт хоёр талаар нь хүн тэр болгон давж гүйгээд байхааргүй төмөр хашлага босгосон /+ оноо/. Бөмбөгөрийн зам дээр гүүрэн гарц барилаа /+ оноо/.

Гэхдээ иргэд замаар гарч, өөрөө болон өрөөлийг эрсдэлд оруулсаар л байх болно /- оноо/. Энэ боломжийг хаахын тулд хашлага тавьж таарна. Байзаарай.  Нэгэнт хашлага тавьж байгаа бол гүүрэн гарц барих ямар хэрэг байна. Илүү зардал бус уу.

Хэрвээ гүүрэн гарцаа ашиглалттай байлгая гэвэл шатыг нь ядаж автобусныхаа буудалд ойрхон байрлуулсан бол дээр байсан юм. Хархорин захын зам дээгүүр тавьсан гүүрэн гарц одоо гүүрэн гарц биш дэлгүүр, баар болж хувирсан шүү дээ. Бөмбөгөрийн гүүрэн гарц ч гэсэн нэг ийм юм болохгүй гэх газар алга.

Тийм сайхан юм барьж байгуулаад өгөхөд л ашиглахгүй байсаар хэрэггүй болгож байгаа юм. Ингээд бодоод байхад нэг л юманд тулаад гацдаг байхгүй юу. “Ард түмнийг солих хэрэгтэй” гэж. Тэгэхээр иргэддээ хандаж, “Гүүрэн гарцаа ашиглаарай, улс мөнгөө хий дэмий үрсэн хэрэг болчих гээд байна шүү” гэж гуйхаас өөр яалтай билээ.

Х.Батсайхан