Шинэ Засгийн газар байгуулагдах сургаар Сангийн сайдаар нэрлэгдсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр, цахим ертөнцөд гоочилж эхэллээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ХҮЧТЭЙ, ӨНГӨТЭЙ байлгах,  Мэргэжлийн Сайдын нарын нэг нь Ч.Хүрэлбаатар. Монголд байдаг хуруу дарам чадалтай эдийн засагчдын нэг нь бас тэр.  Австралид сургууль төгсөөд ирсэн шинэхэн, залуухан докторыг тухайн үеийн Ерөнхий сайд олж анзаарч, 2000 онд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар урилгаар ажиллуулсан байдаг юм. Түүнийг шинэ Засгийн газарт Сангийн сайдаар орох сургаар л  гүтгэж  байна. Ч.Хүрэлбаатар л Сангийн сайд болохгүй бол Монголын эдийн засаг сэргэнэ шүү гэх  ухааны зүйлийг санаатай бичиж байгаа.   Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас ЗГХЭГ-ын дарга хүртлээ дэвшин ажилласан түүнд улсын эрдэнэсийн авдарны түлхүүрийг атгуулахаас хэн тэгтлээ айгаад байна вэ. Тэдгээр гүтгэлэгт УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын цахимаар дамжуулан өгсөн  тайлбаруудыг засваргүйгээр хүргэе.

Ч.Хүрэлбаатар: Харамсалтай нь Монголд ашигтай гэрээг  батлаагүй

Сангийн сайд болох сургаар намайг Оюу толгойн гэрээг хийсэн, ЗГХЭГ-ын дарга байхдаа ОТ-н гэрээг УИХ-аар батлаад тендер авсан, Дубайн гэрээг хийсэн, дэмжсэн, Рио Тинтогийн төлөөлөгч мэтээр мөнгөөр, захиалгаар бичдэгээрээ улстөрийнхний дунд алдартай хэд хэсэг өдөр дүвчигнэлээ. Тайлбар өгье.

Нэг. 2007 онд миний бие ахалж Оюутолгойн гэрээнд ил болон далд уурхайн бүх бүтээн байгуулалтыг 2.7 тэрбум долларт багтааж хийх (одоо 7 тэрбум доллар), зэс хайлуулах үйлдвэрийг 2012 онд ашиглалтад оруулах, эрчим хүчээ Монголоос авах, нийт ажиллагсдын 90 хувиас доошгүй нь монголчууд байх, инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуульд хөрөнгө оруулалт хийж, олон улсын жишигт хүргэх зэрэг монголд хэрэгтэй олон заалтыг оруулж чадсан юм.

 Харамсалтай нь энэ гэрээг тухайн үед УИХ батлаагүй юм. “Босоо” Гамбаа ч хэд хэдэн удаа Хүрэлбаатарын энэ гэрээ хамгийн сайн гэрээ байсан юм гэж хэлж байсныг санаж байна.

    Хоёр: Оюутолгойн гэрээг батлахад оролцоогүй

- УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг намайг ЗГХЭГ-ын дарга байхдаа Оюутолгойн гэрээ хийж, “Арц суварга” гэдэг компанид тендер авч өгсөн мэтээр ор үндэсгүй гүтгэсэн. Тухайн үед би телевизээр тайлбар, няцаалт өгч байсан.  Оюутолгойн гэрээ байгуулагдах үед ЗГХЭГ-ын даргаар Б.Долгор, Би УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсныг дахин сануулмаар байна. Оуютолгойн  гэрээ батлагдсанаас хойно, С.Баяр ажлаа өгч Сү.Батболд Ерөнхий сайд болоход би ЗГХЭГ-ын даргаар томилогдож ажилласан. “Арц суварга” гэдэг компанитай холбогдох нь бүү хэл, тийм компани байдаг эсэхийг нь мэдэхгүй байж гүтгээч нарын амнаас анх удаа сонссон юм. Үгээ хэлэх эрх чөлөөг би байнга хүндэлж ирсэн, цаашид ч хүндэлнэ. Гэхдээ гүтгэхэд бас хязгаар байх ёстой доо.

Гурав: Дубайн гэрээг Ч.Сайханбилэг байгуулсан шүү дээ

2006 онд  Оюутолгойн гэрээг баталсан УИХ-ын  чуулганы хуралдаанд би оролцож чадаагүй юм. Гэрээг хэн хэн дэмжиж, хэн хэн эсрэг санал өгснийг олоод үзчихнэ биз дээ. Тэгэхээр Оюутолгойн  гэрээг батлуулж тендер авсан гэдэгт итгэх хүн хэр олон бол. Дахиад хэлэхэд учир зүггүй гүтгэхээ больчихол яасан юм бэ?

Дубайн гэрээ 2015 онд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхад, манай намыг сөрөг хүчин байхад хийгдсэн гэдгийг дахиад хэлье. Би сөрөг хүчин байхдаа бусдын араар нуугдаж, ашиг хонжоо харж явсангүй. Харин хэлэх үгээ хэлж бурууд хатуу, зөвд зөөлөн явж ирсэн юм. Би хуйвалдаж, хулгай хийдэг хүн биш ээ. Хэн нэгнийг гүтгэж, нүгэл үйлдэж явсангүй, намайг битгий муулаач, би сайн хүн гэж мөнгө өгч тохиролцож ч явсангүй. Монголын улс төр аливаа шантаажчид, нөхцөл тавьж тохиролцогчид, шахаачдаас хол байх ёстой, ингэж байж улс төр цэвэр болно гэдэгт хатуу итгэж байгаа, ийм болгохын төлөө ажиллаж байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

Төгсгөл

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, одоо бол Монгол Улсын Засгийн газрын Сангийн сайдаар нэрлэгдээд байгаа Ч.Хүрэлбаатарыг гүтгэж, харлуулахыг оролдсон шалтгаан тодорхой. Сангийн яамны гал тогоог хариуцаж байсан туршлагатай, УИХ-ын Төсвийн байнгын хороог удирдаж байгаа түүний эдийн засгийн чадварыг улс орны эдийн засаг эгзэгтэй ийм цаг мөчид ашиглахгүй юм бол хэзээ ашиглах гэж. Түүнийг Төсвийн байнгын хорооны даргаар томилогдож байх үед “Сангийн сайд”-аа л явуулчихлаа даа гэх яриа олон нийтийн дунд тархсан нь үнэн. Олон нийтийн хүсэлт Хүрэлсүхийн Засгийн газрын үед биелэлээ олж ирж байна. Хүрэлсүх, Хүрэлбаатар нарын хослол үргэлжлэх л ёстой.

Н.Норжоо

Эх сурвалж:Breakingnews