“Аз хур номын их дэлгүүрээс 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулсан 72 цагийн турш 72 хувь хямдралтай худалдааны үеэр номын үнийн дүн зөрүүтэй, наалт наасан гэх мэт шүүмжлэл олон нийтэд гарсан билээ. 

Харин энэ гомдолыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалт хийж дүгнэлтээ гаргажээ. Хямдралын үеэр номын үнэ дээр наалт нааж хэрэглэгчдэд энэ талаар урьдчилан мэдээлэл өгөөгүйгээс дээрх үл ойлголцол бий болжээ. 

Хяналт шалгалтаар Аз хур ХХК, Мөнхийн үсэг ХХК-иудаас номын хямдралтай худалдааны үед үнийн дүн зөрүүтэй гэх 4 төрлийн номын талаар тайлбар, тодруулга, тушаал, шийдвэр зэргийг гаргуулан авч шалгав.

Үнийн дүн зөрүүтэй буюу хэрэглэгчийг төөрөгдүүлж байгаа ном нь Хаан төрийн нууц /хатуу зөөлөн хавтастай/, Хатан төрийн нууц /хатуу, зөөлөн хавтастай/, Хар судар, Цагаан соёот, Хүүхдийн 100 баримт цуврал зэрэг номууд ба эдгээр номууд нь 50, 72 хувиар хямдарсан байсан бөгөөд цугларсан нотлох баримтаас харахад бодит бус хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй буюу Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Харин номын хавтаснаас үүдэлтэй хэвлэлийн алдааг хэрэглэгчдэд мэдэгдээгүй, залруулга хийгээгүй асуудалд хэвлэлийн алдаатай номын талаар залруулга хийж, хэрэглэгчдэд мэдээлэхийг үүрэг болгож ажиллаа.