Монголын залуучуудын холбоо гэж томоохон байгууллага байх. Үүх түүхийг нь сөхвөл 90 гаруй жилийн настай гэх. Үг, үйлдээс нь харвал улстөржихийг үзүүлж өгдөг газар болж хувирчээ. Нийт залуусаа сайн үйл хэрэгт уриалан дуудах, тэднийг манлайлах үүрэгтэй шүү дээ, уг нь. Харамсалтай нь А.Мөнхбат даргатай МЗХ сүүлийн жилүүдэд  хэтэрхий их улстөржиж, бодлого зарчмаасаа хазайлаа. 2016 оны сонгуулийн үеэр аливаа сөрөг пиар, сурталчилгаанд автахгүй, бохир улстөржилтөөс хол байж зөв сонголт хийхийг залуучууддаа уриалах ёстой байтал “Хулгайчгүй Монгол” хэмээх улаан улстөр ханхалсан хөдөлгөөн өрнүүлж, нийгмийг хоёр талцуулсан. А.Мөнхбат нэг ч хүний хулгай луйврыг илчилсэнгүй. Угаасаа түүнд хэн нэгнийг яллах эрх байхгүй. Гэтэл  мөнгө өгсөнийг нь цагаан жагсаалт гээчдээ оруулж шударга  ажиллах, нийт залуусыг төлөөлөх ёсзүйтэй хүн биш гэдгээ дэндүү тодорхой харууллаа. Ганцхан энэ үйлдлээрээ нөгөө тэмцээд байгаа хулгайчдынхаа эгнээнд орчихсон тууж яваагаа өөрөө мэдэж байгаа болов уу? Тодорхой эрх ашгийн үүднээс улстөрийн сонгуулийг мөнгө олоход ашигласан нь л харамсмаар бодит үнэн.Тухайн үед “50 сая төгрөг нэхсэн. Өгөөгүй болохоор хар жагсаалт гээчдээ оруулж байгаа юм байна л даа” гэж нэр бүхий хүн толгой сэгсрэн ярьж байсан нь үүний гэрч. А.Мөнхбат үнэхээр шударга үйлсийн төлөө Монголын нийт залуусыг манлайлая гэж зорьж яваа бол ийм үйлдэл хийх үү? Нийгмийн сэтгэлзүй хамгийн их савалдаг УИХ-ын сонгуулийн үеэр Монголын залуучуудын гэх тодотголтой хамгийн том байгууллагыг тэргүүлдэг энэ хүн салаавч гаргаад сууж байсныг нь хэрхэн ойлгох вэ?  Олон хүн чамайг ёс суртахуунгүй үйлдлийг өөгшүүлэгч гэж харсан шүү, Мөнхбатаа!!!

Өнөөдөр залуучуудын ухамсар, ёсзүй нийгмийг түгшээх хэмжээнд хүрээд байгаа нь нууц биш. Сайн дураараа цас арилгах, хог цэвэрлэх, бусдад туслах, ядарсан эдийн засгаа өндийлгөхөд хувь нэмрээ оруулах сэтгэлтэй залуучууд ховор байна. Архидалт, биеэ үнэлэлт, хар тамхины хэрэглээ болон бусад төрлийн гэмт хэрэгт 18-35 насны залуус илүүтэй холбогдож байна.Ийм бараан үед МЗХ Монголын ирээдүй болсон залуусаа үлгэрлэн манлайлж, бодол санааг нь сайн сайхны төлөө чиглүүлэх талаар юу хийж байгаа юм бэ?  Хотын төвд оршдог эзэмшлийн 4 давхар байшин нь мөнгөний уурхай биш Монголын  залуучуудын ордон (өмч)байх ёстой. Тэнд төрөл бүрийн арга хэмжээ тогтмол зохион байгуулагддаг, тэнд сургалт, зөвлөгөөн тасардаггүй байх ёстой. Гэтэл  МЗХ залуучууд руу, нийгэм рүү чиглэсэн бодлогын ямар ч дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өдий хүрлээ. Залуучуудад тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд төр засгийн бодлого шийдвэрт нөлөөлөхүйц санаачилга гаргахгүй унтсаар л байна. Нийгэмд тулгамдаад байгаа асуудлууд залуучуудгүйгээр, тэдний оролцоогүйгээр шийдэгдэхгүй гэдэг идэвхтэй өнцгөөс харах ухаан А.Мөнхбатад алга.

Өнөөдөр шаардлага тавьсных нь төлөө гэгээн цагаан өдөр төрийн цагдаа руу салаавч тавих хүртлээ залуусын ухамсар доошилж эхэлжээ. Ийм увайгүй үзэгдлийн эсрэг залуус дуу хоолойгоо нэгтгэх ёстой гэж ярьж байх ёстой газар бол МЗХ.  Гэтэл   А.Мөнхбат өөрөө  салаавчтай зургаа сонин хэвлэлд нийтлүүлж, өсвөр залуу үед буруу үлгэр болсон болохоор ёс суртахуун ярих эрхгүй биз ээ.

Өнөөдөр сошиал ертөнц бараг л галзуурч, тэнд хүний эрх хэрхэн зөрчигдөж, баталгаатай баталгаагүй мэдээллийн үер хэчнээн хүний амьдралд хар толбо үлдээж байгааг  хүн болгон харж байна, халаглаж байна. Тэр болгоны ард ихэвчлэн залуучууд байгаа. МЗХ-ны хувьд нийт залуучууддаа хандаж баялаг бүтээхийн оронд интернэтэд хамаг цаг заваа үрж, нийгмийн сэтгэлзүйг бузарлаж хэрэггүй гэдэг уриалга гаргахад болохгүй гэх зүйлгүй, хэн ч хохирлохгүй.Ер нь залуучуудын сэтгэлзүй хаашаа хэлбийж байгааг соргогоор харж, засч залруулах  чиглэлээр холбогдож байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж яагаад болохгүй гэж?

МЗХ залуучуудын ёс суртахуун, хүмүүжил, боловсролын талаар огт дуугарахгүй, ажил зохиохгүй байна. Монголын залуучуудын дуу хоолой, хамгийн том төлөөлөл гэдэг талаасаа юуны өмнө ёсзүйтэй, хүчирхэг, идэвхтэй байх учиртайгаас биш улстөрчдийн гар хөл, улстөрийн тоглоом болох ёсгүй.  Тэгж байж Монголын залуучуудын холбооны бодлого, үйл ажиллагааны онцлог хадгалдагдах ёстой биш үү?

Аливаа улс орон юун дээр оршин тогтнох вэ?  Толгойгоо гашилгаад байх шаардлагагүй. Хариулт маш энгийн. Залуусын идэвх, оролцоо, хандлага дээр л оршин тогтноно. Өөрөөр хэлбэл, өнөөгийн залуус бол  маргаашийн Монголын дүр зураг. Монголын залуучуудын холбоо аливаа сайн сайхны түүчээ нь байх ёстой. Тэгж түүчээлэхийн тулд удирдах хүн нь  ёсзүйтэй байх нь энгийн логик.