Өнгөрсөн зурга­ду­гаар сарын 2-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас “АН-2” нисдэг тэрэг хөөрөх үедээ унасан тухай мэдээлэл цаг тухайдаа хэвлэлээр гарч байсан. Тэгвэл ОХУ-ын Агаарын хууль сахиулагчдын мэдээлснээр Улс хоорондын нислэгийн хорооноос уг осолтой хол­богдуулан мөрдөн шал­гах комисс томилсон бөгөөд энэхүү комиссоос урьдчилсан дүгнэл­тээ гаргаж, http://mak-iac.org/rassledovaniya/tbc-2mc-ra-2099g-02-06-2017 цахим хуудаст нийтэлжээ.

Энд  мэдээллэснээр ОХУ-ын Улсын аж ахуйн байгуул­лагын мэдэлд байдаг С.А.Чаплыгины нэрэмжит Сибирийн шинжлэх ухаан судалгааны хүрээлэнгийн “ТВС-2МС RA-2099G” загварын нис­дэг тэрэг Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрөх үедээ осолдсон аж. Улмаар нисдэг тэрэг нислэгийн зурвасаас 40-50 метрийн өндөрт хөөрч 35 дахь секүнтээс гэнэт өндрөө алдаж эхэлсэн байна.

Энэ үед онгоцны бүхээгт нислэгийн багийн хоёр гишүүнээс гадна техникийн хоёр ажилтан зорчиж явсан бөгөөд ямар нэг гэмтэл аваагүй аж. Мөрдөн шалгах комиссын урьдчилсан дүгнэлтэд “Ослын шалтгааныг шинж­лэн шалгах ажлын хэсэг нь ОХУ-ын иргэний агаарын хөлгийн осол, нислэгийн ослыг мөрдөн шалгах журмын 2.4.12 болон Олон улсын иргэний агаарын тухай конвенцийн 13 дугаар бүлгийн 7.4 дэх хэсэгт нийцүүлсэн” болохоо мөн дурьджээ. Дүгнэлтээр осол болсон өдөр цаг агаар тогтуун, салхи 7 м/с, үүлгүй, 18 хэмийн дулаан гэсэн мэдээллийг онгоцны нисэх багийн бүрэлдэхүүн диспетчерийн албанаас тухайн үед авсан байна. Шалгалтын үеэр нисдэг тэрэг нь нислэг үйлдэхээс өмнө техникийн ямар нэг эвдрэл гэмтэлгүй байсан нь нотлогдсон гэжээ.

Уг онгоцыг манай улсад олон талт байдлаар ашигла­даг болгох үүднээс ОХУ-ын “Сибниа” эрдэм шинжилгээний хүрээлэн­гийн таван инженерийн бүрэл­дэхүүн манай улсын нисэх хүчний инжене­рүүдтэй хамтарч “АН-2” онгоцонд бүрэн засвар хийж, олон талаар ашиглаж болохуйц хэмжээнд шинэ­чил­сэн “ТВС-2МС RA-2099G” загварын онгоц байжээ. Уг онгоц нь өнгөр­сөн тавдугаар сарын 22-ны өдөр анхны нислэгээ үйлдсэн бөгөөд энэ үеэр тенхикийн доголдол гараа­гүй аж. Харин хоёрдахь удаа­гаа нислэг үйлдэх үедээ ийнхүү осолджээ. Осолд­сон онгоцыг МИАТ-ийн баа­зад хадгалж байгаа тухай дээрх урьдчилсан дүг­нэл­тэд мөн дурьдсан байна. 

 

Үндэсний шуудан сонин