Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2017.10.20) хуралдаан 16 цаг 58 минутад 53.9 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудлыг хэхэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Хуралдаанаар эхлээд эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг сонслоо.

Төр засгаас түлш эрчим хүчний салбарыг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь болсон салбар гэж үзэж олон жилийн туршид, бүхий л бололцоогоор гадаад, дотоодын боломжит эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийж ирсний үр дүнд өнөөдөр 95 жилийн түүхтэй түлш, эрчим хүчний салбар улс орны эрчим хүч, дулааны өнөөгийн эрэлт хэрэгцээг найдвартай хангаж чадахуйц түвшинд хүрээд байгааг мэдээллийнхээ эхэнд Ерөнхий сайд тэмдэглэв. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем төвийн, өмнөд, баруун, дорнод, Алтай–Улиастайн гэсэн 5 эрчим хүчний системтэй, нийт 330 гаруй сум, сууринг бүхэлд нь найдвартай эрчим хүчээр хангаж, иргэд ая тухтай амьдрах, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх таатай боломжийг бүрдүүлээд байгаа аж.

Эрчим хүчний салбар 2016-2017 оны өвлийн улирлын их ачааллыг амжилттай давж, системийн нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж, 2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр энэ өвлийн хамгийн оргил ачааллыг авч ажиллан, системийн нийт ачаалал 1,2 гегаватт хүрснээс төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 994 мегаватт хүрсэн байна. Үргэлжлүүлэн тэрбээр дулааний эрчим хүчний үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүчний импорт, экспортын талаар болон салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Түүнчлэн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд эрчим хүчний салбарт хийгдэж буй ажлын талаар товч мэдээлэл өгсөн. Монгол Улсын Засгийн газраас 2016-2017 оны өвөл нийслэлийн гэр хорооллын тарифт тоолууртай айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар ашигласан цахилгааны хэрэглээг шөнийн цагаар 100 хувь хөнгөлөх шийдвэрийг гаргасан. Үүний дагуу 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар гэр хорооллын 114,5 мянган хэрэглэгчдэд 3.4 тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлтийг үзүүлээд байна.

 

Энэхүү арга хэмжээг 2017-2018 оны өвөл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, түүнчлэн аймгийн төв, томоохон сум, суурингийн айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлөх шийдвэрийг Засгийн газраас долдугаар сард гаргасан. 2017-2018 оны өвлийн улиралд гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнэ тарифын хөнгөлөлтөд 9.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. 2016-2017 оны өвлийн улиралд цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийг үзүүлснээр гарсан өөрчлөлт, үр дүнгийн талаар танилцуулж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр эрчим хүчний салбарт хийхээр төлөвлөөд буй ажлууд, тооцоо судалгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлгэрэнгүй танилцуулсан.

Мөн тэрбээр эрчим хүчний салбарт хийгдэж буй шинэ бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлээд, өсөн нэмэгдэх эрчим хүч, дулааны хэрэгцээг хангахын тулд нийслэл, аймгийн төвүүд, үйлдвэрлэлийн гол бүсүүдэд эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах сүлжээний хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх, нийслэлийн дулаан хангамжийг сайжруулах зэрэг ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, төлөвлөсөн цаг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай байгааг хэлсэн.

Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж танилцууллаа.

2015 оны сүүлчээр Улаанбаатарын III станцын чадлыг 50 МВт, 4 дүгээр станцыг 120МВт-аар нэмэгдүүлснээс хойш шинээр томоохон эх үүсвэр ашиглалтад оруулаагүйг тус санал, дүгнэлтэд дурдсан юм. Мөн Монгол Улсын эрчмийн салбарт үүсээд буй хүндрэлүүд, усан цахилгаан станц байгуулах хэрэгцээ, эрчмийн сэргээгддэг эх үүсвэрийн ашиглалтын дэлхийн чиг хандлагын талаар онцлоод сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиа эргэн харах цаг нь болсон гэдгийг төгсгөлд нь хэлсэн.