Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж бямба гарагаас хойш сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа эхэлсэн ч өнөөдөр өглөөний байдлаар олдоогүй байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Шадар сайдын өрөөнд 09.00 цагаас шуурхай хурал зарлалаа.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг Завхан аймгийн Отгон суманд ажиллаж байгаа. Сураггүй алга болсон 17 иргэдийг эрэн хайх ажиллагаанд одоогийн байдлаар Завхан аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Шүүх шинжилгээний газрын баг бүрэлдэхүүн, Говь-Алтай, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн нийт 70 орчим алба хаагч оролцож байна.

Шуурхай бүлгээс хамгийн сүүлд авсан мэдээллээр эрлийн баг бүрэлдэхүүн шөнө болж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул өглөө эрт эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхээр болж, үүрээр 05.00 цагийн орчмоос эхлүүлсэн байна. Харин сураггүй алга болсон аялагчид болон уулнаас бууж чадсан иргэдээс ямар нэг шинэ мэдээлэл хараахан ирээгүй байна. Сураггүй болсон аялагчид өчигдөр орой уулнаас гэрлээр дохио өгсөн гэх мэдээллийг харамсалтай нь ОБEГ-ын зүгээс няцаав. 
Дашрамд дурдахад, Монголын Уулчдын Үндэсний холбоо ОБEГ-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд аялагчдын ар гэрийнхэн, найз нөхөд нь урд шөнө Завхан аймаг руу хөдөлжээ.  

Төрийн тахилгат Богд Очирваань Отгонтэнгэр хайрхан нь Завхан аймгийн Алдархаан, Отгон сумдын нутагт 4031 м өндөрт оршдог. 
Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. 

БОАЖ-ын сайдын тушаалаар 2015 оноос хойш Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг хоригложээ. 

Н.Гантуяа