Ардын хувьсгалын 96 жилийн ойн наадмаар Г.Эрхэмбаяр аваргаар долоо даван заан цолтны эгнээнд багтсан Н.Жаргалбаярыг “Үргэлжлэл” буландаа урилаа. Түүнийг бөхийн хорхойтнууд  Г.Өсөхбаяр аваргын ид барилдаж байсан үетэй харьцуулж арслан аварга цолонд ойрхон бөх хэмээн үнэлдэг. Мөн улсын начин Д.Нэгдэлийн хүү гэдгээр нь уншигчид андахгүй биз ээ. Ээжийн талынхан нь нутаг усандаа алдартай “өндөр” Мичид гэх буурай байсан тухай тэрбээр дурссан. Энэ сарын 27-нд цолны мялаалгаа хийх гэж буй шинэхэн заантай ярилцсанаа хүргэж байна.            


-Ирэх жилийн наадмын бэлтгэл сургуулилт эхэлсэн ч хүчит бөхийн барилдаан гарах бүрт шимтэн үздэг бөх сонирхогчид өнгөрсөн жилийн баяр наадмыг дурсахгүй байх нь ховор байдаг. Энэ жилийн баяр наадам гэхэд харцага цолтнуудад ээлтэй байлаа? 
-Юуны өмнө танай сонинг шимтэн уншдаг Монголынхоо ард түмэнд энэ өдрийн мэндийг  хүргэе. Дараагийн баяр наадам хаяанд ирсэн байна. Цаг хугацаа маш хурдан өнгөрч байна. Бөхчүүд аль хэдийнэ бэлтгэл сургуулилтаа хангаж заал танхимын барилдаан эхэлж нэлээн жигдэрсэн байна. Нутгийнхаа аварга ахаар долоо давж заан гэх эрхэм цолонд хүрсэндээ маш их баяртай байгаа. Монголын ард түмэн монгол бөхийг шимтэн үздэг үзэгчид маань надад илүү их хариуцлага хүлээлгэж байгаа байх. Иймд заан цолондоо эзэн болж бэлтгэл сургуулилтандаа түлхүү анхаарч байгаа. Ер нь сүүлийн жилүүдэд харцага цолтнууд баяр наадамд, дээгүүр сайн барилдаж байгааг бөх сонирхогчид онцолж буйг хэдэнтээ сонссон. Энэ жилийн хувьд шөвгийн дөрвөн бөх нь дөрвүүлээ харцага цолтнууд. Эдгээр дөрвөн харцагаас арслан, гарьд, хоёр заан цолтон төрсөн. Миний хувьд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин олимпийн аварга Н.Түвшинбаяр ахтайгаа хамт заан цол хүртсэн болохоор их бэлэгшээж байгаа.    
-Аварга Г.Эрхэмбаяр зааны даваанд таныг түрүүлээсэй хэмээн тахимаа өгсөн байх. Баяр наадмын түрүү ойрхон санагдаж байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Төрийн наадмын өндөр даваанд үлдэж, шөвгийн дөрөвт үлдэнэ гэдэг бөх хүний хувьд торгон агшин байсан. Олон жил түрүүлэх бөхийн тааварт явдаг энэ цагийн хүчит харцагатай барилдаж шөвгийн дөрөвт үлдэнэ гэдэг бөх хүн бүрийн мөрөөддөг мөрөөдөл. Ямартай ч өөртөө тавьсан зорил-гынхоо нэгээхэн хэсэгт хүрсэн.
-Та өөрийнхөө бодож байс-наар барилдаж чадсан уу?
-Энэ жилийн хувьд цолоо ахиулна гэсэн зорилготой зодог-лосон. Улсын баяр наадам боло-хоос долоо хоногийн өмнө зүүн хөлөндөө бэртэл авч бэртэлтэй барилдсан. Бэртэл маань миний барилдаанд маш их нөлөөлсөн. Гэхдээ харамгүй сайхан барилдаж  цолоо ахиулсан. 
-Таныг гар амар заан цол хүртлээ гэх нэг хэсэг байсан. Нутгийнхаа залуу цолтой бөхийг дэмжин нутгийн бөх-чүүд тахимаа өгөх нь хэр оновчтой вэ, ер нь? 
-Сүүлийн үед таны ярьж байгаа зүйлийг бөхийн найраа гэх үгтэй холбож үндэсний бөхийн нэр төрийг унагах болсон. Үүнийг мөнгөөр даваа өгч авалцаж байгаа мэтээр харах болсон. Миний хувьд нэг нутгийн ахимаг настай бөхчүүд өөрийнхөө залгамж халааг бэлдэх үргэлжлүүлэх зорилгоор нутгийнхаа дүү нарыг дэмжиж байгаа гэж хардаг. Түүнээс биш хүмүүсийн ярьж буйчлан аманд багтахгүй их тоог мэдэхгүй, харж ч байгаагүй юм байна. Аливаа спорт залуу насаар гоёдог шүү дээ. Бөх хүн 12-30 нас хүртлээ ид барилддаг. Бүх насаараа барилдахгүй, энэ явцад хөгшрөх, бэртэж гэмтэх зэрэг асуудалтай тулгарна. Иймд нутгаасаа ирээ-дүй хойч үеэ бэлдэх маягаар нутгийн бөхөд тахимаа өгдөг юм болов уу гэж хардаг.
-Анх улсын баяр наадамд аймгийн хурц арслан цолтой барилдаж 2016 онд улсын харцага цол хүртсэн. Үндэсний бөхөөр нэлээн хожуу хичээл-лэж эхэлсэн юм билээ та?
-Би 2010 оноос хойш үндэсний бөхөөр хичээллэж, шамдах болсон. Анх 2010 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд үзүүрлэж сумын начин, 2011 онд Ерөө суманд түрүүлж сумын заан, 2012 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд тав даван начин, 2013, 2014 онуудад түрүүлж аймгийн арслан, хурц арслан цолыг  хүртсэн.  Анх 2015 онд улсын баяр наадамд зодоглож одоогийн улсын начин Д.Анарт гурвын даваанд өвдөг шороодсон. Дараа жилийн баяр наадмаар Ч.Хөхчирэнгэртэй тавын даваанд тунан барилдаж улсын харцага цол хүртсэн. Энэ жилийн баяр наадмаар заан цол хүртснээр цолоо ахиуллаа.
-Г.Эрхэмбаяр аваргаар до-лоо давахдаа та  зүүн мөрнөөс нь адис авч харагдсан. Энэ нь яах аргагүй хүндлэл байх. Тийм үү?
-Г.Эрхэмбаяр аварга маань монгол бөхөд байх ёстой жудаг, дэг жаягийг биеэрээ үзүүлдэг жинхэнэ эр хүн. Урьд нь Э.Оюунболд арслан бөхийн өргөөнд түүний мөрнөөс адис авсан, өнгөрсөн жилийн баяр наадмаар Ч.Санжаадамба аварга мөн адис авч харагдсан. Миний хувьд аварга, арслан цол хүртэх мөрөөдөлдөө хөтлөгдөн аварга ахынхаа мөрнөөс адис авсан. 
-Таны аав улсын начин Д.Нэгдэл. Тухайн үедээ хурдан шаламгай хөдөлгөөнтэй, шуудагнаас сайн барилддаг  байсан тухай сонсож байсан. Үндэсний бөхөөр хичээллэхэд аав тань нөлөөлсөн нь лавтай?
-Би өөрөө Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, Сэлэн-гийн унаган хүүхэд. Харин аав маань Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин цолтой хүн байдаг. Миний аав 1979 онд улсын арслан Ө.Эрдэнэ-Очир гуайгаар тав даван начин цол хүртсэн. Мэдээж аав маань барилддаг болохоор намайг барилдахад нөлөөлсөн. Аав маань барилддаг болохоор тэр юм уу багадаа бөх сонирхдог хүүхэд байлаа. Хүүхэд байхдаа баяр наадам, цагаан сарын барилдааныг зурагтаар алгасахгүй үзнэ. Аав маань үндэсний бөхөөр барилдаад зог-сохгүй чөлөөт бөхөөр барилддаг. Чөлөөт бөхийн олон улсын хэм-жээний мастер цолтой. Чөлөөт бөхөөр барилддаг болоод ч тэр үү хурдан шаламгай хөдөлгөөнтэй шуудагнаас сайн барилддаг байсан гэдэг. Бөхчүүд ярихдаа хоёр гар сайтай хэмээдэг. Мөн миний аав минь Эрдэнэт хотын “Хангарьд” ордны анхны дасгалжуулагч хийж байсан. 
-Ахмад бөх, аав хүний хувьд нэлээн зөвлөнө биз?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Өөрийн туршлага болон бөх хү-ний жудаг, биеэ хэрхэн авч явах, барилдааны бэлтгэл сургуулил-тад зааварлаж зөвлөгөө өгдөг. Миний дэмжигч, тусалж зааж сургадаг ачтан маань байгаа юм. Намайг анх бөхийн гал үзүүлж энэ спорт руу хөтөлсөн хүн манай сумын харьяат аймгийн заан, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Баатар-сүрэн гэж хүн бий. Мөн 2010 онд Сэлэнгэ аймгийн сумдаас 40 гаруй залуучууд бөх болъё хэмээх зорилготой “Алдар” спорт хороон дээр ирсэн. Бидний багшаар улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ажилласан учраас тэр хүн миний анхны багш.  
-Аав тань Увс аймгийн харьяат. Харин таны төрж өссөн нутаг Сэлэнгэ аймгийн Мандал сум  байх аа. Бага насаа дурсаач?
-Сэлэнгэ аймгийн  Мандал сум бусад сумтай харьцуулахад хүн ам ихтэй, дээрээс нь зам дагуу байрладаг болохоор харьцангуй хөгжсөн сум. Манайх сумын төвд өвөлждөг байсан. Хашаандаа төрөл бүрийн ногоо тарина. Зундаа хөдөө мал руугаа гарна. Бусад малчин айлын хүүхэд  ямар байдаг тэдэн шиг өссөн. Би арван жилд байхдаа их сахилгагүй, дэггүйтэж явдаг хүүхэд байлаа. Сурлагадаа тийм сайн байгаагүй ч олон нийтийн үйл ажиллагаа болон спортын арга хэмжээнд идэвхтэй оролцдог байсан. 
-Хоол унд багатай барил-дахад тамирдах уу?
-Сэтгэлээрээ тамирдахгүй байхад биеэрээ тамирддаггүй юм билээ. Сэтгэл санаагаараа  ядарч байна, зовж байна гээд байвал улам хүчгүй дорой болдог юм шиг ээ. Ядраагүй цатгалан байна гээд бодоод байвал хүч гараад л байх жишээтэй. 
-Сэлэнгэ аймгаар цоллуул-даг хэрнээ яагаад  “Увс нуур” дэвжээнд  бэлтгэл сургуулил-таа хангадаг юм вэ. Үзэгчид  янз бүрээр л ярьдаг юм билээ?
-Анх Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээнд бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан. Яагаад “Увс нуур” дэвжээнд харьяалагдах болсон гэхээр  миний аав уг дэвжээнд харьяалаг-даж,  барилдаж байсан бөх. Нөгөө талаараа олон мундаг бөх-чүүдтэй бэлтгэл, сургуулилт хийж өөрийгөө сорьж үзэх үүднээс аавтайгаа ярилцаж ийнхүү “Увс нуур” дэвжээнд бэлтгэл сургуулилтаа хийх болсон.  
-Таныг бөхийн хорхойтнууд Г.Өсөхбаяр аварга, М.Баяржавх-лан гарьдын ид үетэй ойр очих бөх гэдэг юм билээ. Ирээдүйн Г.Өсөхбаяр аварга гэх ч яриа гарах болсон? 
-Тийм мундаг аварга, гарьд хүмүүстэй намайг харьцуулж байгаад талархаж байна. Тэр мундаг бөхчүүдийн хэмжээнд хүртэл өөрийгөө дайчилж бэлтгэл сургуулилтаа хийхийг зорьдог. Зөвхөн сайн барилдахдаа гол нь биш,  монгол бөх гэдэг ямар байх ёстойг өндөр цолтой бөхчүүдээс мөн суралцдаг. 
-Бөхийн жудгийг та юу гэж ойлгодог вэ?
-Аливаа газар явахдаа бөхийнхөө нэрийг унагахгүйн төлөө биеэ зөв авч явах, ахмад бөхчүүдийг хүндэлдэг, хүнтэй зөв боловсон харьцах зэрэг нь багтах байх. Дээрээс нь өрсөлдөгч бөхөө хайрлаж хүндэтгэдэг. Хэ-дий дэвжээнд гараад миний өрсөлдөгч, бие биенээ өвдөг шороодуулдаг хэдий ч нэгнийгээ хайрладаг, хүндэлдэг байх хэрэг-тэй. Өрсөлдөгч бөхөө хайрлаж хүндлэх нь монгол бөхийн жудаг гэж бодож барилддаг.
-Та найраанд орж байсан уу?
-(Инээв). Заримдаа бэртэл гэмтлээс үүдэлтэй эмчийн магад-лагаа авахаар миний хөл гар болохгүй гэдэг ч юм уу, чи давчих гэх асуудал бол байна. Түүнээс биш яг найраанд орж мөнгө төгрөг авч, өгөлцсөн тохиолдол байхгүй. 
-Бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд болдог барилдаанд улсын цолтой бөхчүүдийг идэвхтэй оролцуулах үүднээс  30-34 насны бөхчүүд бүтэн жилийн хооронд зохион байгуулдаг барилдааны 50, 30-аас доош насныхан 70 хувьд нь барилдах ёстой хэмээн заасан. Шинэ журмыг дэмжиж байгаа юу?
-Маш зөв шийдвэр гэж харж байгаа. Сүүлийн үед бөхчүүд заал танхимд барилдахгүй, үзэгчгүй болсон. Том цолтой бөхчүүдийг  Монгол бөхийн өргөөнд ирж барилдахгүй болохоор үздэггүй хэмээн сонссон юм байна. Иймд үзэгчдийг татах зорилгоор ийнхүү шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Мөн насны ангилал заасан нь оновчтой санагдсан. Монгол бөхөд 35 нас ахимаг насанд багтана. Эдгээр хүмүүс өөрсдийн тааваар барилдах эрх нь бий. Харин залуу бөхчүүдийн хувьд бөхийн өргөөний барилдаанд уран гоё барилдаан үзүүлж үзэгчдийг баясгах үүрэгтэй. Нэгэнт л бэлтгэл сургуулилтаа  хийж байгаа учраас  барилдаан алгасахгүй барилдах нь зөв шүү дээ. Ингэснээр монгол бөхийн үзэгчид нэмэгдэж, үндэсний бөх өргөжин тэлэх байх. 
-Ам авна гэдэг хэцүү биз?
-Ахмад бөхчүүд ярихдаа ам авна гэдэг маш чухал гэцгээдэг. Ер нь ам авна гэдэг маш их ухаан зарах асуудал шүү. Өөртэйгээ барилдаан таарах уу, үгүй юу, энэ бөхтэй барилдахад өвдөг шороодуулах магадлал хэдэн хувь байх вэ гэх мэтчлэн зүйлийг тооцож багш дасгалжуулагчтайгаа ярилцаж ам авдаг. Ялангуяа улсын баяр наадмаар ам авна гэдэг маш чухал. Харин заал танхимын барилдаанд улсын баяр наадамд таарч болох гол өрсөлдөгч бөхчүүдтэй барилдахыг зорьдог.   
-Зарим бөхчүүд заал танхимын барилдаанд сайн барилдаж харин улсын баяр наадамд одгүй барилдах нь элбэг.  Барилдахад сэтгэлзүй чухал байх? 
-Тийм шүү сэтгэлзүй маш чухал. Дэвжээнд гарахдаа нэгийгээ давна гэх зорилготой барилддаг ч давна гэхээсээ илүү өрсөлдөгч бөхөө хайрладаг байх нь чухал хэмээн багш нар маань сургадаг. Хэдийгээр барилдаж байгаа  хоёр бөх өрсөлдөгч ч нэгийгээ хайрлаж, бэртээж гэмтээх вий, бөхийн жудаггүй зан гаргах вий гэдэг тал дээр илүү анхаардаг.  Миний хувьд ямар ч барилдаанд гарахдаа нутгийнхаа уул усыг бодож гардаг. Сэтгэл дагаад ч тэр юм уу, нутгийн уул ус хардаг юм шиг санагддаг. 
-Та хэр шүтлэгтэй вэ?
-Шүтлэггүй бөх хүн гэж бараг байхгүй байх аа. Ер нь хүмүүс бөхчүүдийг муухан ламаас дээр гэж ярьдаг. Нутгийн уул усандаа шүтэж залбирна. Чадах чинээгээр өргөл барьцаа өргөнө. Ер нь морь, бөх хоёр олны нүдэнд ил байдаг болохоор хэл ам ихтэй байдаг юм. Хэл амны жаргал зовлонг дааж явна гэдэг их хариуцлага. 
Ярилцлагын төгсгөлд тэрбээр доор дурдсан хамт олон, дэм-жиж тусалдаг компани, ойр дот-ны хүмүүст хандаж талархал илэрхийлсэн юм. Ихэнх сонин оруулахгүй хасдаг учраас заавал оруулж өгөхийг аминчлан гуйсан. Түүнчлэн “Бөх хүн амжилт гар-гахад цор ганц бэлтгэл хийгээд амжилт гаргахгүй нь тодорхой. Иймд танай сониноор дамжуулан талархаж явдаг хүмүүсээ онцолмоор байна. Миний анхны багш харцага Т.Өсөх-Ирээдүй, нутгийн аварга Г.Эрхэмбаяр, заан Д.Бумбаяр, “Увс нуур” дэвжээний дасгалжуулагч арслан  Б.Ганбат, Б.Гантогтох гарьд, заан О.Одгэрэл, хүндийн өргөлтийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр багш, надад тусалж дэмждэг найз нөхөд, гэр бүл, ойр дотны бүх хүмүүстээ, мөн ШШГЕГ-ын бие бүрэлдэхүүн, “Сүлд” биеийн тамир спортын хороо, Сэлэнгэ аймгийн ШШГЕГ-ын 413 дугаар ангийн хамт олон, нутгийн зон олон, Мандал сумын Засаг даргын Тамгын газар, дэвжээг маань дэмждэг бизнесмэн ах эгч нартаа болон Г.Төмөрбаатар даргатай Зорчигч тээврийн нэгтгэл “Авто-бус” баазын хамт олон, “Блю драго” компанийн хамт олонд баярлаж явдгаа илэрхийлье. Та бүхний дэмжлэгээр өдий зэрэгтэй явж байгаа” гэв.

Үндэсний шуудан сонин