Бөөн ухаангүй хүмүүс бол ард түмэн биш

 

"Манай Монголын хүний сайн нь ямар гээчийн сайн, муу нь ямар гээчийн муу юм бэ?" гэж хэн нэгэн халаглан дуу алдаж байсныг санаж байна.Үнэхээр энэ үг байн байн санаанд орж ирээд байдаг. Улс төр ч ялгаагүй, ерөөс бүх салбарынхан бие биеэ "нухахыг" мөн ч олон удаа харлаа даа.Эмгэнэлтэй...Гар, ухаан хөдөлгөж, ажил огт хийгээгүй нь сайн хүн болж, энэ Монголынхоо төлөө алдсан ч гэлээ үхэн хатан зүтгэсэн нь юутай муухай доромжлуулна вэ? Казакын үндэстний том сэтгэгч, соён гэгээрүүлэгч Абай Кунанбаев өнгөрсөн зууны эхээр "Хэн гэгч Сократыг хордуулж, Жан-Де-Аркыг шатааж, Христийг цовдолж, Мухаммедыг тэмээний сэвсэнд булсан билээ. Бөөн хүмүүс. Бөөн хүмүүст ухаан байдаггүй" гэж харуусан бичжээ.

Ард түмнээсээ оноо авах зорилго агуулаагүй бизээ, "АРДЫН" гэсэн тодотгол нэршилтэй У.Хүрэлсүхийн Засгийн газрынхан овоо зоригтой, овоо тэмүүлэлттэй, ерөөс зүтгээд өгье гэсэн шинжтэй ажилдаа орох шиг боллоо. "Гуя дагаж хүзүү" гэгчээр сулхан хүн ч шургачих шиг болов. Гэвч харья. Санаандгүй хүмүүс санаанд оршгүйг бүтээчихдэг удаатай.

"ТОЛПА" буюу БӨӨН УХААНГҮЙ хүмүүсийг ард түмэн гэж эндүүрч бодон дагаж намираад, тэдэнд хайртай хүмүүс болцгоож бүү жүжиглээсэй. "Ширүүндээ ширүүн, зөөлөндөө зөөлөн" байгаасай. Нударгагүй, зангараггүй төр нусаа хацартаа наасан ядар нэгнээс ялгаагүй. "Ажилд бүү садаа болоорой. Ард түмэн та нараас авах юмаа ч авна, хаях юмаа ч хаяна" гэж агуу Ата Турки тангараг тавиад шинэ Турк орныг цогцлоон байгуулж, хүчирхжүүлсэн. "Ард түмэн" гэдэг үг амтай болгоны аманд явдаг, хөлтэй болгоны хөлөөс дүүжлэгддэг амь тээгч, бамбай, халхавч биш. Зоригтой бай, шударга бай, золбоотойхон удирдаад аль л гэж байгаа юм. Нангиад хэлний гарамгай орчуулагч Доржсүрэнгийн Болдбаатар нэг удаа телевизээр ярихдаа, нэгэн хятад хүн надад "Манай хятадын дунд зэргийн удирдагч л танайхыг тэр дор нь өндийлгөөд ирнэ" гэж хэлсэн гэв. Үнэхээр эвгүй, хор шар хозоймоор үг байгаа биз. Уурсаад ч яахав. Дайсны үг ч ухаан мөн. Монгол хүн юугаараа дутдаг юм бэ? . Ер нь л манай бүх үнэт зүйлс хийсэн одож, оюун санаа, орон гэр гээп бүх зүйлс дампуурлын ирмэг дээр ирсээн. АРДААР нэрлэгдсэн Засгийн газрын нэг өдрийн ЧАРМАЙЛТ нь ч арддаа мэдрэгдээсэй. Тэгэж байж АРДЫН гэдэг нэрэндээ эзэн болно. 1ОО хоног дээр чинь та нарыг шүүх шиг шүүнэ шүү. Зүтгэвэл бага хугацаа ч биш: Одоо улс орнуудын хөгжил цахимийн хурдаар гялалзаж байна. Үзүүлээд өгвөл хэвтрээсээ дэгдсэн туулай шиг цахилаад өгнө. Асар их баялагийн эзэд асар муухай ядуу амьдардаг нь хаанахын ёс вэ? Бид хэдхэн хүнд, хэдэн айлд идүүлчихсэн. Одоо ч идүүлсээр байна. Яасан ханаж цаддаггүй ёроолгүй ходоодтонгууд вэ? .Авилгатай тэмцэнэ л гэнэ, ямар Хятад шиг хайр найргүй тэмцэж чадах биш дээ. Дүр эсгэсэн худал хуурмаг яриагаа больцгооё. Энэ сайхан орны эзэн болсон юм чинь жаахан гайгүй амьдраад, жаргалын үзүүрийг хараад, нуруугаа нэг тэнийлгэмээр байна шүү дээ. Манайх бол Хятадынхаар бол зөвхөн нэг хороо юм шүү. Баялагаар хахсан, бусад орны зэвүүцлийг төрүүлдэггүй, агуу түүхт найрсаг жижиг Монгол орон минь , юухан байхав дээ, зөв бодлого, зөв зарчмаар, зөв ухаанаар ядах юмгүй босоод ирнэ. Яарах хэрэгтэй. Зөв яарах хэрэгтэй. Тэгэхэд хийсэн, эхлүүлсэн "хонгилын үзүүрт гэрэл харагдсан" барьцтай юмтай, нүүр бардам байвал монгол төр засаг овоо доо гэсэн гялбаа олон түмний сэтгэлд гялсхийгээсэй. Энэ Монгол сэргэх учиртайсан. Бодсоноо бохиролгүй хийж, санаснаа саадгүй хийж, мөрөөдсөнөө мөнгө баялаг болгоод, халаасандаа мөнгөгүй, мөрөндөө олигтойгүй, ходоод өлмөн цөлмөн орныг чинь ийм болгочихлоо шүү гээд Сингапурын Ли Куан-Юү шиг гараад ирэх эзэд нь хаа байнаа??? Шударга шулуун үзэж тараад өнөөдөр жигшигдэж хараалгах нь буян юм, бурхан харж байгаа.. Түүх чамайг өнөөдөр ялласан ч, маргааш гавьяаг чинь дурсаж хөшөө босгоноо, аавын зоригт хөвгүүд, охид оо.

 

Сэтгүүлч До.Цэнджав