Сайхан хамт олон дотор нэг эвгүй нөхөр ороод ирэхэд л төд удалгүй төвөгшөөмөөр харьцаа бий болдог.
.
Муухай харалцсан, дуу шуугүй хамт олон дотор нэг гэрэлтсэн нөхөр ороод ирэхэд л бие биерүүгээ нууцхан инээмсэглэж, эв инээдийг ямар ихээр үгүйлж байснаа мэдэрдэг.
.
Ялангуяа манай өнөө цагт ийм нийгэмдээ гэрэл гэгээ тусгах хүмүүс их үгүйлэгдэж байна даа. Ядахдаа л авто зам дээр бүгд шахам бие биедээ хонзонтой мэт л аашилцгаах. Эгнээ шилжих дохио өгөөд байхад л сигналдаад дайраад байх. Адилхан дайралцаж байж л эгнээ солихгүй бол хүлээгээд нэмэргүй шахам. Яг л нэгнээ "Хохь нь" гэж буй мэт ямар мунхаг хонзогнуур хүйтэн аашилна вэ? Тийм атлаа урдуураа нэг машин оруулчихаар, араас байж ядтал сигналдаж, цонхоо онгойлгон хашигчих нь байх. Нэг нэгээрээ сүлжээд орчихно гэж ёстой үгүй. Цэцэрлэгийн хүүхдэд ч заагаад өгчихөд уг нь болчихмоор л энгийн дүрэм л дээ. Тэр бүү хэл улаан гэрэл дээр хүртэл араас уурсан орилуулах.
Олон нийтийн сүлжээнд бүр ч тод харагдана. Аятайхан явж байтал нэг хэрүүлж орж ирээд л бөөн хэрүүл. Хэрэлдэж, нэг нэгнээ гутаан доромжилж байж таашаал авдаг юм шиг хачин гайхалтай санагдах... Ийм байдлыг Сэтгэлгээний ядуурал гэдэг санагдана.

Б.Наминчимэд