Засгийн газрын нэрлэсэн өрийн үлдэгдэл 2017 оны эцэст 24,914.8 тэрбум төгрөг болно
2017/10/28
Улсын Их Хурлын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулан өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн ДНБ-д харьцуулсан харьцааг 2016 оны төсвийн жилд 88.0 хувиас, 2017 оны төсвийн жилд 85.0 хувиас, 2018 оны төсвийн жилд 80.0 хувиас, 2019 оны төсвийн жилд 75.0 хувиас, 2020 оны төсвийн жилд 70.0 хувиас, 2021 оны төсвийн жилээс эхлэн 60.0 хувиас тус тус хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан. Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагын 2016 оны гүйцэтгэл, 2017 оны төсөөлөл дараах байдалтай байна.
Засгийн газрын өрийн үлдэгдэл 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 22,280.1 тэрбум төгрөг байгаа ба өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн үлдэгдлийн ДНБ-д харьцуулсан харьцаа 78.8 хувьтай тэнцэж байна.
Засгийн газрын нэрлэсэн өрийн үлдэгдэл 2017 оны эцэст 24,914.8 тэрбум төгрөгт хүрч, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн өрийн үлдэгдлийн ДНБ-д харьцуулсан харьцаа 74.8 хувьд хүрэх төсөөлөлтэй байгаа аж.
Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагад тусгагдсан үзүүлэлтүүд нь тайлант хугацааны эцсийн төгрөгтэй харьцах гадаад валютын албан ханш, оны үнээр илэрхийлсэн ДНБ-ний хэмжээ, Засгийн газрын шинээр хийх зээллэг, зээллэгийн эргэн төлөлт болон өрийн удирдлагын бодлого, зохицуулалтын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс хамаарч өөрчлөгдөх магадлалтай юм.
Засгийн газрын зээллэгийн хүүгийн төлбөрт 2017 оны батлагдсан төсвийн тодотголын хүрээнд 1,201.8 тэрбум төгрөгийг төлөхөөр тооцсон бол төсвийн тодотголоор 1,156.7 тэрбум төгрөг болж байна.
Засгийн газрын богино хугацаат дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн хүүгийн хувь оны эхнээс 6-6.3 хувиар, дунд хугацаат үнэт цаасны анхдагч зах зээлийн хүүгийн хувь оны эхнээс 2.9-4.3 хувиар буурснаас шалтгаалан Засгийн газрын дотоод зээллэгийн үйлчилгээний төлбөр төлөвлөснөөс 26.0 тэрбум төгрөгөөр хэмнэгдэж, 582.6 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлөгдөхөөр байна.
Засгийн газрын гадаад зээллэгийн үйлчилгээний төлбөрийн хувьд гадаад валютын ханшийн бууралт, ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хоёр болон олон талт зээлдүүлэгчид (гадаад орон, олон улсын банк санхүүгийн байгууллага)-ээс төсвийн дэмжлэг хэлбэрээр олгогдох хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн эх үүсвэрийн ашиглалт хойшилсонтой холбоотойгоор 19.1 тэрбум төгрөгөөр буурч, 574.0 тэрбум төгрөгийн төлбөр төлөгдөхөөр байна.