Баянзүрх дүүргийн 14 дүгээрхорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөнийн зах” худалдааны тавд байрлах “Хаан” банкийг энэ сарын 8-ны өдөр багтай этгээдүүд дээрэмдэхийг завдсан талаарх мэдээллийг бид цаг алдалгүй хүргэсэн. Сэжигтнүүд гурвуулаа байсан бөгөөд нэг нь гадаа үлдэж, хоёр нь дотогшоо орж буй дүрс бичлэг камерт үлджээ. Тэд банкнаас мөнгө дээрэмдэж чадалгүй оргон зайлсан ч гэмт этгээдүүдийг цагдаагийн байгууллагынхан шуурхай ажилласны үр дүнд саатуулсан байна. Сэжигтэн этгээдүүд нь 17-19 насны залуус байжээ.

 

 

Банк дээрэмдэхийг завдагсдын нэг нь ЕБС-ийн сурагч байжээ

 

Болсон үйл явдлйг тоочвол тухайн өдөр “Шөнийн зах” худалдааны тавд байрлах “Хаан” банк 22 цаг хүртэл ажиллах хуваарьтай байжээ. Гэвч 19.30 цагийн үед гэнэт баг өмссөн хоёр буутай хүмүүс орж ирэн ажилтнууд руу нь буу тулгасан дээрэм хийхийг завдсан байна. Банкны ажилтнууд болон хамгаалагч нь хэдийгээр сандарт тэвдсэн ч цагдаагийн байгууллагад дуудлага өгч амжжээ. Гэвч цагдаагийнхан ирэхэд тэд зугтаж амжжээ. Улмаар цагдаагийнхан банкийг хамгаалалтадаа авч гэмт этгээдүүдийн хойноос тасралтгүй мөрдсөөр  энэ сарын 9-ны өдөр буюу өчигдөр 11 цагийн орчимд  гэр гэрээс нь баривчилсан байна.

 

 

Сэжигтэн этгээдүүд нь 17-19 насны залуус байсан талаар дээр дурдсан. Тодруулбал Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугч Г, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны оршиг суугч 19 настай М, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух 17 настай Э нар байсан байна. 19 настай Г нь нийслэлийн 14 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч бол М нь Сан дээд сургуулийн оюутан гэх мэдээлэл байна.

 

Хэрэг яагаад үйлдэх болсон талаараа тэд “ Бид хүсэл сонирхол нэгтэй найзууд. Гэмт хэрэг үйлдэх нь, баригдах болов уу яах бол гэж айж байсан ч мөнгө их хэрэгтэй байсан болохоор дээрэм хийхээр шийдсэн. Ажил хийж мөнгө олох гэхээр насанд хүрээгүй гэдэг” гэсэн бол 19 настай нийслэлийн 14 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г нь “Найздаа л туслах гэсэн юм. Sunday худалдааны төвөөс үрлэн сумтай буу авсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэх мэдүүлгийг өгчээ.  Харин 17 настай Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн бөгөөд насанд хүрээгүй учир асран хамгаалагчийг нь байлцуулан байцааж байгаа гэнэ.  Тэдэнд эрүүгийн хуулийн 17.2.2.-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Уг заалтад “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг аж. Энэ хэргийн талаар “Халдлага болсон байгууллагад болон байгууллагын ажилчдад ямар нэгэн хохирол учраагүй” хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 

 

Банк дээрэмдэх хэргүүдийн талаар...

 

 

Манай улсад банк дээрэмдэх гэмт хэрэг нэлээн өсөх хандлагатай болж буйг дараах мэдээллүүдээс харж болно. Иргэдийн хувьд холливиудын кино хэт их үзсэнээс болж ийм үйлдэл гаргалаа гэх нэг нь байхад эдийн засаг хямарсан үед иргэд ийм сонголт хийж байна шүү дээ гэх хүмүүс ч байна. 2004 оноос хойших банк дээрэмдсэн хэргүүдийг харахад ийм төрлийн гэмт хэрэгт өртөөгүй банк бараг л олдохгүй нь.

 

 

 

2004-2005 оны үед “Анод” банкны “ТБД Андууд”  дэлгүүрийн дэргэдэх салбарт зэвсэглэсэн этгээд халдаж,  хамгаалагчийг нь шархдуулаад 125 сая төгрөг дээрэмдэн зугтсан хэрэг гарч байсан билээ. Уг хэргийг одоо хүртэл илрүүлж чадаагүй гэдэг. Мөн одоогоос дөрвөн жилийн өмнө “Голомт” банкин дахь хадгаламжаасаа мөнгө аваад гарч явсан хүнийг тоосгоор цохиж дээрэмдсэн хэрэг гарч байсан. Цагдаагийнхан гэмт этгээдийг баривчлах үед тэрбээр бараг л бүх мөнгийг нь үрчихсэн, хадамдаа машин, өөрөө байр, машин авсан нь тогтоогдож, эд мөрийн баримтаар тэднийг хурааж авсан байдаг.

 

Мөн 2012 онд Налайх дүүрэгт байрлах “ХААН” банкны салбарт хоёрдугаар сарын 3-нд  галт зэвсэгтэй этгээд орж, хоёр иргэнийг буудаж гэмтээсэн гэмт хэрэг гарсан.  Түүнчлэн 2013 онд “Хадгаламж” банкны Замын-Үүд дэх салбарт буу барьсан эмэгтэй халдаж, теллерийн дэргэд өрөөстэй байсан мөнгөнөөс гурван сая авч зугтахдаа хоёр боодлыг нь унаган сая төгрөгтэй гарсан.  Хэд хоногийн дараа уг эмэгтэйг олж саатуулсан юм.

 

Түүнээс хойш нэг хэсэг банкинд халдсан гэмт хэрэг бүртгэгдэхгүй байсан ч 2015 онд дарааллан хэд хэдэн хэрэг гарсан удаатай. Тодруулбал гуравдугаар сарын 7-нд Баянзүрх дүүргийн  25 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Капитрон” банкинд мөн л зэвсэглэсэн этгээд халдаж, мөнгө авч зугтсан ч хамгаалагч нь хойноос нь гүйж цүнхнээс нь барьж авснаар гэмт этгээд баригдалгүй, банк хохиролгүй үлдэж байсан бол 12 дугаар сарын 12-ны өдрийн  10.00 цагийн үед Худалдаа хөгжлийн банкны “Таван шар” тооцооны төвд зэвлэгсэн этгүүдэд халдаж 380 орчим сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан. Уг хэргийг ах дүү болох Э, Б залуус хийсэн бөгөөд ихээхэн хэмжээний өрөнд орсон тул банк дээрэмдэхээр болсон хэмээн мэдүүлсэн байдаг.

 

Мөн үүнээс хэдхэн хоногийн дараа буюу 24-нд дахин ийм төрлийн гэмт хэрэг гарсан нь Хан-Уул дүүрэгт байрлах “Капитал” банкны салбарт гарсан хэрэг. 180 см орчим өндөртэй 25-30 орчим насны эрэгтэй халдаж 14 сая орчим төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан. Харин өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэгт  Төрийн банк өртсөн түүхтэй. Баруун дөрвөн замд байрлах Төрийн банкны орчимд хоёр этгээд галт зэвсэг ашиглан дээрэм хийсэн хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагынхан сэжигтэн этгээдийг эрэн сурвалжилж баривчилсан. Мөн хэргийн газраас эд мөрийн баримтаар тоглоомон буу болон бууны цаасан хайрцаг хураан авсан.

 

Мөн оны наймдугаар сард Дорноговь аймгийн Мандах суманд байрлах Хаан банкны тооцооны төвд зэвсэглэсэн этгээдүүд халдаж, дээрэм хийсэн. Тодруулбал Дорноговь аймгийн Мандал суманд байрлах “ХААН” банкны тооцооны төвд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нүүрээ халхалсан, галт зэвсэг, хутгаар зэвсэглэсэн 2 этгээд халдаж бэлэн мөнгө, эд зүйл дээрэмдсэн хэргийг МБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн газар, Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллаж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн баривчилсан. Багтай зэвсэглэсэн этгээдүүд 23.2 сая төгрөгийг тус банкнаас дээрэмдэн зугтсан. Тэднийг баривчлах үед 10 гаруй сая төгрөг бэлнээр хурааж авсан байдаг.

 

 

Дээрмийн хэрэгт холбогдвол 5-20 жилийн хорих ялаар шийтгүүлдэг

 

 

Дээрмийн гэмт хэрэг нь онц хүнд гэмт хэрэгт тооцогддог. Хэрвээ та хэн нэгэнд халдаж, энэ төрлийн гэмт хэргийг үйлдвэл, цаашлаад бүлэглэн үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ. Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 147-р зүйлд 5-20 жилийн хугацаатай хорих ял эдлүүлнэ гэж заажээ. Тодруулбал:

 

 

“147.1. Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

147.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

147.3. Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.

 

  24tsag.mn