Иргэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагаа байх ёстой зүйл мэтээр бодож тэвчин өнгөрүүлдэг. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл нь тэвчин өнгөрүүлэх зүйлл биш бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн онцлог, хэлбэр нь дараах байдлаар ангилагддаг. 

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог: Энэ нь нэг удаагийн санаандгүй үйлдэл бус харин дахин давтагдах, даамжрах шинжтэй байдаг. 

  •  Дахин давтагддаг учраас биеийн болон сэтгэл санааны асар их дарамтыг учруулж, бие хүнийг хөнөөж байдаг. 
  • Хүчирхийлэл үйлдэгч хохирогчийг эрхшээлдээ оруулах, хяналтаа тогтооход төрөл бүрийн аргуудыг ашиглан үйлэгддэг байна. Энэхүү үйлдэл нь төлөвлөгдсөн ухамсарт санаатай үйлдэл байдаг. Ойр дотны хүмүүсээ хүчирхийлж байгаа энэ зан үйлээ бусдад гаргадаггүй нь хүчирхийлэл үйлдэгч өөртөө хяналт тавих чадвартайг харуулдаг.

Хэлбэрүүд: Бие махбодын хүчирхийлэл: ГБХТТХ-ийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг

Сэтгэл санааны хүчирхийлэл: ГБХТТХ-ийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг. 

Бэлгийн хүчирхийлэл: ГБХТТХ-ийн 3 дугаар зүйлд заасан этгээд эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг

Эдийн засгийн хүчирхийлэл: ГБХТТХ-ийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг хэлнэ. 

Тиймээс иргэд гэр бүлийн хүчирхийллээс өөрийгөө болон өрөөлийг хамгаалж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.